Дэлхий нийтээр..
Д.Сумъяабазар: Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар халдварын голомт нэмэгдэж буйтай холбоотойгоор НОК-ын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "НОК-ын бүрэлдэхүүн 24 цагаар ажиллаж байна. Орон зайн дүн шинжилгээний төвийн тархвар зүйч, судлаач нар системд мэдээлэл оруулж, тархварын явц, аль дүүрэг, хороодоор халдвар илүү тархах өндөр магадлалтай байна вэ гэдгийг тооцооллын үндсэн дээр гаргаж ирж байна. Иргэд шинжилгээ өгөөд эрүүл гарахаар, эсвэл вакцинжуулалтын эхний тунг тариулаад дархлаа тогтоно гэж ойлгож болохгүй. Хоёр дахь тунг тариулснаас хойш 14 хоногийн дараагаас дархлаа тогтоно. Мөн иргэд амны хаалтаа зүүхгүй, гараа ариутгахгүй, хүн хоорондын зайгаа барихгүй байгаагаас болж бизнесийг нь дэмжих үүднээс үйл ажиллагааг нь эхлүүлсэн газруудад хүндрэл гарч байна. Вакцинжуулалтад Улаанбаатар хотын иргэдийг бүрэн хамруулж байж, 2021 оны хоёрдугаар хагасаас хэвийн амьдралдаа орохоор төлөвлөж ажиллаж байгаа.
Хөл хориог 14 хоног, 28 хоног тогтоох асуудлыг мэргэжлийн байгууллагын түвшинд ярьж байгаа. Бид хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоохоор байр сууриа нэгтгээд, санал нэгдсэн. Хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоож, халдварын өндөр эрсдэлтэй байгаа хороодын тархалтыг хумих ажил эхлээд явж байна. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоох шийдвэрийг УОК, НОК, ДОК ярилцаж гаргасан. Энэ хороо халдварын өндөр эрсдэлтэй, голомт болсон. Иргэдэд бухимдалтай, хүндрэлтэй байгааг ойлгож байна. Гэхдээ бусдад халдвар тараахгүй, Улаанбаатар хотын нийгэм, эдийн засагт бүхэлдээ хөл хорио тогтоохгүй байх үүднээс өндөр эрсдэлтэй хороонд хэсэгчилсэн хөл хорио тогтоохоос өөр аргагүй. Иргэд хариуцлага, сахилга баттай байж чадвал халдвар тархахгүй байх бололцоо байна.
Төвийн зургаан дүүргийн 120 хороо халдварын тархалттай байна. Цаашид Чингэлтэй дүүргийн 6, 13, 14, Сүхбаатар дүүргийн 6, 9, 10, 11, 15, Баянзүрх дүүргийн 8, 14, 16, 18, 25, 26, 28, Хан-Уул дүүргийн 15, 16, 21, Баянгол дүүргийн 4, 5, 6, 25, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 18, 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт халдвар тархах өндөр магадлалтай. Эдгээр хороонд амьдарч байгаа иргэд хариуцлага, сахилга баттай байж, иргэний үүргээ ухамсарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, амны хаалтаа зүүж, хүн хоорондын зайгаа бариарай" хэмээн ярилаа.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2023/04/10
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар шатахуун тээвэрлэлтийг эхлүүллээ
-
Үйл явдал2025/09/23
Энэ 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
-
Дэлхий нийтээр..2023/04/19
2023 он гарсаар 24.540 толгой хонь, ямаа, адуу экспортолжээ
-
Үйл явдал2025/05/02
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/
