Үйл явдал
Захиалгат нислэгээр Энэтхэг Улсаас 219 ламхайг эх оронд нь авч ирнэ
Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн Даваа гарагт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргав.
БНЭУ-ын Каранатака мужид байдаг Гоман, Сэра, Жүме гэсэн гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдарч буй нийт 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд аж. Тэдгээрээс 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагуудаас хүсэлт тавьсны дагуу хүүхдүүдийг эх оронд нь авч ирэхээр шийдвэрлэж, зохион байгуулж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд үүрэг болголоо.
Хүүхдүүдийн амьдарч буй хийдээс 6 километрийн зайд Ковид19 вурусын хоёр тохиолдол илэрсэн нь тэдний нөхцөл байдлыг эрсдэлтэй болгосон учир чартер нислэг гарган хүүхдүүдийг эх оронд нь татан авч ирүүлэхийг хүссэн байна. Эх орондоо ирэх хүсэлтэй 219 хүүхдийн 70 хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс зэрэг аймгуудаас ирсэн орон нутгийн хүүхдүүд аж. Эцэг эхчүүд нислэгийн зардлыг төлөх ч тусгаарлалтын төлбөрийг төлөх боломжгүй учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүсчээ.
Иймд тусгаарлах зардалд шаардагдах 229.9 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс санхүүжүүлж, насанд хүрэгчдийн адил хорио цээрийн шаардлага хангасан тусгаарлах байранд байрлуулж, нийгэм сэтгэлзүйн үйлчилгээг үзүүлэх ажлыг УОК-ын ШШ-тай хамтран зохион байгуулахыг ХНХ-ын сайдад даалгав.
Үйл явдал
Шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар боловсролын салбарын шинэ хичээлийн жилийн бэлтгэл болон бусад цаг үеийн ажлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанаар:
-2026-2027 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангийн сурах бичгийг шинээр зохиох, хэвлэх, түгээх ажил болон бусад ангиудын сурах бичгийн нөхөн хангалтын хүртээмж
-Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, цэцэрлэг, сургуулийн элсэлт, бүртгэл
-“COP 17” арга хэмжээтэй холбоотойгоор хичээл сургалтын зохицуулалт
-Нийслэлийн хэмжээнд хотхоны бага сургууль болон төрөлжсөн ахлах сургууль байгуулах ажлын хүрээнд байгуулагдсан ажлын хэсэг Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдэд ажиллах
-Боловсролын зээлийн сангийн 2026 оны сонгон шалгаруулалтын үр дүн, тэтгэлэг, зээл, төлбөрийн хөнгөлөлтийн хэрэгжилтийн явц, төсвийн нөхцөл байдал
-2027 оны төсвийн төлөвлөлт болон боловсролын салбарын 2026 оны хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэл болон Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төслүүдийн явцтай танилцах
-Тажикстан Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд боловсролын салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах зэрэг асуудлуудын талаар хэлэлцлээ.
Боловсролын сайдын шуурхай хуралдаанаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир танилцуулсан асуудал бүр дээр шийдэл, шаардагдах төсөв, хугацааг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүтэц, нэгжийн удирдлагуудад даалгалаа.

Үйл явдал
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол маргааш болно
НӨАТ-ын урамшууллын 2026 оны 07 дугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг 2026 оны 07 дугаар сарын 22-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2026 оны 06 дугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 07 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
Сугалааны тохирол таарсан азтанд урамшуулал олгохдоо тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувиар урамшууллыг нэмэгдүүлэн олгодог ба дэлгэрэнгүй мэдээллийг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас үзээрэй.

Үйл явдал
Мөнгөний нийлүүлэлт 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өсжээ
Монгол Улсын мөнгөний нийлүүлэлт (М2) 2026 оны зургаадугаар сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 53.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.2 их наяд төгрөгөөр буюу 26.6 хувиар өссөн байна.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 5.9 их наяд төгрөгөөр (26.3 хувь), төгрөгийн харилцах 2.8 их наяд төгрөгөөр (29.3 хувь), валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр (75.4 хувь) тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.
Мөн 2026 оны зургаадугаар сарын байдлаар аж ахуйн нэгж, иргэдэд олгосон зээлийн өрийн үлдэгдэл 49.3 их наяд төгрөг болсон байна. Үүнээс чанаргүй зээл 2.5 их наяд төгрөг, анхаарал хандуулах зээл 1.2 их наяд төгрөг байгааг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Түүнчлэн зургаадугаар сарын валютын сарын дундаж ханшаар 1 ам.доллар 3576.65 төгрөг, 1 евро 4117.99 төгрөг, 1 юань 527.86 төгрөг, 1 рубль 48.40 төгрөг байсан байна.
Эдгээр үзүүлэлт нь 2026 оны зургаадугаар сарын урьдчилсан гүйцэтгэл болохыг Үндэсний статистикийн хороо онцолжээ.

-
Дэлхий нийтээр..2023/10/03
Өргөө сүлжээ кинотеатрт ногдуулсан 107.5 сая төгрөгийн торгуулийг хэвээр үлдээлэ...
-
Үйл явдал2020/07/08
Монгол Улсын Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөв
-
Дэлхий нийтээр..2024/11/22
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суур...
-
Үйл явдал2021/07/02
Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус ху...
