Дэлхий нийтээр..
Х.Нямбаатар: Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар болоод ирэх оны төлөвлөгөөний талаар танилцууллаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотын агаарын бохирдол энэ өвөл 23 хувиар буураад байна. IQAir гэж дэлхийн хотуудын агаарын чанарыг судалж, мэдээлдэг систем байдаг. Бид өнгөрсөн жилүүдэд Пакистан, Энэтхэг, Хятадын хотуудын дараагаар буюу их бохирдолтой хотуудын тоонд орж тус жагсаалтын дөрөвдүгээрт эрэмбэлэгдэж байлаа. Харин өнөөдөр 19-т жагсаж байна. Ирэх онд бид энэ амжилтаа ахиулна. 2026 онд агаарын бохирдлыг бууруулах хүрээнд авах арга хэмжээний талаар холбогдох бичгүүдээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд хүргүүлээд байна.
Нэгдүгээрт, Улаанбаатар хотод 2200 гаруй нам даралтын зуухтай айл бий. Эдгээр нам даралтын зуухтай айлыг хийн хэрэглээнд шилжүүлэхээр төлөвлөж, ТЭЗҮ-ээ боловсруулаад явж байна. Мөн 130 орчим уурын зуух бий. Эдгээр уурын зуухыг хийн хэрэглээнд шилжүүлснээр агаарын бохирдол мэдэгдэхүйц буурна гэж үзэж байна. Мөн олон улсын байгууллагуудтай уулзахаар төлөвлөж байна. Энэ жил таван мянган айлыг газын хэрэглээнд шилжүүлж байна. Үүний дараа 50 мянган айлыг хийн хэрэглээнд шилжүүлэх зорилготой байна. Ингэснээр агаарын бохирдол мэдэгдэхүйц буурна. 50 мянган айлыг хийн түлшинд шилжүүлэхэд их зардал гарна. Айлуудыг дулаалах ёстой. Энэ жил бид таван мянган айлыг дулаалах ажлыг хийж дууссан. Дулаалга бол агаарын бохирдолтой тэмцэх эхний арга. Үүний дараа хийн төхөөрөмжөө суурилуулах ажлаа хийж байна. Хоёрдугаар сар гэхэд энэ ажил дуусахаар байна.
Монгол Улс анх удаагаа олон улсын карбоны зах зээлд карбон кредитээ худалдсан. Энэ жил таван мянган айлыг нүүрсний хэрэглээнээс татгалзуулж чадсанаараа карбон кредитийн оноогоо авч, баталгаажуулаад хийн төхөөрөмж худалдан авч буй компанид карбон кредитээ зарсан. Агаарын бохирдлын том шалтгаан нь түгжрэл юм. Машины яндангаас хүнд элементүүд ялгарч байдаг. Ирэх жил зам дагуу ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ” гэлээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
