Өнөөдөр
Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байна.
2021 оны 03 дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 5-7 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 8-13 метр. 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2021 оны 03 дугаар сарын 05-наас 03 дугаар сарын 09-нийг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
5-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 6-нд нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи 6-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна. 6-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 6-11 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХ ХЭЛТЭС
Өнөөдөр
Мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна
Гол, нуурын мөс битүү мөсөн бүрхүүл тогтсон ч явганаар болон автомашинтай зорчих, мөсөн дээгүүр тээвэр хийх нөхцөл бүрдээгүй байна.
Иймд:
- Гол мөрөн, нуурт битүү мөсөн бүрхүүл тогтсон ч нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж, мөсний даац хүн, мал болон авто тээвэр хийх хэмжээнд хүрч нягтшиж, бэхжээгүй байгаа цаг хожих, зам дөтлөх зорилгоор гол мөрөн, нуурын мөсөн дээгүүр явахгүй байх.
- Цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах.
- Явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх.
- Баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.
Өнөөдөр
Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын хичээл өнөөдөр эхэлнэ
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын 2025-2026 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирал нэгдүгээр сарын 26-нд буюу өнөөдөр эхлэнэ. Хоёрдугаар улирлын бие даалтын долоо хоног гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 3-нд таарах бөгөөд залгуулаад улирлын амралт нь долоо хоног үргэлжлэх юм.
Харин гуравдугаар улирлын хичээл нь дөрөвдүгээр сарын 13-нд эхлэх хуваарьтай байна.
Ташрамд дурдахад энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 сурагчид долоо хоногт гурван өдөр үндэсний үйлдвэрүүдийн сүүг үдийн цайндаа уухаар болсон.

Өнөөдөр
Мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна
Нэгдүгээр сарын 21-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-35 см нэмэгдэж, 20-135 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба зарим гол мөрөн, нуурын мөсний зузаан 2025 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.
Цаашид цаг агаарын хүйтрэлтэй уялдан мөсний зузаан нэмэгдэх хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
