Дэлхий нийтээр..
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн нөхрийг ЦЭЦЭД зүтгүүлж байна
Монгол Улсын Үндсэн хуулийн 65-2-т зааснаар “Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүй, улс төрийн өндөр мэргэшилтэй… 64-2-т “Үндсэн хуулийн Цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна гэж заасан байдаг. Гэтэл нэр дэвшигчид дунд Үндсэн хуулийн энэ шаардлагад үл нийцэх улс төрөөс “хараат” гэж хэлж болох хүмүүс нэр дэвшжээ. Тухайлбал :
Дугардоржийн Баяндүүрэн. “Сонгуулийн ерөнхий хорооны” гэдгээрээ олонд танигдсан, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхөр. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. Төрийн захиргааны байгууллагуудад зааварлагч, коодификаторчоос эхлээд СЕХ-ны Ажлын албанд нарийн бичгийн дарга, референт, Ажлын албаны дарга, гишүүнээр нь насаараа ажилласан нэгэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн өндөр мэргэшилтэй гэхээсээ улс төрөөр ялангуяа 2000 оноос хойшх улстөрийн бүх сонгуулиудад гар бие оролцон сайн, муу бүх ажлыг гардан хийсэн гэдгээрээ улстөрийн нөлөөлөлд автсан хүн.
Эхнэр З.Нарантуяа нь 2016-2020 оны УИХ-ын сонгуульд Зандаахүүгийн Энхболдын дэмжлэгээр АН-аас нэр дэвшин парламентийн гишүүн болж байсан. Одоо хоёр хуваагдсан АН-аас Женкогийн гэх АН-ыг дэмжиж АН-ын даргын сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн менежерээр ажиллаж байгаа. Энэ нь Д.Баяндүүрэнг АН-аас хараат, тэртусмаа Ерөнхийлөгч Х.Баттулгын шууд төлөөллийн хүн хэмээн хардаж болно. Ийм хүн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой асуудлыг Цэцээр хэлэлцэх гэж буй эгзэгтэй үед Цэцийн гишүүнд нэр дэвшиж буй нь Үндсэн хуулийн 64-2 дахь заалт буюу хараат бус байх шаардлагыг хангахгүй хэмээн хуульчид ярьж байна. Хэрэв тэрбээр Дээд шүүхээс санал болгох хоёр хүний нэг болж гарч ирвэл Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцэд шахалт үзүүлсэн шигээ Дээд шүүхийн шүүгчдэд ч нөлөөлсөн гэж хардах бүрэн үндэстэй юм.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Үйл явдал2025/04/29
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Дэлхий нийтээр..2022/11/17
Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний талаар мэдээлэл хийлээ
-
Дэлхий нийтээр..2023/05/05
УИХ: ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Монсор, Ж.Золзаяа нарыг сонгов
-
Дэлхий нийтээр..2021/12/06
ЭМЯ-ны шуурхай баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна
