Дэлхий нийтээр..
"Сургуулийн эргүүлийн ажиллах журам"-д өөрчлөлт оруулах талаар хэлэлцлээ
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 177-р тогтоолоор батлагдсан “Сургуулийн эргүүлийн ажиллах журам”-ын хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах чиг, үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүний анхдугаар хурал боллоо. Ажлын хэсгийн хурлыг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан, төлөөлөгч Ж.Батбаясгалан, Д.Жавхлан нар цахимаар оролцлоо.
Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч Т.Наранзул, ТЦА-ны Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Т.Мөнхсүлд, Нийслэлийн Боловсролын газрын Хүүхдийн хөгжил, хамгаалал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнх-Эрдэнэ, Монголын сурагчдын холбооны зөвлөх О.Сэлэнгэ, Нийслэлийн ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны ахлах ажилтан Ц.Ууганнаст зэрэг албаныхан оролцож, холбогдох санал дүгнэлтээ хэллээ.

Цагдаагийн 102 дугаарт зам тээврийн осолд хүүхэд өртсөн дуудлага улсын хэмжээнд 2024 онд 1230 бүртгэгдсэн 2025 онд 948 болж буурчээ. Гэвч үүний дийлэнх хувийг нийслэлд, тэр дундаа ерөнхий боловсролын сургууль орчимд гарч буй зам тээврийн осол эзэлж байгаа аж. Тодруулбал, 2025 оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургууль орчимд явганаар 376, тээврийн хэрэгслээр зорчиж байх үедээ 98, унадаг дугуй болон цахилгаан дугуйгаар зорчиж байх үедээ зам тээврийн осолд өртжээ. Дүүргээр нь ангилбал Баянзүрх дүүрэгт 148, Хан-Уул дүүрэгт 126, Сонгинохайрхан дүүрэгт 102, Сүхбаатар дүүрэгт 92, Баянгол дүүрэгт 88, Чингэлтэй дүүрэгт 50 бүртгэгдсэн байна.
Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургуульд өдөрт 2 ээлжээр “school police” эцэг эхийн эргүүлээр 1800 гаруй эцэг эх, асран хамгаалагч ажиллаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын 2024 оны А/1198, 2025 оны А/1553 дугаар “Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу Нийслэлийн ерөнхий боловсролын 332 сургууль, 613 цэцэрлэгийг хамруулан 39.741 дарцгийг 1383 цэгт байршуулж, хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх сургалт нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж ажилласан байна.
Хэдийгээр дээрх үйл ажиллагааг холбогдох байгууллагууд хэрэгжүүлж байгаа ч сургууль орчим дахь зам тээврийн ослын эрсдэл болон сургуулийн эргүүл буюу school police-той холбоотойгоор журамд өөрчлөлт оруулах зайлшгүй байгаа талаар албаныхан онцолж төлбөртэй school police хийх явдалд хяналт тавих, холбогдох заалтыг тодорхой болгох нь хүүхдийн хулгай зэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн эргүүл хийж буй эцэг, эхэд ажлаас нь хагас өдрийн цалинтай чөлөө олгож байгааг бүтэн өдөр болгох зэрэг бусад саналыг ч мөн гаргалаа. Улмаар Ажлын хэсгийн бүрэлдэхүүн дараагийн хурлаар дээрх санал, дүгнэлтийг нэгтгэхээр боллоо.
Эх сурвалж: НИТХ-ХМОНХА
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2024/01/10
Зудын эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлэхэд НҮБ-тай хамтран ажиллана
-
Чөлөөт бүс2024/05/06
Хачигт халдварын идэвхжлийн үед анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна
-
Үйл явдал2019/10/17
ШУУД: НАМЭХ-ны ээлжит VII чуулганаас...
-
Дэлхий нийтээр..2024/08/08
Бага ангийн сурагчдыг харандаагаар бичүүлэхийг зөвлөж байна
