Дэлхий нийтээр..
Шайлеш Тинайкар: Монгол цэргүүд бусдыг манлайлж энхийг цогцлооход үлгэр жишээ болдог
НҮБ-ын “UNMISS” ажиллагааны Цэргийн хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкартай ярилцлаа. Энэтхэг Улсын Зэвсэгт хүчний генерал тэрээр 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрөөс Хүчний командлагчаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэ ташрамд бидний ажилд дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллаж эл ярилцлагыг сийрүүлэн илгээсэн НҮБ-ын “UNMISS” энхийг сахиулах ажиллагаан дахь Үндэсний ахлах төлөөлөгч, хурандаа Ж.Молорболдод талархал илэрхийлье.
Юуны өмнө танд Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн мэндийг хүргэе...
-Баярлалаа, Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины хуудсаар дамжуулан уншигч та бүхэнтэй, тэр тусмаа монгол цэргүүдтэй мэндчилж байгаадаа баяртай байна. Энэ завшааныг ашиглан Монгол Улсын ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзоригт миний зүгээс хариу мэндчилгээ дэвшүүлж, энхийг сахиулагчдаа илгээн тус ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлье.
Та “UNMISS” ажиллагааны сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?
-“UNMISS” ажиллагааны цагийн байдал нь сүүлийн үед тогтворгүй, НҮБ болон БНӨСУ-ын хооронд байгуулсан Энхийн гэрээний олон заалтын хэрэгжилт хангагдахгүй, хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Түүнчлэн сөрөг хүчнүүдийн цэргийн бүлэглэлүүд нэгдэж нэг Зэвсэгт хүчинтэй болох үйл явцын хэрэгжилт удааширч, нэгдсэн Зэвсэгт хүчин байгуулагдах асуудал мөн хүлээлт үүсгэсэн байдалтай байна. Гэсэн хэдий ч НҮБ-аас байнгын хүчин чармайлт гаргаж байгаагийн үр дүнд Энхийн гэрээний явц, үйл ажиллагааг дээд түвшинд дахин авч үзэхээр төлөвлөж буй. Өнөөгийн байдлаар Өмнөд Судан болон тус улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа буюу “UNMISS” хоорондын харилцаа, хамтын ажиллагаа маш удааширсан, нэг ёсондоо зогсонги байдалд байна гэж хэлж болно. Энэхүү удааширсан байдал нь хамтран ажиллаж, цаашид үйл ажиллагаа явуулахад НҮБ-ын цэргийн хүчинд ихээхэн саад бэрхшээлийг учруулж байгаа ч ирээдүйд шинэчлэн байгуулах Энхийн гэрээнд гарын үсэг зурахад Өмнөд Суданы тал нааштай хандана гэж бид итгэл тавьж байгаа. Энэхүү Энхийн гэрээнд асуудлыг нааштайгаар шийдэх шинэ нөхцөлүүдийг тусгаж өгснөөр цаашид бидний үйл ажиллагаа амжилттай үргэлжлэн мандатын хэрэгжилтийг хангахад улам дөхөм болно гэж үзэж байна.
Тус ажиллагааны үнэлэмж, түүнд оруулж буй монгол цэргүүдийн хувь нэмрийн тухайд онцолбол...
-“UNMISS” ажиллагаа нь Өмнөд Суданд энхийн төлөө ажиллаж байгаа НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагууд дотроо хамгийн чухал хамтрагч гэдгээр нийт ард иргэдэд хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Энэ нь тус ажиллагааны газар орон дахь НҮБ-ын баазуудаас гадуур урт хугацаагаар үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдын үйл ажиллагаанаас харагдаж, иргэдийн сэтгэгдлээр үнэлэгдэж байдаг юм. Энэ ташрамд нэг жишээ дурдахад тус ажиллагааны хойд бүсэд байрлах Монгол Улсын цэргийн багаас тодорхой тооны бүрэлдэхүүн үндсэн байрлалаасаа гарч дөрвөн сарын туршид ажиллагааны түр баазыг зохион байгуулж, мандатад заагдсан үүргээ амжилттай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажилласанд Хүчний командлагчийн хувьд талархалаа илэрхийлж байна. Энэхүү ажиллагааны түр баазыг маш хүнд нөхцөлд, ихээхэн хүчин чармайлт гарган зохион байгуулж, удаан хугацаанд мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр хатуужлыг гарган үүргээ амжилттай хэрэгжүүлсэн нь “UNMISS” ажиллаагаанд мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж буй бусад улсын цэргийн бүрэлдэхүүнд үлгэр дуурайлал болж байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний удирдлагад үүрэг гүйцэтгэж байгаа Монголын цэргийн багууд НҮБ-ын мандатад заагдсан үүргээ ямагт мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадвар өндөр болохыг зөвхөн энэ ажиллагаа бус НҮБ-ын бусад ажиллагаан дахь оролцооноос харж болох юм.
"МОНБАТТ"-ыг удирдлагаар хангаж хамтран ажиллаж байгаагийн хувьд та монгол цэргүүдийн үүрэг гүйцэтгэлт, ур чадварын тухай юу хэлэх вэ?
-Монголчууд маш эрэлхэг, дайчин ард түмэн гэдгээрээ дэлхийд танигдсан. Тийм ч учраас бусад орны цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдыг өндрөөр үнэлж, хүндэлдэг болов уу. Одоо энд үүрэг гүйцэтгэж байгаа цэргийн баг ч мөн адил үүнийг баталгаажуулж бидэнд харуулсаар байна. Дахин хэлэхэд Монголын цэргийн багийн алба хаагчид маш сайн сургагдсан, бусдыг манлайлах, энхийг цогцлооход тэргүүн эгнээнд байж үлгэр жишээ нь болсоор байна.
Миний хувьд тус ажиллагаанд Цэргийн хүчний командлагчаар томилогдон ирэхээсээ өмнө монгол хүнтэй уулзаж, монгол орны талаар ихийг мэдэх боломж тохиогоогүй хэдий ч энэ цаг үед би монгол цэргүүдтэй мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж, тэднээс олон зүйлийг олж мэдэн, тэднийг удирдан чиглүүлж байгаадаа өөрөөрөө бахархахаас гадна монгол цэргүүдийг маш сайн хамтрагчид, мэргэжлийн өндөр ур чадвартай, бусдыг манлайлдаг дайчин чанартайд нь талархаж, бас бахархан омогшиж байгаагаа илэрхийлье.
Ярилцлагынхаа төгсгөлд нийт энхийг сахиулагчдад хандаж та юу хэлэх вэ?
-Энхийг сахиулна гэдэг нь маш сайхан үйлс юм. Тодруулбал, маш их зовлон үзэж байгаа хүмүүст энх тайван, амар амгаланг өгч байгаагаараа, мөн аюултай цагийн байдлыг тогтвортой тайван болгож байгаа нь нэн бахархмаар үйл хэрэг юм. Зарим үед тогтвортой байдлыг бий болгох, сахин хамгаалахад ихээхэн хүндрэл бэрхшээл тулгарч байдаг ч манай энхийг сахиулагчид энэ газар оронд энхийг тогтоож чадна, амжилт олно гэсэн итгэл үнэмшил дүүрэн үүргээ гүйцэтгэж байна.
Энэхүү завшааныг тохиолдуулан бусдын сайн сайхны төлөө хүнд хэцүү нөхцөлд гэр бүлээсээ хол энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байгаа нийт энхийг сахиулагчид, ялангуяа Монголын Зэвсэгт хүчний цэнхэр дуулгатнуудад Олон улсын энхийг сахиулагчдын өдрийн баярын мэндийг хүргэж амжилт хүсье.
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
