Хэн юу хэлэв...
Л.Оюун-Эрдэнэ: "Найрамдал" цогцолборын барилгад их засвар хийж, цаашид тухайн бүсэд газар эзэмших эрх олгохгүй
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд Олон улсын хүүхдийн "Найрамдал" зуслан, Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Хүүхэд залуучуудын театр, "Бамбарууш кафе", Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, "Хүрээ амаржих" газарт ажиллалаа.
Эхлээд "Найрамдал" Олон улсын хүүхдийн зуслангийн үйл ажиллагаатай танилцав. Энэ үеэр зуслангийн удирдлагууд "Өвлийн оргил ачааллын үед дөрвөн зуухаа галлахад технологийн алдагдал үргэлж гардаг. Энэ жил 70 гаруй сая төгрөгийн урсгал засвартай байгаа. Нүүрсний зардал их бөгөөд жилд 430 гаруй сая төгрөгийн дулаалгын зардал гарч байна. Анхдагч үнээр нүүрс авах боломж алга. Уурын зуухны хувьд 2012 оноос хойш нэг ч урсгал засвар хийгдээгүй. Орбитоос Найрамдал орох замын асуудал хүнд байна" гэдгийг хэллээ.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Найрамдал зуслангийн эргэн тойронд дахиж газар олголт хийгдэхгүй талаар Засгийн газрын шийдвэр өнөөдөр гарсан. “Найрамдал” зусланд иж бүрэн засвар хийнэ. Энэ засварт уурын зуухны асуудал орно. Олон улсын хүүхдийн зуслан болох ажил хийгдэнэ. "Найрамдал -2" зуслангийн ажил Хөвсгөл аймагт хийгдэж, улсын төсөвт тусгагдахаар болсон" гэв.

Дараа нь Сонгинохайрхан дүүрэгт баригдаж буй Соёлын ордны барилгын явцтай танилцлаа. Засгийн газраас Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд баригдаж байгаа Соёлын ордны барилгыг Хүүхэд залуучуудын театр болгохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцаж, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргасан юм. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Театр 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардлагатай хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхаар боллоо.


Монгол Улсын Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар "Бид та бүхнийхээ итгэлийг алдахгүй. 70 жил хөгжсөн театрынхаа үргэлжлэлийг бид авч явна. Түүхэн үйл явдал хэдий боловч энэ театрын ажиллаж байсан, одоо цаашдаа ажиллах уран бүтээлчид бүгд та бүхний итгэлийг алдахгүйгээр ажиллана гэдгээ амлаж байна. Дээрээс нь хүүхэд залуучуудад оюуны хөрөнгө оруулалт төдийгүй хүмүүжил, ёс суртахууны өргөн мэдлэгийг тэлэх том гарц гэж харж байна" гэдгийг хэллээ.

Мөн “Бамбарууш” кафег хуучин зориулалтаар үйлчилгээг нь сэргээхээр болсон. Тус кафе 1970-1990 онд ийм нэртэй үйл ажиллагаа явуулж байгаад, өмч хувьчлалаар хувьчлагдаж, нэршил, чиглэл нь өөрчлөгджээ. Тэгвэл одоогийн эзэмшигчид нь хуучин зориулалтаараа төдийгүй хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар болсон юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотод “Бамбарууш” кафе болон хүүхэд, залуучуудын түүхтэй холбоотой олон сайхан газар бий. Уламжлалт, дурсгалт газруудаа нээж, нэршлийг нь сэргээж байгаа нь хүүхэд, багачуудын ирээдүйд олон сайхан дурсамж бүтээж байгаа хэрэг гэдгийг онцоллоо.
"Моннис" группийн үйл ажиллагаа хариуцсан захирал н.Мөнхбаатар "Бидний зүгээс "Бамбарууш" кафег нийгмийн хариуцлагын хүрээнд бизнесийн чиглэлээр биш хүүхдүүдэд хандсан эрүүл хооллолт, сургалтын төвтэй, номын сантай цогц төв байхаар тохижуулах шийдвэр гаргасан. Заавал төр гэлгүй хувийн хэвшил ч өөрсдийн санаачлагаар хүүхдийн сайн сайхны төлөө бүтээн байгуулалт хийх ёстой. Энэ ч утгаараа "Бамбарууш" кафег хуучнаар нь ашиглах шийдвэр гаргасан" гэлээ.

Үүний дараагаар Нийслэлийн Хүрээ амаржих газар, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллав. Эмнэлгүүдийн барилга болон бусад асуудалтай газар дээр нь танилцаж заримыг нь шийдвэрлэхээр боллоо. Тухайлбал, Хүрээ амаржих газар, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн барилгад их засвар хийхэд шаардагдах хөрөнгийг ирэх оны улсын төсөвт тусгахаар боллоо. 1959 онд байгуулагдсан Хүрээ"амаржих газар л гэхэд 85 ортойгоор үйл ажиллагаа явуулж байна. Цаашид Засгийн газраас Улаанбаатар хот дахь амаржих газруудын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор шат дараатай арга хэмжээг авч ажиллана.

Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Дэлхий нийтээр..2023/10/10
Г.Занданшатар: Нийгмийн ёс зүйн төлөвшлийг төрийн алба манлайлах учиртай
-
Дэлхий нийтээр..2024/10/09
ГССҮТ-ийн салбар эмнэлэгт өндөр даралтат хүчилтөрөгчийн эмчилгээг эхлүүлэхэд бэл...
-
Дэлхий нийтээр..2023/04/21
УИХ: Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг...
-
Дэлхий нийтээр..2020/11/05
Сумдын хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүдэд зориулсан сургалт боллоо
