Дэлхий нийтээр..
Х.Нямбаатар: Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, агуулгыг сайжруулах санал, санаачилгыг дэмжинэ
Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хүртээмж, чанар стандартыг сайжруулах хүрээнд баримталж буй бодлого, “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэхээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит ерөнхий боловсролын 160 гаруй сургуулийн захиралтай уулзлаа.

Хотын дарга Х.Нямбаатар “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр 85 сургууль, цэцэрлэг баригдаж буй. Үүнээс энэ онд нийслэлээс 14 сургууль, цэцэрлэг барина. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн хангаж байгаа юм. Цаашид өмнө нь баригдсан хуучин сургуулиудад их болон урсгал засвар хийх, сургалтын чанар, агуулгыг сайжруулах бодлогыг баримтална. Тодруулбал, Сонгинохайрхан дүүрэгт математик, хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиудыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Мөн Сэлбэ 20 минутын хотод таван сургууль барихаас гурав нь төрөлжсөн, гүнзгийрүүлсэн сургалттай байх юм. Энэ мэт бусад дүүргүүд сургалтын чанарыг нэмэгдүүлэх санал, санаачилга дэвшүүлбэл хэрэгжүүлэх боломжтой” гэв.
Мөн “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрийн хүрээнд сүүний үйлдвэрүүд хариуцсан сургуулиуддаа савтай сүү байрлуулж, дуусахаар нь саваа сольдог байдлаар явбал үр дүнтэй. Ингэснээр хог хаягдал багасах, савлагааны нэмэлт зардал гарахгүйгээс гадна хүүхдүүд аягандаа сүү уух боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо.

Харин нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлуудын зүгээс “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтайг дурдан, тус хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой эсэхийг тодруулав. Түүнчлэн багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах хүрээнд орон сууцны асуудлыг шийдвэрлэх, хоол, унааны нэмэгдэл цалин хөлсийг нэмэх, залуу боловсон хүчнийг дэмжих, ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, орон тоог батлах зэрэг хүсэлтээ уламжилсан юм.

Уулзалтын төгсгөлд хотын дарга Х.Нямбаатар “Сүүн дархлаа” зорилтот хөтөлбөрт тусгай хэрэгцээт сургуулийн бүх хүүхдийг хамруулах боломжтой гэв. Мөн өгсөн хүсэлтийг хүлээн авч, нийслэлээс хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрт тусгах, холбогдох яамд нь уламжлах зэргээр бүх талаар харилцан дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/08/23
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлд анхаарч байна
-
Үйл явдал2023/10/13
Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
-
Үйл явдал2025/08/06
Улаанбаатарт өдөртөө 26 хэм дулаан
-
Чөлөөт бүс2021/09/24
Олон улсын хөлбөмбөгийн холбоо 201 сая гаруй ам.долларын нөхөн төлбөр авна
