Дэлхий нийтээр..
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилийн уулзалтын нээлтэд оролцов
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт”-ын 2021 оны жилийн уулзалтын нээлтийн ажиллагаанд цахимаар оролцож үг хэлэв. Энэ жил “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” үүсгэн байгуулагдсаны 20 жилийн ойн тохиож байгаа бөгөөд энэ удаагийн уулзалт “Өөрчлөгдөж буй дэлхий ертөнц: Дэлхийн засаглалыг бэхжүүлж, Бүс ба Зам хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд хамтдаа оролцоё” сэдвийн дор болж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ Баоагийн чуулга уулзалт бүс нутгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгод талуудын хамтын ажиллагаа, хүч чармайлтыг нэгтгэсэн яриа хэлцээний чухал индэр болж байгааг онцлов. Ерөнхий сайд Бүгд Найрамдах Хятад Ард Улс НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилго 2030-д тодорхойлсон ядуурлыг бууруулах зорилтод 10 жилийн өмнө хүрсэнд баяр хүргэхийн хамт, ядуурлыг бууруулахад эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, баялгийн шударга хуваарилалт хийхийн чухлыг тэмдэглэв. Тэрбээр цар тахал улс хоорондын харилцан хамаарал ямар гүн гүнзгий болохыг, мөн хамтын үйл хэргийн ач холбогдлыг юу юунаас илүү сануулж байгааг дурдаад, Засгийн газраас цар тахалтай тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээг мэдээлэв.
Ерөнхий сайд Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тодорхойлсон уул уурхайн үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл технологи, аялал жуулчлал, тээвэр логистик зэрэг тэргүүлэх чиглэлийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэх болон бүс нутгийн улс төр, эдийн засгийн үйл явцад идэвхтэй оролцох бодлогоо цаашид ч үргэлжлүүлэхийг онцоллоо.
Баоагийн чуулга уулзалтад БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Бруней, Вьетнам, Чили, Индонез, Казахстан, Лаос, Солонгос, Сингапур, Шри Ланка Улсын Ерөнхийлөгч, Бангладеш, Мальта, Шинэ Зеланд, Камбожийн Хаант Улсын Ерөнхий сайд, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дарга, мөн Олон улсын валютын сангийн тэргүүн нар оролцож байна.
Азийн бүс нутгийн улс орнуудын эрх ашгийг дээдэлсэн, энэ бүс нутгийн төр засгийн удирдлага, бизнесийн төлөөлөл, эрдэмтэн судлаачдын хүрээнд санал солилцдог байгууллага бий болгох санаачилгыг Филиппиний Ерөнхийлөгч асан Фидель Рамос, Австралийн Ерөнхий сайд асан Боб Хоук, Японы Ерөнхий сайд асан Морихиро Хосокава нар 1998 онд анх дэвшүүлснээр “Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалт” Хятадын Хайнань мужийн Боаод 2001 онд албан ёсоор байгуулагдсан түүхтэй. Монгол Улс тус чуулга уулзалтын санаачлагч анхны 26 улсын нэг бөгөөд Ерөнхийлөгч асан П.Очирбат санаачлагч гишүүдийн нэг юм. Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны яам, Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалттай хамтран 2019 онд “Улаанбаатарын бага хурал”-ыг Монгол Улсад зохион байгуулж байсан.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/05/25
Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх хэлэлцүүлэ...
-
Үйл явдал2020/12/21
УИХ дахь намын бүлэг, ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана
-
Үйл явдал2024/05/21
Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2025/08/08
Дэлхийн шингэрүүлсэн хийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар санал солил...
