Үйл явдал
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 43.5 километр төмөр замыг барьж дуусгав
Эдийн засгийн ач холбогдлоороо дэлхийд дээгүүрт тооцогдох Үндэсний их бүтээн байгуулалт Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын ажил эрчимтэй өрнөж байна. Өнгөрсөн 2019 оны 5 дугаар сард уг төслийн шавыг тавьж байсан бол өнөөдрийн байдлаар газар шорооны ажил 82 хувь, хоолойн ажил 67 хувь, худаг усны ажил 84 хувьтай байна. Мөн Зүүнбаян өртөөнөөс эхлэн угсарч буй дээд бүтцийг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, эхний 43.5 километрийг барьж дуусгалаа.
Төслийн хэмжээнд одоогоор 5000 гаруй хүн хүч, 2500 орчим машин механизм ажиллаж байна.
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан өнгөрсөн сард уг төслийн барилгын ажлын явцтай танилцах үеэрээ энэхүү чиглэлийн төмөр зам баригдаж ашиглалтад ороход 3000 хүн шууд ажлын байраар хангагдаж, төмөр замын трассын дагуу орших томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж, зам дагасан хөгжил бий болох олон давуу талтайг онцлон тэмдэглэсэн юм.





Эх сурвалж: ЗТХЯ
Үйл явдал
COP17: Монголын ойн салбарт шинэлэг санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцлээ
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Монголын ойн салбарын шинэлэг санхүүжилт, түншлэлийн боломж-ийг хэлэлцсэн арга хэмжээ зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн BIOFIN II төсөл, Ойн газар, Европын Холбоо, Германы Засгийн газрын санхүүжилттэй STREAM+ төсөл, Даян дэлхийн ногоон хөгжлийн институт, “Тэрбум мод” сан хамтран зохион байгуулжээ.
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдийн төлөөлөл оролцож, ойн салбарын тогтвортой санхүүжилтийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.
Мөн био эдийн засгийн боломж, нүүрстөрөгчийн зах зээл, экосистемийн үйлчилгээний үнэлгээ-г эдийн засгийн эргэлтэд оруулах гарц, боломжийг хэлэлцсэн байна.
Оролцогчид ойн салбарын санхүүжилтийг зөвхөн буцалтгүй тусламжаас хамааралтай хэвээр үлдээх бус, урт хугацаанд өөрөө үнэ цэн бүтээж, хөрөнгө оруулалт татах чадвартай эдийн засгийн салбар болгон хөгжүүлэх шаардлагатайг онцолжээ.
Энэ хүрээнд ойн бонд, нүүрстөрөгчийн санхүүжилт зэрэг олон улсад ашиглаж буй санхүүгийн хэрэгслүүдийг Монгол Улсад нэвтрүүлэх боломж, шаардлагын талаар мөн санал солилцсон байна.
Үйл явдал
1000 тогооч нэгэн зэрэг хорхог хийж, Гиннесийн дээд амжилтын батламж гардан авчээ
Монголын мастер тогоочдын холбооноос зохион байгуулсан “Гиннес”-ийн дээд амжилтанд “Монгол зоог”-ийг бүртгүүлэх үйл ажиллагаа амжилттай болж, “батламж”-аа гардан авчээ.
Монголчуудын уламжлалт хүндэтгэлийн зоог болох хорхогийг 1,000 тогооч нэгэн зэрэг 1,000 тогоонд хийж, Guinness World Records-д дэлхийн дээд амжилтаар бүртгүүлэх арга хэмжээ Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд болсон.

Энэ нь зөвхөн олон тогооч, олон хорхогийн тухай рекорд биш. Хорхог бол монголчуудын нүүдэлчин ахуй, зочломтгой зан, байгальтайгаа зохицон амьдрах ухаан, үндэсний хоолны соёлын нэгэн илэрхийлэл юм.
Ийнхүү Монголын тогооч нар нэгэн дор нэгдэж, уламжлалт зоогоо дэлхийн тавцанд таниулж байгаа нь үндэсний хоолны өвийг хадгалан хамгаалах, олон улсад сурталчлах, Монголын гастрономийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой.

1,000 тогоочийн нэгдэл бол нэг өдрийн арга хэмжээ төдий бус, Монголын зоог, монгол ахуй, нүүдэлчин соёлыг дэлхийд таниулах бэлгэдэл юм.

Үйл явдал
COP17-ын Цэнхэр, Ногоон бүсэд 500 сайн дурын идэвхтэн ажиллаж байна
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын Цэнхэр, Ногоон бүсэд нийт 500 сайн дурын идэвхтэн ажиллаж, өдөр тутмын үйл ажиллагааг дэмжин, оролцогч, төлөөлөгчдөд мэдээлэл, чиглүүлэг өгч, зохион байгуулалтын туслалцаа үзүүлж байна.

Сайн дурын идэвхтнүүд оролцогчдыг угтан авах, хурлын танхим, павильон, бүртгэл, мэдээлэл болон үйлчилгээний цэг рүү чиглүүлэх, шаардлагатай тохиолдолд тухайн байршилд нь дагалдан хүргэж өгөх, хурлын хөтөлбөр болон бүсийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөх зэрэг оролцогчдод хамгийн ойр дэмжлэгийг үзүүлэн ажиллаж байна.

Мөн хурлын танхимын бэлтгэл хангах, чихэвч, ус байршуулах болон хураах, оролцогчдын хөдөлгөөнийг зохицуулах, бүртгэл болон нэвтрэх урсгалыг дэмжих, протоколын үйлчилгээ үзүүлэх, төлөөлөгчид болон VIP зочдыг чиглүүлэх, төлөөлөгчдийн павильоны үйл ажиллагаанд дэмжлэв.

Үүнээс гадна зочлох болон хоол үйлчилгээ, соёлын арга хэмжээний зохион байгуулалтыг дэмжих, мэдээлэл өгөх, шаардлагатай үед орчуулгын дэмжлэг үзүүлэх, хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд туслах, дуудлага болон санал, гомдол мэдээллийг бүртгэх, шуурхай мэдээлэл холбоог хангаж байна.
Ийнхүү сайн дурын идэвхтнүүд COP17-ийн Цэнхэр, Ногоон бүсэд оролцогч, төлөөлөгчдөд шаардлагатай мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээ болон зохион байгуулалтын дэмжлэгийг шуурхай үзүүлж, хурлын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулж байна.




-
Дэлхий нийтээр..2021/05/13
Зөвшөөрөлгүй барьсан тоосгон хоёр гараашийн газрыг чөлөөлжээ
-
Дэлхий нийтээр..2023/08/11
“Эрдэнэс Монгол” нэгдэл, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэ...
-
Дэлхий нийтээр..2021/12/09
Монгол, Хятадын ЗГХК-ын ажлын хэсгийн хуралдаан боллоо
-
Үйл явдал2025/09/30
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
