Дэлхий нийтээр..
Улсын төсвийг ковидын дараах эдийн засгаа сэрээн босгоход чиглүүлэх нь зүйтэй гэв
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2022 онд баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар;
- Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийн талаар;
- Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлт зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Тухайлбал,
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Улсын төсвийн хөрөнгө гэж ярьж байгаа ч ард иргэдийн татварын мөнгө. Тиймээс маш зөв зарцуулах шаардлагатай. Сургуулийн насны 100 хүүхэдтэй суманд 500 хүүхдийн суудалтай сургууль барьдаг, аймгийн төвөөсөө зайдуу дэд бүтэцгүй газарт сургууль цэцэрлэг бариад ашиглаж чаддаггүй зэрэг төсвийн хөрөнгө оруулалт, оновчгүй хийгдсэн зүйлс байна. Цаашид үүнийг зөв эрэмблэх, төрийн өмчит компаниудаа хувьчлах, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэгт анхаарах ёстой.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Өнөөдөр зам барилга гэхээс илүү иргэдэд ажлын байр, амьжиргаагаа өөд татахад шаардлагатай зүйлд төсвийн хөрөнгө оруулалтаа хандуулмаар байна. Бас нэг анхаарах зүйл нь татварын өргүй байх гэдэг шалгуурт компаниуд бүдрээд тендер гацаад байна. Эдийн засгийн байдлаас шалтгаалаад компаниуд татварын өр нь хуримтлагдсан. Энэ асуудлыг уян хатан шийдээд явах хэрэгтэй. Төсвийг агуулга талаас бус үр ашиг талаас нь эрэмблэх шаардлагатай.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Та бүхний үйл ажиллагааны чиглэл зөв байна. Гэхдээ үлгэр болголгүй зоригтой хэрэгжүүлээрэй. Соёл урлагаар дэмжинэ гэдэг соёлын төв барихыг хэлэхгүй. Боловсролыг сургууль, цэцэрлэгийн барилга байшин босгосноор хэмжихгүй ээ. Одоо иргэдийн амьжиргааг дэмжих л чухал байна. Бодлого, мөнгө хоёр нэг газар байж болохгүйг амьдрал нотоллоо.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Төсвийн шинэчлэл хийе гэвэл орон нутагт илүү их эрх мэдэл өгөх хэрэгтэй. Сангийн яам бодлогоо барьж ерөнхий хяналтаа тавиад явах ёстой. Сангийн яаманд баригдаад чөлөөт эдийн засаг, чөлөөт хөгжил боомилогдоод байна. Үр ашиг ярья гэвэл анхан шатандаа шийдвэр гаргах эрхийг өгөх ёстой. Олон хүний гар дамжсаар үр ашиггүй болоод байгааг анхаарах хэрэгтэй гэв.
Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Дүгнэлтэд, Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хорооны шүүгч бус таван гишүүнийг сонгон шалгаруулах, томилох зэрэг хэд хэдэн заалт Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн. Шүүх хараат бус, улс төрөөс ангид ажиллах ёстой. Гэтэл сонгон шалгаруулах үйл явцад УИХ шууд оролцох нь хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзжээ. Тиймээс Шүүхийн тухай хуулийн зарим заалтыг дөрөвдүгээр сарын 28-наас түдгэлзүүлсэн Цэцийн дүгнэлттэй гишүүд санал нэгдлээ. Мөн өнөөдрийн бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд буй УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг дэмжиж байгаагаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг илэрхийлсэн. Гишүүд энэ талаараа мэдээлэл хийхийн сацуу, Үндэсний аудитын газраас ирсэн бичигт бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж, нэгдмэл байдлаар хариу өгөх асуудлыг олонхиороо шийдвэрлэв.
Дэлхий нийтээр..
Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал захиалсан гэж үзжээ
Германы прокурорууд 2022 онд “Умардын урсгал” хийн хоолойд гарсан дэлбэрэлттэй холбоотойгоор Украины армийн офицер асан этгээдэд яллах дүгнэлт үйлджээ. Түүнийг Украины төрийн байгууллагын нэрийн өмнөөс ажиллаж, хоолойг дэлбэлэх ажиллагаанд оролцсон гэж буруутгаж байна.
Германы хувийн мэдээлэл хамгаалах журмын дагуу Серхий К. гэж нэрлэгдсэн уг этгээдийг иргэний зориулалттай байгууламжид халдсан, дэлбэрэлт үүсгэсэн, дэд бүтэц сүйтгэсэн, нийтийн үйлчилгээг тасалдуулсан бүлэгт багтсан гэж үзжээ. Харин тэрбээр уг хэрэгт холбоогүй гэдгээ мэдэгдсэн байна.
Киевийн эрх баригчид Германы прокуроруудын мэдэгдэлд дэлгэрэнгүй тайлбар өгөх хангалттай мэдээлэл одоогоор байхгүй гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский яллах дүгнэлтийн талаар бүрэн мэдээлэл аваагүй тул одоогоор дүгнэлт хийхэд эрт байна гэж мэдэгдсэн байна.
Прокуроруудын мэдээлснээр Серхий К. нь 2022 оны есдүгээр сард шумбагчид, хөлгийн ахмад, тэсрэх бодисын мэргэжилтнээс бүрдсэн багийг удирдан Герман руу хуурамч бичиг баримтаар нэвтэрч, хөлөг түрээслэсэн гэж үзэж байна. Улмаар багийнхан Балтын тэнгист байрлах хоолойн хэсэгт тэсрэх төхөөрөмж байрлуулсан гэх үндэслэлээр шалгагдаж байна.
“Умардын урсгал”-ын дэлбэрэлт 2022 оны есдүгээр сард буюу Орос Украинд бүрэн хэмжээний довтолгоо эхлүүлснээс долоон сарын дараа болсон. Дэлбэрэлтийн улмаас Оросын байгалийн хийг Европ руу дамжуулах гол шугам болох “Умардын урсгал-1” гэмтэж, ашиглалтад ороогүй байсан “Умардын урсгал-2”-ын хэсэг мөн эвдэрсэн юм.
Германы тал уг хэргийг өөрийн харьяалалд хамаарна гэж үзэж байна. Учир нь гэмтсэн хоолойнууд Германы Мекленбург–Өрнөд Померани мужийн Любмин хотод хүрдэг бөгөөд Германы эрчим хүчний аюулгүй байдалд нөлөөлсөн гэж тайлбарлажээ.
Дэлхий нийтээр..
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён-ы хамт 2026 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Энэ айлчлал БНСУ-ын төрийн тэргүүн 2011 онд манай улсад айлчилснаас хойш 15 жилийн дараа болох юм.
Айлчлалын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны хэлэлцээ хийж, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн бэхжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр санал солилцоно.
Айлчлалын үеэр талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд хүндэт зочдын хувиар оролцоно.
Хоёр улс:
2006 онд “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”
2011 онд “Иж бүрэн түншлэл”
2021 онд “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон.
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс 1990 оны 03 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. БНСУ 1990 онд Улаанбаатар хотноо, манай улс 1991 онд Сөүл хотноо Элчин сайдын яамаа нээжээ.
Дэлхий нийтээр..
Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж мэдэгдэв
Пакистаны аюулгүй байдлын хүчнийхэн Афганистантай залгаа хилийн бүсэд явуулсан хуурай замын ажиллагаа болон дараах агаарын цохилтын үеэр 29 зэвсэгт этгээдийг устгасан гэж тус улсын эрх баригчид мэдэгдлээ.
Пакистаны Мэдээллийн сайд Аттаулла Тарарын мэдээлснээр, уг ажиллагааг сүүлийн үед тус улсын нутаг дэвсгэрт гарсан хэд хэдэн зэвсэгт халдлагын хариу арга хэмжээ болгон зохион байгуулжээ. Тэрбээр ажиллагааны үеэр зэвсэгт бүлэглэлүүдийн байрлаж байсан нуугдах газар, баазуудад чиглэсэн цохилт өгсөн гэж мэдэгдсэн байна.
Энэхүү ажиллагаа нь Карачи хот дахь Пакистаны хилийн цэргийн төв байр руу зэвсэгт халдлага үйлдэгдсэний дараахан болсон юм. Уг халдлагын улмаас гурван цэргийн алба хаагч амь үрэгдэж, хэд хэдэн хүн шархадсан бөгөөд халдлагын хариуцлагыг Пакистаны Талибантай холбоотой Жамаат-ул-Ахрар бүлэглэл хүлээжээ.
Сүүлийн жилүүдэд Пакистаны баруун хойд бүсэд зэвсэгт халдлагын тоо эрс нэмэгдэж, тус улсын эрх баригчид ихэнх халдлагыг Пакистаны Талибан (TTP) болон түүнтэй холбоотой бүлэглэлүүдтэй холбон тайлбарлаж ирсэн. Харин Афганы эрх баригчид өөрийн нутаг дэвсгэрийг ийм зорилгоор ашиглуулахгүй гэсэн байр сууриа удаа дараа илэрхийлж байгаа юм.
-
Дэлхий нийтээр..2022/03/25
Бодлогын хүүг өсгөж 9.0 хувьд хүргэх шийдвэр гаргалаа
-
Дэлхий нийтээр..2025/06/25
УИХ-ын эмэгтэй гишүүд ОУПХ-ны ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзав
-
Үйл явдал2023/01/13
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарна
-
Үйл явдал2021/03/24
“Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож...
