Дэлхий нийтээр..
Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг эхлүүллээ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, The Nature Conservancy, Монголын Байгалийн Өв Сан хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй хамтран Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) замын зураг стратегийн баримт бичгийг боловсруулах ажлыг албан ёсоор эхлүүлж, эхлэлийн семинарыг 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын байгаль хамгааллын чиглэлээр олон улсын гэрээгээр хүлээсэн үүрэг, үндэсний урт болон дунд хугацааны бодлогын хэрэгжилтийг хангах хүрээнд ТХГН-ийн тогтолцоог бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг сайжруулах, цаашдын ТХГН-ийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, олон улсын жишигт нийцсэн замын зураг боловсруулах ажлын эхлэл юм.
Замын зургийн баримт бичгийг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) болон Тусгай хамгаалалттай газар нутгийн дэлхийн комисс (WCPA)-ийн гишүүн Equilibrium Research Center олон улсын судалгааны байгууллага Монголын эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдтэй хамтран боловсруулж байна. Судалгааны ажлын хүрээнд:
- ТХГН-ийн өнөөгийн суурь нөхцөл байдлыг үнэлэх,
- ТХГН-ийн ангиллыг IUCN-ийн ангилалтай харьцуулан судлах,
- Хамтын засаглал, хамтын менежментийн тохиромжтой загварыг тодорхойлох,
- ТХГН-ийн дунд хугацааны хөгжлийн замын зургийг боловсруулах зэрэг үндсэн ажлууд хийгдэж байна.
Тус арга хэмжээ нь ТХГН-ийн замын зургийн баримт бичгийн зорилго, хамрах хүрээ, алсын харааны талаар оролцогч талуудын нэгдсэн ойлголтыг бүрдүүлж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, оролцогч талуудын үүрэг, хариуцлагыг тодорхойлох бодлогын суурийг тавилаа.
БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нээлтийн үгэндээ: “Энэхүү замын зураг нь зөвхөн баримт бичиг бус, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тогтолцоог илүү үр ашигтай, тогтвортой, уур амьсгалд тэсвэртэй болгох стратегийн чухал алхам юм. Мөн энэ санаачилга нь ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд бий болох боломж, шинэчлэлийг бодит хэрэгжилттэй уялдуулах эхний алхам байх учиртай. Цаашлаад уг үйл явц нь нэг удаагийн уулзалт, эсвэл баримт бичгээр хязгаарлагдахгүй, харин салбарын оролцогч талуудын тогтмол хамтын ажиллагаа, харилцан санал солилцоог дэмжих тогтвортой платформын суурь болох юм” хэмээн онцоллоо.
Цаашид уг замын зургийн баримт бичгийг оролцогч талуудын идэвхтэй, хамтын оролцоонд тулгуурлан боловсронгуй болгож, холбогдох бодлого, төлөвлөлтийн баримт бичгүүдэд тусган үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллах юм байна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн импортын татвар ногдуулна гэж мэдэгдэв
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зургаадугаар сарын 26-ны өдөр өөрийн олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ, Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулсан улс орнуудаас импортлох бүх бараанд 100 хувийн татвар ногдуулна хэмээн анхаарууллаа.
Тэрбээр Европын хэд хэдэн улс Америкийн технологийн компаниудад дижитал үйлчилгээний татвар ногдуулах асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд зарим нь уг татварыг ойрын хугацаанд хэрэгжүүлж магадгүй байгааг онцолжээ.
Трампын мэдэгдэлд, ийм төрлийн татвар ногдуулсан аливаа улс АНУ-д экспортлох бүх бараандаа 100 хувийн импортын татвар төлөх бөгөөд энэхүү арга хэмжээ нь тухайн улстай байгуулсан худалдааны хэлэлцээрээс үл хамааран хэрэгжинэ гэж дурдсан байна.
Гэхдээ тэрээр дээрх шийдвэрийг ямар хууль, эрх зүйн үндэслэлээр хэрэгжүүлэх талаар тодорхой тайлбар өгөөгүй байна.
Сүүлийн жилүүдэд Франц, Их Британи, Испани, Итали зэрэг Европын хэд хэдэн улс Google, Amazon, Apple, Meta зэрэг Америкийн томоохон технологийн компаниудаас дижитал үйлчилгээний татвар авах бодлого хэрэгжүүлж эхэлсэн. АНУ эдгээр татварыг Америкийн компаниудыг ялгаварлан гадуурхсан арга хэмжээ гэж үзэн эсэргүүцсээр иржээ.
Харин Трампын мэдэгдлийн дараа Европын Комисс Европын Холбоо татварын бодлогоо бие даан тодорхойлох бүрэн эрхтэй бөгөөд нэг талын худалдааны аливаа арга хэмжээний хариуд шаардлагатай тохиолдолд зохих хариу арга хэмжээ авахад бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө Дональд Трамп Франц, Их Британийн дижитал үйлчилгээний татвартай холбогдуулан хэд хэдэн удаа худалдааны хариу арга хэмжээ авахаар анхааруулж байсан юм. Харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон АНУ-ын дарамтад автахгүй бөгөөд Франц улс дижитал үйлчилгээний татварын бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ өмнө нь мэдэгдэж байжээ.
