Дэлхий нийтээр..
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Ойрх Дорнодын бүс нутгаас эх орондоо буцах хүсэлтэй иргэдээ авчирсан Агаарын хөлгийн дарга Цэнд-Аюушийн Ганбаатараар ахлуулсан нисэх багийнхныг Ерөнхий сайд Г.Занданшатар хүлээн авч уулзан, Монгол төрийн өгсөн үүрэг даалгаврыг амжилттай гүйцэтгэсэн баатарлаг үйлстнүүдээрээ бахархаж буйгаа илэрхийллээ.
Монгол хүн хүнд хэцүү үе тохиоход эх орон руугаа тэмүүлдэг сэтгэлийн дуудлагатай. Монголын төр, засаг иргэдээ хамгаалж, эх орондоо эсэн мэнд авчрах үүрэгтэй. Энэ бол улс орны тусгаар тогтнол, эв нэгдлийн илэрхийлэл юм гэдгийг Ерөнхий сайд хэлээд, энэхүү нислэг бол зөвхөн тээвэрлэлт бус Монгол Улс иргэдийнхээ төлөө ямар ч эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддаг гэдгийг харуулсан бахархалт үйл явдал гэдгийг онцлов.

Мөн “Улаанбаатар-Дубай-Улаанбаатар” чиглэлийн нислэг нэг талдаа 7800 км агаарын зам туулж, 22 цаг үргэлжилсэн нь нисэх багийн ур чадвар, авхаалж, баг хамт олны хамтын ойлголцол, эв нэгдлийг харууллаа.
2026 онд “МИАТ” компанийн 70 жилийн ой тохиож буй. Монгол Улс энэ онд нэг сая жуулчин хүлээж авна гэж төлөвлөсөн. “МИАТ” компани 70 жилийн ойдоо онцгой амжилт гаргаж, нислэгийнхээ тоог нэмэгдүүлж, үйлчилгээний чанараа сайжруулж ажиллана гэж итгэж байна гэлээ.
Ойрх Дорнодод үүсээд буй дайны нөхцөл байдлаас шалтгаалан зарим улс орон агаарын замаа хааж, олон улсын нислэгүүдийг хязгаарласан учир улс орнууд боломжит байдлаар иргэдээ татан авч байна. Тус бүс нутгаар зөвхөн хүмүүнлэгийн болон нүүлгэн шилжүүлэлт хийх, гадны улс орнууд иргэдээ татан авах зэрэг онцгой үүргийн нислэг үйлдэгдэж буй юм.

Монгол Улсын Засгийн газар дайны эрсдэлтэй бүсээс иргэдээ татан авах шийдвэр гаргаж, Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК тусгай үүргийн эхний нислэгээ үйлдсэн. Тус нислэгээр Монгол Улсын 91 иргэн эх орондоо ирээд байна.
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотоос Хятад, Мьянмар, Бангладеш, Энэтхэг, Оман зэрэг улсаар дайран өнгөрчээ. Тухай бүрд нь онцгой байдлын горимоор нислэгийн холбогдох зөвшөөрлүүдийг авч ажилласан бөгөөд уг ажиллагааг Монгол Улсын Гадаад харилцааны яам, Зам, тээврийн яам, бүс нутаг дахь Монгол Улсаас суугаа Элчин сайдын яамд болон United Arab Emirates Air Force, мөн Иргэний нисэхийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж ажиллажээ.






Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
