Үйл явдал
ДЭМБ-аас гаргасан “Kовид-19” халдвараас сэргийлэх 10 зөвлөмж
1. Гэрээсээ гарахдаа заавал бээлий өмсөөрэй. Олон нийтийн газраар үйлчлүүлэх, нийтийн тээвэрт зорчихдоо үргэлж бээлийн өмсөх хэрэгтэй. Учир нь коронавирус нь агаар дуслын замаар болон хүрэлцэх замаар халддаг тул олон нийтийн газраар өмсөж явсан хувцсаа тогтмол угааж, ариутгаж байхыг зөвлөж байна.
2. Хэрэв та олон нийтийн газарт бээлийгээ тайлж, хооллох шаардлагатай болсон эсвэл хэн нэгэнтэй гар барьсан тохиолдолд яаж ч загатнаж байсан гараа угаалгүйгээр нүүр, нүд, хамраа нухаж болохгүй. Гараа угаахдаа сайтар савандаж, бүлээн усаар зайлж, хатаасныхаа дараа бээлийгээ өмс. Аль болох бусадтай гар барихаас зайлсхийж, мэндчилэх хэлбэрийг сонгоорой.
3. Амны хаалтыг тогтмол сольж, бээлий зэрэг гадуур өмсдөг бусад хувцсыг тогтмол угаа. Ямар ч тохиолдолд чийгтэй хувцас өмсөж явж болохгүй. Учир нь коронавирус чийгтэй орчинд тэсвэртэй байх магадлалтай.
4. Нэг удаагийн амны хаалт дээд тал нь 1-2 цагийн хугацаанд зүүж хэрэглэхэд зориулагдсан байдаг. Нэг амны хаалтыг удаан хугацаанд хэрэглэх нь хамгийн муу үр дүнтэй. Учир нь гадуур хувцас, куртик, хүзүүний ороолтын дотор талд зүүсэн амны хаалттай чигээрээ дулаан газарт ороход муухай үнэртэж байгааг та анзаарсан байх. Энэ бол таны амнаас гарч буй эвгүй үнэр юм. Энэ мэт орчин нь вирус үржих таатай орчин болдог.
Тиймээс аль болох олон нийтийн газраар явахаас зайлсхийх нь хамгийн зөв сонголт. Үндсэндээ халдварт өвчин дэгдсэн үед бусадтай харилцахдаа хоёр метр орчмын зайнаас ярихыг хамгийн тохиромжтой стандарт гэж олон улсад үздэг. Хэрэв хэн нэгэн ханиалгаж байвал түүнд бусдыг хамгаалах үүднээс амны хаалт зүүхийг санал болгоорой. Энэ тохиолдолд гурван метрийн зайнаас харьцах эсвэл шаардлагагүй тохиолдолд тухайн хүнийг орхин явах зөв алхам болно.
5. Гэрийн нөхцөлд ариун цэврийн өрөө болон гал тогоон дахь бүх алчуурыг тогтмол ариутгах, эсвэл гэр бүлийн гишүүн бүрийн тоогоор шинэ алчуур гарга. Харин оффисын нөхцөлд аль болох нэг удаагийн цаасан алчуур, хатаагч зэргийг хэрэглэхийг зөвлөж байна. Учир нь хэдий та тогтмол гараа угааж байгаа ч цэвэр алчуураар арчихгүй байх нь элдэв нян, бактери дамжих эрсдэл болдог. Энэ тохиолдолд гараа арчихгүй хатаахыг илүүд үзэх хүн байдаг. Гэвч коронавирус нь чийгтэй орчинд идэвхтэй үрждэг гэх нь бий. Мөн гарын алчуурыг долоо хоногт хоёр удаа угааж, сайтар хатаах нь зүйтэй. Чийгтэй алчуур нь олон төрлийн халдвар өвчний вирус үржих таатай орчин болдог.
6. Хаалга онгойлгохдоо аль болох гараараа барихгүй байхыг хичээгээрэй. Хэрэв та хаалгыг дохио, хөл эсвэл хоёр гараас бусад биеийн аль нэг хэсгээр онгойлгох боломжтой бол тэгэхийг зөвлөж байна. Хаалганы бариул дээр маш их вирус, нян наалдсан байдаг учир дээр дурдьсанчлан бээлий өмсөхийг зөвлөж байгаа юм. Тиймээс хаалганы бариулыг тогтмол ариутгагч бодисоор угааж, цэвэрлэн, сайтар хатааж байх хэрэгтэй. Үүнтэй ижлээр шатны бариул, гар утас, зурагтын удирдлага, компьютерын хулгана зэрэг гараар барьдаг бүхнийг тогтмол ариутгах шаардлагатай. Дахин сануулахад юунд ч хүрсэн гэсэн нүүр, нүд, хамраа нухаж хэрхэвч болохгүй.
7. Хооллохдоо ямар ч тохиолдолд зөвхөн өөрийн аяга, таваг, халбага, сэрээ, савхаар идээрэй. Хамгийн гол нь, хүүхдүүддээ хүний уусан аяганаас уухгүй байхыг сануулж, ундааны соруул гэх мэтийг ам дамжуулан хэрэглэхгүй байх ёстой. Мэргэжилтнүүдийн хувьд Хятадад янз бүрийн халдварт өвчин тогтмол гардгийн нэг шалтгааныг тэдний нэг тавагнаас хуваалцаж иддэг соёлоос шалтгаалдаг байх талтай гэж үздэг.
Тиймээс ядаж коронавирусын дэгдэлт намжих хүртэл нэг тавагнаас хуваалцан иддэг Ази хоолноос татгалзахыг зөвлөж байна. Учир нь, хэдий хүн бүр өөрсдийн савх, тэр байтугай нэг удаагийн хэрэглэлээр хооллосон ч хамгийн том тавагтай, хамгийн амттай үндсэн хоолонд хүн бүр амандаа хүргэсэн савхаар хүрдэг билээ. Мөн халдварт өвчин дэгдсэн үед ресторанаар үйлчлүүлэхээс аль болох зайлсхийж гэртээ хооллохыг зөвлөж байна.
8. Вирусын эх үүсвэрийг эрдэмтэд тогтоох хүртэл аль ч тохиолдолд ямар ч амьд амьтан, загас зэргийг хүнсэндээ худалдан авч болохгүй. Нойтон маханд хүрэхдээ заавал нэг удаагийн бээлий хэрэглэж, нэн даруй устгаж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хогийн савандаа удаан байлгаад байж хэрхэвч болохгүй.
9. Боломж гарсан бүрт гэр болон албан тасалгааны цонх, хаалгыг нээж агаар сэлгэлт хийж байх. Учир нь вирус агаарын сэлгэлт сайтай нөхцөлд үржиж чаддаггүй. Гэсэн ч гадаа хэт хүйтэн байгаа тохиолдолд өрөөний температурыг хэвийн хэмжээнээс доогуур болтол цонхоо удаан нээлттэй байлгаж болохгүй.
10. Эцэст нь, хэрэв та халуурч байгаа, эсвэл өвчний шинж тэмдэг илэрсэн гэр бүлийн гишүүнээ асарч байгаа тохиолдолд түүнтэй ойр байх бүртээ үргэлж амны хаалт зүүх шаардлагатай. Мөн өвчтэй хүний амны хаалтыг солихдоо нэг удаагийн резинэн бээлий өмсөж, аль алиныг нь сайтар битүүмжилсэн байдалтайгаар нэн даруй хаях хэрэгтэй. Үүнээс гадна өвчтөний нүүр, гарыг угааж өгөх зэрэгт үргэлж резинэн бээлий өмсөж, нэг удаагийн хэрэглэл ашиглахыг зөвлөж байна.
Өөрийгөө хамгаалахын тулд аль болох хоолойтой, урт ханцуйтай зүйл өмсөх нь зүйтэй. Хэрэв боломжтой бол өвчтөнийг гэрт тусдаа өрөөнд тусгаарлах нь хамгийн оновчтой бөгөөд гэрийн хаана ч тогтмол ариутгал хийх шаардлагатай. Хамгийн чухал нь гэрт өвчтэй хүн байгаа тохиолдолд агаарын сэлгэлт хийхдээ маш няхуур хандах хэрэгтэй. Учир нь тасалгааны температур хэт хүйтэн болох нь өвчтөний эрүүл мэндийг улам муутгах үр дагавартай байхыг үгүйсгэхгүй.
ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА
Үйл явдал
Төвөдийн гамшиг мөсөн голын хагарал, хөрсний гулгалтын дараалсан үйл явцаас үүдсэн байна
Хятадын холбогдох байгууллагууд Төвөдийн Жирон боомт орчимд их хэмжээний хохирол учруулсан үер, хөрсний гулгалтын шалтгааны талаарх урьдчилсан дүгнэлтийг танилцуулжээ.
Хятадын Шинжлэх ухааны академийн Чэндугийн Уулын аюул, байгаль орчны хүрээлэнгийн судалгааны баг хиймэл дагуулын тандан судалгааны мэдээллийг газар дээрх ажиглалт, хээрийн судалгаатай тулган шинжилсэн байна.
Судлаачдын дүгнэлтээр наймдугаар сарын 26-ны Бээжингийн цагаар 10:52 орчимд Балбын нутагт, далайн түвшнээс 5200 метрийн өндөрт мөсөн голын хэсэг хагарч, их хэмжээний мөс, хад чулуулгийн нуранги үүсжээ.
Нуранги өндөр уулын энгэрээр маш хурдтай уруудахдаа хөрс, хад чулууг хаман, 4000 метр орчмын өндөрлөгөөс эхлэн том хэмжээний хөрсний гулгалт үүсгэсэн гэж үзсэн байна.
Улмаар мөс, хөрс, хад чулуу болон усны асар их масс уулын хөндийгөөр 22 км орчим уруудан, далайн түвшнээс 1800 метрийн өндөрт орших Хятадын Төвөдийн Жирон боомтод хүрчээ.
Гамшгийн улмаас Жирон орчмын 0.7 хавтгай дөрвөлжин километр орчим талбай өртөж, 27 барилга байгууламж болон тэдгээртэй холбоотой тоног төхөөрөмж бүрэн сүйдсэн гэж судалгааны баг мэдээлсэн байна.
Ийнхүү Хятадын эрдэмтэд наймдугаар сарын 26-нд болсон гамшгийг энгийн борооны үер бус, өндөр уулын мөсөн голын хагарал → мөс, хадны нуранги → хөрсний гулгалт → хүчтэй үер гэсэн дараалсан үйл явцын үр дагавар гэж дүгнэжээ.
Үйл явдал
Аюулт үзэгдэл, ослын 69 удаагийн дуудлагаар 13 иргэний амь насыг авран хамгааллаа
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 21 иргэнийг гаргаж, тусламж үйлчилгээ үзүүллээ.
Нийт дуудлагын 52 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, нэг нь үер, гурав нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна гэж Онгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Үйл явдал
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Тавантолгой түлш” ХХК-ийн Зүүн үйлдвэрт ажиллаж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, шахмал түлшний нөөц бүрдүүлэлтийн явцын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Даваасүрэн “Тавантолгой түлш” ХХК гурван цехийн хоёр шугамаар шахмал түлш үйлдвэрлэж байна. Анх гурван үйлдвэрийн 20 шугамаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 2024 оноос үйлдвэрлэлийн хүчин чадлыг 50 тонн/цаг болгон гурав дахин нэмэгдүүлж, шугамын тоог цөөрүүлэн бүтээмжийг сайжруулсан. “Тавантолгой түлш” ХХК түлшний үйлдвэрлэлийн гурав дахь үеийн шилжилтээ хийж, 2025-2026 оны халаалтын улиралд нийслэлийн айл өрхүүдийн хэрэглээнд хагас коксон түлш нийлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 38.3 мянган тонн түлшний нөөц бүрдүүлээд байна” гэв.
2026-2027 оны халаалтын улиралд 430 мянган тонн бүтээгдэхүүн борлуулахаар төлөвлөсөн. Тухайлбал, 300 мянга гаруй тонн хагас коксон түлш, 80 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулахаар төлөвлөж байна. Харин аж ахуйн нэгжүүдэд 40 мянган тонн савласан мидлинг нийлүүлэх юм.
Нийслэлийн зүгээс галлагааны улирал эхлэхээс өмнө шахмал түлшний үйлдвэрлэл, түүхий эдийн татан авалт, нөөц бүрдүүлэлт болон борлуулалтын бэлтгэл ажлыг эрчимжүүлж, иргэдийн түлшний хэрэгцээг тасралтгүй хангахад онцгой анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бидний гол зорилго бол нийслэлийн хүн амыг агаарын бохирдолгүй өвөлжүүлэх юм. Энэ зорилгын төлөө хотын даргын зүгээс та бүхнийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ ажлын шаардлагаа өндөр тавина. Түүнчлэн борлуулалтын цэгүүдийн бэлэн байдалд анхааран, “Хотула” аппликэйшн дэх бүртгэлийн давхардлыг арилгаж, системийг бүрэн ашиглах, угаар мэдрэгч төхөөрөмжийн хэрэглээ болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй хамтран ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгож байна” гэлээ.
Өнгөрсөн жил хагас коксон түлшийг хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол өмнөх жилээс 30 орчим хувиар, 2018 онтой харьцуулахад 69.5 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Улаанбаатар хотод 170 мянган өрх шахмал түлш хэрэглэж байгаа бөгөөд энэ жилээс 5000 өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлээд байгаа юм. Галлагааны улирал есдүгээр сард эхлэх бөгөөд 50-60 мянган тонн шахмал түлшний нөөц бүрдүүлсэн байх шаардлагатай.





-
Дэлхий нийтээр..2021/10/07
"Угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлье" аян үргэлжилж б...
-
Дэлхий нийтээр..2021/11/10
Хурлын Хороод Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний т...
-
Дэлхий нийтээр..2025/01/10
2040 он хүртэл 193 мянган ажлын байрыг шинээр бий болгоно
-
Дэлхий нийтээр..2019/06/20
Ургац тээврийн гол замыг хатуу хучилттай болгоно
