Бидэнтэй нэгдэх

Тод мэдээ

Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсов

Огноо:

,

Сэтгүүлч:

Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны хуралдаан энэ сарын 07-ны өдөр болж, Дэд хорооны даргаар шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Ганболд даргалан хуралдуулав. Дэд хорооны хуралдаанд Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гадаад харилцааны яамны холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсгийн гишүүд оролцсон юм.

Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн бэлтгэл ажлын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсов. Эхлээд Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран энэ талаарх мэдээлэлдээ, УИХ-ын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлаж, 2021 оны зургадугаар сарын 09-ний өдөр санал авахаар тогтоосон. Түүнчлэн УИХ-ын мөн өдрийн 08 дугаар тогтоолоор “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмж хэрэглэхээр шийдвэрлэсэн.

Энэ үндсэн дээр Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасан сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэх 22 журам, заавар, аргачлал, хуваарийг баталж, хэрэгжилтийг хангаж байна. Сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны ямар нэг хоцрогдолгүй хэвийн явагдаж байгаа. Сонгууль зохион байгуулах ажлыг Улсын Их Хурлаас өнгөрсөн онд баталж өгсөн төсвийн хүрээнд хэрэгжүүлнэ, төсвийн хувьд ямар нэг хүндрэл байхгүй гэдгийг  онцлов.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороог тус бүр 9 гишүүн буюу нийт 198 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Харин энэ сарын 10-ны өдөр гэхэд сум, дүүргийн 339 сонгуулийн хороо байгуулагдах бол ирэх сарын 10-ны өдөр гэхэд хэсгийн 2087 хороог байгуулах юм байна. Сонгуулийн хороодод нийтдээ 21354 төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид ажиллах аж. Харин Сонгуулийн автоматжуулсан системийн бэлтгэл ажлын хүрээнд санал тоолох 2750 төхөөрөмжийг засварлаж ашиглахад бэлэн болгожээ. Мөн серверийн шинэчлэлтийг сайжруулах, сонгуулийн дүн дамжуулах сүлжээний найдвартай байдлыг хангах, санал авах байруудад байрлуулах хяналтын камеруудыг бэлэн болгох зэрэг бэлтгэлийг хангаж байгаа аж. Сонгуулийн техник, санал тоолох төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг 2600 гаруй хүнээс бүрдэх мэдээллийн технологийн баг хариуцаж ажиллах аж.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт “Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх бөгөөд түүнийг нягтлан шалгах, давхардлыг арилгах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй сонгуулийн эрх бүхий иргэнийг бүртгэх, эдгээртэй холбоотой гомдлыг шийдвэрлэх ажлыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангана” гэж заасан. Энэхүү чиг үүргийг хэрэгжүүлэх талаар хийж буй ажлын талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан танилцуулсан юм.

Тэрбээр мэдээлэлдээ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомжоор улсын бүртгэлийн байгууллагын хэрэгжүүлэхээр заасан чиг үүргийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр 9 бүлэг, 94 арга хэмжээ бүхий ерөнхий төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Одоогийн байдлаар ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан нийт 96 ажлаас 40 ажлыг бүрэн гүйцэтгэж, төлөвлөгөөний хэрэгжилт 42 хувьтай байгаа, холбогдох бусад ажил, арга хэмжээ цаг хугацааны хуваарийн дагуу хийгдэж байгааг дурдав.

Сонгогчийн бүртгэлийн техник, тоног төхөөрөмжид техникийн үзлэг, тооллогыг энэ оны нэгдүгээр сарын 13-22-ны өдрүүдэд хийсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт ”Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчийг энэ хуулийн 19.4-т заасан цахим хуудсанд байрлуулсан сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн танилцах боломжоор хангана” гэж заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг байршуулах цахим хуудасны программ хангамжийг боловронгуй болгох, хөгжүүлэх, сайжруулах  ажлыг хоёрдугаар сарын 01-ээс гуравдугаар сарын 01-ний хооронд хийж гүйцэтгэсэн. Түүнчлэн гадаад улсад санал өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг гарган хүргүүлэхтэй холбоотой дундын мэдээллийн санд ажиллах программ хангамжийг шинээр боловсруулж, Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисст урьдчилсан байдлаар танилцуулаад байна гэдгээ хэллээ.

Сонгогчдын нэрийн жагсаалтыг иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд үндэслэн үйлдэх, нягтлан шалгах, танилцуулах ажлын хүрээнд хуульд заасны дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээллийн цахим сан дахь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгуулийн эрх бүхий иргэний тоог баг, хороо бүрээр 2021 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн байдлаар гаргаж, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд хүргүүлжээ. Мөн хуульд заасны дагуу холбогдох журам болон маягт, загварын төслийг боловсруулан гуравдугаар сарын 26-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороогоор батлуулж, улмаар гуравдугаар сарын 29-ний өдрийн 1/2217 тоот албан бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А 213/38 дугаар тушаал/тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-ыг энэ сарын 02-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо болон улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь газар, хэлтэст хүргүүлжээ.

Сонгуулийн хэсэг байгуулсан сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу гуравдугаар сарын 15-ны өдрийн байдлаар Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн сан дахь сонгогчийн бүртгэлд нийт 2087 сонгуулийн хэсгийн мэдээлэл үүссэн бөгөөд үнээс  орон нутагт 1630, нийслэлд 457 сонгуулийн хэсэг ажиллах юм байна. Сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй, тухайн сонгуулийн хэсэгт хамаарах, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдэх, сонгуулийн насны иргэдийн мэдээллийг цахим санд тусгажээ.

 Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Сонгуулийн ерөнхий хорооны хамтарсан 2021 оны А213/38 дугаар тушаал/тогтоолоор баталсан “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах журам”-д заасны дагуу тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлтэй сонгогчийг сонгогчдын нэрийн жагсаалтад үнэн зөв, давхардал, зөрчилгүй тусгасан эсэхийг нягтлан шалгаж, сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдсэн. Энэ үндсэн дээр 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар сонгогчдын нэрийн жагсаалтад нийт 2,159,203 сонгогч бүртгэгдсэн бөгөөд үүнээс 1,142,705 сонгогч нь аймагт, 1,016,498 сонгогч нь нийслэлд бүртгэгдээд байгааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга танилцуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт “Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа сонгуулийн эрх бүхий иргэний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн мэдээллийг аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороогоор болон сонгуулийн хэсэг бүрээр нь нэгтгэн гаргах бөгөөд уг жагсаалтыг ээлжит сонгуулийн жилийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж, сонгууль дуустал өөрийн цахим хуудсанд байрлуулна” гэж заасан. Энэ дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сарын 01-ний өдөр www.burtgel.gov.mn цахим хуудсанд байрлуулж, энэ талаарх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан ёсны цахим хаягаар нийтэд мэдээлсэн. Сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжоор хангаад байна. Өнөөдрийн байдлаар 4416 иргэн сонгогчийн нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ танилцсан талаар дурдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, энэ хуулийн 72.2-т заасны дагуу сонгуулийн дүнг нийтэд мэдээлсний дараах өдрөөс сэргээнэ” гэж, 25.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.1-д заасан иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох, сэргээх тухай шийдвэрийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга гаргана.” гэж тус тус заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдрийн “Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоох тухай” А/215 тоот тушаалаар 2021 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн  сонгуулийн дүнг нийтэд мэдээлэх өдрийг дуустал хугацаанд иргэний шилжилт хөдөлгөөний зогсоохоор зааж,  энэ тухай нийтэд мэдээлж ажиллаж буйгаа тодотголоо.

Эцэст нь тэрбээр Ковид-19 халдварт цар тахлын улмаас улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан сонгуулийн техник хэрэгслийг сонгуулийн хэсгийн хороодод түгээх, итгэмжлэгдсэн ажилтанд зориулсан сургалтыг танхимаар зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хороонд хүргүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх магадлалтай; мөн сонгуулийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа хэвлэх болон биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/-ийг унших төхөөрөмж, бусад дагалдах хэрэгслийг анх 2012 онд авснаас хойш шинэчлээгүй байгаа; Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 60 дугаар зүйлийн 60.7, 60.8 дахь хэсэгт заасан тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан болон цахим архив үүсгэхээр байгаа заасан хэдий ч сонгуулийн санал авах өдөр сонгогчийн тухай үеийн гэрэл зургийг авах техник хэрэгсэл байхгүй зэрэг хүндрэлтэй асуудал байгааг хэлж байв.

Дараа нь Гадаад харилцааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрын захирал С.Золжаргал цахимаар оролцож, тус яамнаас авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийсэн юм.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг бүхий төв комиссыг Сонгуулийн ерөнхий хороо, гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтарч байгуулахаар хуульчилсан. Энэ дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг зохион байгуулж явуулах үүрэг бүхий төв комиссыг 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулаад байгаа. Төв комисс хоёр удаа хуралдаж, дэлхийн 30 улсад иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах салбар комиссыг 187 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан тухай тэрбээр дурдав. Гадаад харилцааны яам хуулиар хүлээсэн ичг үүргийнхээ дагуу сонгуулийн бэлтгэл ажлыг хангах, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудад мэдээлэл, арга зүйн зөвлөмж, чиглэл өгөх, тэднээр дамжуулан иргэддээ мэдээлэл хүргэх ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь шууд нислэг хийгдэхгүй байгаа тул саналын хуудсыг заасан хугацаанд цаг алдалгүй хүргүүлэхэд анхаарч, энэ талаар холбогдох байгууллагуудтай ярилцаж, гарц боломжийг эрэлхийлж байгаа гэдгийг дурдлаа.

Хуулийн дагуу төв комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, салбар комиссыг ажиллах байр, нөхцөл, боломжоор хангах үүргийг тухайн улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар хүлээх аж. Төв комисс нь Сонгуулийн ерөнхий хорооны шууд удирдлагын доор сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулах бол салбар комисс нь төв комиссын шууд удирдлагын доор гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах юм.

Мэдээллүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Б.Пүрэвдорж, Ж.Мөнхбат, Г.Ганболд нар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга, Гадаад харилцааны яамны төлөөллүүдээс асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үг хэлж байр сууриа илэрхийлэв.

Хуралдааны төгсгөлд Дэд хорооны дарга Г.Ганболд хэлэхдээ, гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн гаүруудад саналын хуудсыг саадгүй хүргэх асуудлыг цаг хугацааны хувьд сайн анхаарах, сонгууль зохион байгуулахтай холбоотой танхимын сургалтыг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахимаар явуулах боломжийг хайх, санал тоолох техник, төхөөрөмжийг алслагдсан, сүлжээгүй орон нутгийн хэсгийн хороодод хэрхэн хүргүүлэх, найдвартай байдлыг хэрхэн хангахад анхаарч бэлтгэхийг сайн хангахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Мөн тэрбээр энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсож танилцлаа. Цаашид тодорхой санал байвал Байнгын хороо, Засгийн газарт уламжилж шийдүүлэх боломжтой гэдгийг хэллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Тод мэдээ

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана

Огноо:

,

БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.

Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ

Огноо:

,

Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.

Энэхүү шийдвэр нь  тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.

Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.

Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Тод мэдээ

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна

Огноо:

,

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.

Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,

  • Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 
  • Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
  • Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.

Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.

Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Тод мэдээ1 цаг 53 минут

БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг б...

Тод мэдээ2 цаг 7 минут

Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ...

Тод мэдээ2 цаг 13 минут

“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажи...

Өнөөдөр2 цаг 16 минут

ӨНӨӨДӨР: УИХ-ыг чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Тод мэдээ2 цаг 20 минут

Улаанбаатарт өдөртөө 11 хэм дулаан

Тод мэдээ2025/10/01

“Тархцын хяналт-2025” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 гэмт хэр...

Тод мэдээ2025/10/01

Монгол Улсын хамгийн өндөр настан 107 настай

Тод мэдээ2025/10/01

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр дахин арвижл...

Тод мэдээ2025/10/01

Яармагийн гүүрээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барих төлөв...

Тод мэдээ2025/10/01

Явган хүний замын хуучин хавтангаар гэр хорооллын нарийн гудамжийг т...

Тод мэдээ2025/10/01

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон түр хороод

Тод мэдээ2025/10/01

Төрөөс мөнгөний бодлогын талаарх 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн...

Тод мэдээ2025/10/01

ЗГ: Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилох асуудлыг Ерөнхийлөгч У.Хүрэ...

Тод мэдээ2025/10/01

Г.Занданшатар: Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл байх ёс...

Өнөөдөр2025/10/01

Улаанбаатарт өдөртөө 21 хэм дулаан

Тод мэдээ2025/09/30

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Палестин, Израилийн мөргөлдөөний талаар хэлэл...

Тод мэдээ2025/09/30

Бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч 2.102.000 төгрөгийг залил...

Тод мэдээ2025/09/30

ГИХГ: Хиймэл оюун (AI)-д суурилсан чатботыг зөвлөгөө мэдээллийн үйчи...

Тод мэдээ2025/09/30

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн...

Тод мэдээ2025/09/30

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуу...

Тод мэдээ2025/09/30

ЭЗБХ: Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив

Тод мэдээ2025/09/30

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца тэргүүтэй...

Тод мэдээ2025/09/30

Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Өнөөдөр2025/09/30

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Өнөөдөр2025/09/30

Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан

Тод мэдээ2025/09/29

Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг...

Тод мэдээ2025/09/29

Нийтийн тээврээр 31 мянган иргэн бэлэн мөнгө төлж үйлчлүүлж байна

Тод мэдээ2025/09/29

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага олон иржээ

Тод мэдээ2025/09/29

УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг Монгол Ардын намын даргаар сонголоо

Санал болгох