Тод мэдээ
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд 73 км төмөр зам тавьжээ

Тавантолгой-Гашуунсухайт чиглэл дэхь 240 км төмөр замын ажлын гүйцэтгэл эрчимтэй явагдаж байна. Өмнө нь хийгдсэн суурь бүтэц эвдэрч элэгдэл хоргодолд орж, олон жил гацан гүйцэтгэлийн ажил бүрмөсөн зогссон байсныг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2020 оны 03 дугаар сараас барилга угсралтын ажлыг шинээр эхлүүлж төмөр зам барих төслийг хөдөлгөсөн билээ.
Улсын нэгдүгээр зэрэглэлийн төмөр замын энэхүү анхны бүтээн байгуулалт нь жилд 30 сая тонн ачаа тээвэрлэж, галт тэрэг 100км-с доошгүй хурдтай явна.Үндэсний компаниуддаа тулгуурласан бүтээн байгуулалт чанарын өндөр түвшинд явж байна
Өнөөдрийн байдлаар 208 км төмөр замын газар шорооны ажлыг бүрэн дуусгаж, эвдрэл гэмтлийг 100 хувь засаж, мал амьтны гарц, гүүр, хоолойн 70-100 хувь, доод бүтцийн 97хувь, дээд бүтцийн 73 км төмөр замын үеийг угсарч, 93 км бетон дэр өржээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам нь Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумын нутаг дэвсгэрээр 240 км үргэлжилж, 2 өртөө 6 зөрлөгтэй баригдах юм. Нэгдүгээр зэрэглэлийн UIC-60 зам төмөр бүхий уулзваргүй, нэг голын даац нь 25 тонн, 16 гүүр, 126 хоолой, 8 мал,амьтны гарцтай байх бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 01-нд дуусгахаар төлөвлөжээ. Уг төсөлд 300 гаруй инженер техникийн ажилтан, 1470 ажилтан, 513 машин техниктэй үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Уг төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор жилд 30 сая тонн хүртэлх нүүрс экспортлох боломжтой болж, тээвэрлэлтийг даган Тавантолгой бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолт 2-3 дахин нэмэгдэх нөхцөл бүрдэх юм. 2000 ажлын байр шинээр бий болж, одоогийн экспортын нүүрс тээврийн тонн тутам дахь 32 ам.долларын зардал 4 дахин буурна. Нүүрс тээврийн зам дахь автотээврийн осол, зөрчил буурч, иргэдийн амь нас, аюулгүй байдал хангагдана. Малын бэлчээр сүйтгэх байдал, тоосжилт, дуу чимээ, хөрс агаарын бохирдол үндсэндээ арилах юм. Улсын төсөвт жилд 20-28 сая ам.долларын татвар төлж, эхний 25 жилд 1 тэрбум ам.долларыг төвлөрүүлж, улсын эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулах нөхцөл бүрдүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Тод мэдээ
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
Малчид, тээвэрчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, нутгийн баруун хойд хэсгээр сэрүүсэж, Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор салхи, шуургатай байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Нутгийн баруун хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнодын тал нутгаар 20-25 хэм, бусад нутгаар 14-19 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 18-20 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. 16-18 хэм дулаан байна.
2025 оны есдүгээр сарын 13-наас 17-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Есдүгээр сарын 13-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 14-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 13-нд говь, тал, хээрийн нутгаар, 14-нд нутгийн зүүн хэсгээр секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 17-22 хэмийн дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Тод мэдээ
ABU GENERAL ASSEMBLY 2025: ABU-гийн нэрэмжит “Шилдэг инженер-2025
Техник технологийн хөгжил хиймэл оюун ухаанд чиглэж байгаа ч хүний оролцоогүйгээр төгс бүтээл хийх боломжгүй гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрч байна. Иймд Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооноос шилдэг инженер болон шилдэг инженерийн байгууллагуудыг шалгаруулж, шагнаж урамшуулдаг уламжлалтай.
Энэ жилийн “ABU-62" дугаар Ерөнхий Ассамблейн үеэр уламжлал ёсоор "Шилдэг инженер” шагналыг гардууллаа.
Тод мэдээ
УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулган ирэх даваа гарагт эхэлнэ
Улсын Их Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь чуулган юм. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасны дагуу Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.
Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хуульд заасны дагуу өмнөх ээлжит чуулганаар баталсан бөгөөд уг жагсаалтад батлах хугацааг нь хуульд тусгайлан заасан Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслийг хэлэлцэнэ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан УИХ-ын 2025 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ “Намрын ээлжит чуулган эхлэх хугацааг наашлуулж, 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлүүлж, төсвийн төслийг хэлэлцэх хэлэлцүүлгийн үе шатыг шинээр нэмж, 4 байсныг 5 үе шаттай болгож өөрчилсөн.” хэмээн мэдэгдсэн билээ. Энэ нь улсын төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцад ил тод, хариуцлагатай байх зарчмыг хангаж, олон нийтээр хэлэлцүүлэх, иргэдийн оролцоог бодит болгох ач холбогдолтой юм.
Тиймээс энэ намраас эхлэн Монгол Улсын төсвийн төслийг Улсын Их Хурал таван үе шаттай хэлэлцэхээр шийдвэрлэсэн. Тухайлбал, нэгт, Монгол Улсын Ерөнхий сайд чуулганы нэгдсэн хуралдаанд төсвийн төслийг, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл холбогдох дүгнэлтээ танилцуулж, Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхий сайд, Ерөнхий аудитор, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга болон төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, үг хэлж болно.
Хоёрт, УИХ-ын Төсвийн болон бусад Байнгын хороо төсвийн төсөлтэй танилцаж, хуралдаанаараа хэлэлцэх, УИХ төсвийн төсөл, холбогдох хуулиудад заасан шаардлага, Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд нийцсэн эсэх асуудлаар санал хураалт явуулна. Гуравт, санхүү төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төсвийн төслийн танилцуулгыг эрхлэх асуудлын хүрээг баримтлан Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанд танилцуулна. Төсвийн байнгын хороо тухайн байнгын хорооны гишүүд, бусад Байнгын хороо, Төсвийн зарлагын дэд хороо, Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн аудитын төв байгууллага, УИХ дахь нам, эвслийн бүлгээс гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж, санал хураалт явуулна. Нэгдсэн хуралдаанд санал тус бүрээр санал хураалт явуулна.
Дөрөвт, шаардлагатай бол хөрөнгө оруулалтын төсөл, apra хэмжээний төсөвт өртөг, санхүүжих дүнг өөрчлөхгүй агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр арга хэмжээний нэр, хүчин чадал, хэрэгжих хугацаа, байршилтай холбоотой залруулгыг хийж, нэгдсэн хуралдаанд оруулна.
Тавд, нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншиж сонсгон, зүйл тус бүрээр санал хураалт явуулж, батлуулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
-
Өнөөдөр2021/09/15
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй
-
Тод индэр2025/07/24
Б.Одбаяр: Туулын хурдны зам түгжрэлийг бууруулах, амьдралын чанарыг дээшлүүлэхэд...
-
Тод мэдээ2023/08/09
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Тод мэдээ2021/05/20
Автобус цэвэрлэх үйлчилгээг гурван байршилд ажиллуулж байна