Дэлхий нийтээр..
#COP17 яагаад түүхэн боломж вэ?
Түүхэн боломж гэж тодотгосон учир юу вэ? НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP. 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 190 гаруй орны дунджаар 8.0-10 мянган хүн Монгол Улсаар, монголчуудаар амьсгална. Тэрчлэн монгол хүн бүр энэ хурлын зочид, оролцогчид. Газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах томоохон хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэнэ.
Дэлхийн бусад оронтой харьцуулахад уур амьсгалын өөрчлөлт Монголд илүүтэй нөлөөлж байгаагаас экологийн доройтол, цөлжилт хэтдээ Монгол орны нийт газар нутгийг бараг бүхэлд нь хамрах хэмжээнд хүрч болзошгүй байгаа юм. Судалгаагаар, манай орны нийт газар нутгийн бараг 77 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам нэмэгдсээр байна.
Бид дэлхийн том гүрнүүд, олон улс оронтой харьцуулахад ердөө 3,6 саяуулаа. Иймдээ ч улс орондоо эзлэх байр суурь, үүрэг хариуцлагаараа бусдаас өөр. Үнэндээ бидний эдлэх эрхээс илүүтэй нийгмийн тогтвортой амьдрал, хүн төрөлхтөн оршин тогтнох, эсэх байгаль орчноо хамгаалахтай салшгүй холбоотой. Тэгвэл 3,6 сая хүний нэг болж төрсөн та, би, бид бүгд эцэг, эхээ хайрладаг шигээ байгаль орчноо хамгаалж, үр хойчдоо эрүүл дэлхийг үлдээх учиртай.
НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орон Монголд COP17 хурлыг зохион байгуулахыг сайшаан хүлээж авсан. Тууштай дэмжиж ажиллана гэдгээ НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн төлөөллүүд, төсөл, хөтөлбөрийн удирдагчид албан ёсоор мэдэгдсээр байна. Монгол Улс энэ итгэл, хүлээлгэсэн хариуцлага, боломжийг нэр төртэйгөөр гүйцэтгэх, эсэх дан ганц төр, засгийн ажил, зорилго биш. Монголоор овоглодог хэн бүхэнд хамаатай асуудал. Энэ бол зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудал биш, өнөө хийгээд ирээдүй хойчдоо тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хөрөнгө оруулалт юм.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
