Хэн юу хэлэв...
Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Залуучуудын хөгжлийн үндэснийн зөвлөлийн бүрэлдэхүүнээ өнгөрсөн дөрөвдүгээр сард шинэчилж, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлаад байгаа билээ.
Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн төлөвлөгөөний дагуу яам бүрт залуучуудын хөгжлийн зөвлөлийг байгуулаад байгаа юм. Энэ удаад Соёлын яамны залуучуудын зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус яамны шинжээч, Залуучуудын хөгжлийн зөвлөлийн дарга Э.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлийн тухайд ямар асуудлыг голчилж, зорьж байна? Бүтэц бүрэлдэхүүний тухайд?
-Юуны өмнө эрхэм уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Соёлын сайдын А/85 дугаар тушаалаар яамны Залуучуудын хөгжлийн зөвлөл нийт 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Энэ зөвлөл маань соёлын салбарын залуучуудын хөгжлийн алсын харааг тодорхойлох, оролцоог нэмэгдүүлэх, санаачилгыг дэмжих зорилготой. Түүнээс гадна соёлын салбарын хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, санал, дүгнэлтийг тусгахыг чухалчилж байгаа. Бүтэц бүрэлдэхүүний тухайд соёл, урлагийн төрөл чиглэл бүрт буюу дууны урлаг, бүжгийн урлаг, хөгжмийн урлаг, соёл, урлагийн менежер, судлаач гэх мэт 16 зөвлөлийг байгуулна. Түүнчлэн Соёлын яамны харьяа 23 байгууллага, мөн бүх аймаг, нийслэл, сум, дүүрэгт салбарын залуучуудын хөгжлийн зөвлөл байгуулах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлд тухайн орон нутгийн харьяа соёл, урлагийн байгууллагуудын үндсэн ажилтан залуучууд болон хамтран ажилладаг салбарын төрийн бус байгууллагуудын гишүүд, аж ахуй нэгжүүдийн ажилтан, уран бүтээлчид, соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчид, ардын авьяастнуудын төлөөлөл бүхий 25 хүртэлх тэргүүлэгч гишүүнтэй сайн дурын зөвлөл байгуулагдана. Мөн яамны харьяа 23 байгууллагад 11 хүртэлх тэргүүлэгч гишүүнтэй зөвлөлүүд байгуулагдана. Соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдсанаар салбарын залуучуудын нийгмийн асуудлын суурь судалгаанууд хийгдэж, шийдвэрлэх арга зам, бодлого, төлөвлөгөө нь тодорхой болох юм. Мөн салбарын хууль эрх зүйн болон бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд залуучуудын оролцоог тодорхойлох ач холбогдолтой. Аливаа салбаруудад залуучуудын оролцоо хангалтгүй байна, тааруухан байна гэж яригддаг. Тийм учраас салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдэж байгаа юм.
-Соёлын яамны дэргэд одоогоор хэдэн салбар зөвлөл байгуулагдаад байна вэ?
-Өнөөдрийн байдлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын салбарын залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдаад явж байна. Мөн яамны харьяа байгууллагуудын зөвлөлүүд байгуулагдсан байгаа. Түүнчлэн соёл, урлагийн төрөл чиглэл бүрт байгуулагдах зөвлөлүүдээс Соёл, урлагийн менежер залуучууд, Соёл, урлаг судлаач залуучууд, Бүжгийн урлагийн залуучууд, Дүрслэх урлагийн залуучууд гэсэн дөрвөн зөвлөл байгуулагдсан байна. Цаашид дуу, хөгжим, тайз дэлгэц гээд зөвлөлүүд маань байгуулагдаад явах төлөвлөгөөтэй байгаа.
-Залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдаад явж байна гэлээ. Энэ зөвлөлүүдийн хийж хэрэгжүүлсэн ажил, түүний үр дүнг хэрхэн дүгнэх юм бол? Хэр хугацаанд үр дүн гарна гэж харж байгаа вэ?
-Зөвлөл болоод гарч байгаа залуучуудтайгаа хэд хэдэн зарчмын зүйл дээр санал солилцож байгаа. Нэгдүгээрт тухайн онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гаргахын зэрэгцээ суурь судалгаануудаа гаргаж эхэлмээр байна. Цаашлаад 2050 он хүртэл салбараа хөгжүүлэх төлөвлөгөөгөө гаргах. Жишээ нь олон улсын фестиваль арга хэмжээнүүдэд манай залуучууд очиж оролцдог. Тэгвэл эсрэгээрээ олон улсын залуучууд манай улсын фестивальд ирж оролцдог тийм наадамтай болж болох уу, сонгодог урлаг, дүрслэх урлаг, сийлбэрийн урлаг гээд бид бренд болсон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн A, B, зэрэглэлийн наадам, фестивалиудтай болж болох уу гэх мэт олон ажлууд байна. Энэ бол зөвхөн үйл ажиллагааны санаа. Тэгвэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хувьд залуучуудын соёлын ордонтой болох, соёлын салбарын залуучуудыг орон сууцжуулах асуудлууд байна. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд, бусад салбарын залуучууд өглөө 9 цагт ажлаа эхлээд 18 цагт тардаг бол манай салбарын залуучуудын тоглолт, арга хэмжээ нь орой 19 цагаас эхэлж 22.00 цагт дуусдаг байх жишээтэй. Энэ хугацаанд үр хүүхдээ харах, хичээл сургуулиас нь авах зэрэг олон асуудлууд гардаг. Эдгээр асуудлуудаа нарийвчлан судалж, шийдвэрлэх арга замыг хамтдаа тодорхойлж, яамандаа уламжилж, шийдвэрлүүлэх нь чухал юм.
-Зөвлөлүүд сайн дурынх гэлээ. Тэгэхээр соёлын салбарт ажиллаж байгаа бүх залуучуудад нээлттэй гэж ойлгох уу. Ямар нэг шалгуур, шаардлага байхгүй юу?
-Онцолсон шалгуур байхгүй ээ, 18-39 нас гэж одоогоор заасан байгаа. Залуучуудын насны хязгаар харьцангуй учраас 40 байна уу 42 байна уу залуучуудын зөвлөлд ороод залуустайгаа хамтраад явна гэсэн хүмүүст нээлттэй гэсэн санаа. Сүүлийн 21 хоногийн хугацаанд 16 төрлийн зөвлөлд одоогоор 1200 гаруй соёлын салбарын залуучууд бүртгүүлсэн байна. Тэгэхээр манай салбарын залуучуудын нийгмийн идэвх бол өндөр харагдаж байгаа юм. Нөгөө талаас соёлын салбарын залуучуудад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх тал дээр яамны бүхий л удирдлагууд буюу Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар дэмжиж ажиллаж байгаа. Ингэж залуучуудын санал санаачлагыг дэмжиж байгаа нь бидэнд урам зориг өгч байна.
-Яг соёлын салбарт хэдэн мянга орчим залуучууд ажиллаж байна. Тийм тооцоо судалгаа гаргасан уу?
-Нийт соёлын салбарын төрийн албан хаагчид 7300 гаруй байгаа. Хувийн хэвшилд мөн адил олон мянган соёлын ажилтан, уран бүтээлчид ажиллаж байдаг. Бидний хувьд нийт залуучуудын хөгжлийн зөвлөлүүд байгуулагдахад 4000 гаруй залуучуудыг тэргүүлэгчдээр бүртгэж хамтран ажиллана гэж үзэж байгаа. Тухайн залуучуудтайгаа хамтран цалингийн дундаж хэмжээ, орон сууцны хүртээмжийн асуудал, залууст олдож байгаа боломжууд ямар байна, хаана хүндрэл байна, ур чадварын хувьд аль түвшинд байна гэдэг бодит тоо, мэдээлэлтэй болж байж, тус тоон дээрээ ажиллахаар төлөвлөж байна.
-Залуучуудын зөвлөл энэ онд ямар ямар ажил хийхээр төлөвлөөд байгаа вэ?
-Энэ жилийн нэг онцлог нь Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байгаа. Энэ ойд зориулаад салбарын залуучуудтайгаа хамтраад нийгэмд нөлөөлсөн, соён гэгээрүүлэх чиглэлийн олон ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа. Мөн Монгол Улсын Соёлын сайдын ивээл дор салбарын 4000 залуучуудын “Соёлын салбарын залуучуудын хөгжлийн алсын хараа” цахим чуулган зохион байгуулах зэрэг олон ажлуудыг төлөвлөөд байна.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Танд болон танай хамт олонд талархал илэрхийлье. Залуучууд бидний үйл хэргийг уншигч олонд таниулж өгч байгаад баярлалаа. Энэ дашрамд соёлын салбарын залуучуудаа хөгжлийн зөвлөлдөө орж ажиллаад салбарынхаа хөгжлийн төлөө хамтран зүтгэхийг хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
Хэн юу хэлэв...
Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ
Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа.
Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгож, уг зөвшөөрлийн үндсэн дээр компаниуд захиалгаа авдаг. Мөн зөвшөөрөлгүйгээр ч сууц, талбайн захиалга авч байна. Захиалгын гэрээ байгуулахдаа тухайн сууц, талбай өмнө нь захиалагдсан эсэхийг шалгах боломжгүйгээс давхар захиалга хийгдэж, иргэд залилах гэмт хэргийн хохирогч болсоор байна. Өнөөдрийн байдлаар 2,569 иргэнд 206.0 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Ерөнхий сайдын 2026 оны 154 дүгээр захирамжаар “Орон сууцын захиалгын гэрээний улмаас хохирсон иргэдийн хууль ёсны эрх, ашгийг хамгаалах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шалгаж, үүсээд байгаа нөхцөл байдлыг шийдвэрлэх” үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан.
Хохирогчдын тоо нэмэгдэх эрсдэлтэй байгаа тул холбогдох төрийн байгууллагад байгаа мэдээллийг нээлттэй, ил тод болгож, иргэн, хуулийн этгээдийг урьдчилан сэргийлэх боломжтой үнэн зөв мэдээллээр хангах зайлшгүй шаардлага үүсжээ.

Засгийн газрын энэ тогтоолоор аймаг, нийслэлийн Засаг дарга барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, тухайн барилгын хаягийн болон хот байгуулалтын мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэсэн байршлын урьдчилсан хаяг, давхрын зохион байгуулалтын зураг, сууц, талбайн хаалганы дугаар болон хаалганы дугаар бүрээр үүсгэсэн QR код бүхий дахин давтагдашгүй дугаар зэрэг мэдээллийг барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосноос хойш ажлын гурван өдөрт Улсын бүртгэлийн ерөнхий газарт цахимаар хүргүүлэхийг үүрэг болголоо. Мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд шинэ мэдээллийг мөн гурванөдөрт цахимаар хүргүүлнэ.
Улсын бүртгэлийн байгууллага барьж дуусаагүй орон сууцын барилгын сууц, талбайд урьдчилсан тэмдэглэл, захиалгын гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр тэмдэглэлийн төлөв, тэдгээрийн өөрчлөлтийг албан ёсны цахим хуудсаар мэдээлнэ.
Ингэснээр иргэн, хуулийн этгээд сууц, талбай захиалгын гэрээ байгуулахаас өмнө тухайн сууц, талбайд өмнө нь захиалга, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийгдсэн эсэх зэрэг мэдээлэлд үндэслэн гэрээ байгуулах эсэх шийдвэр гаргах, учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцох боломж бүрдэнэ гэж үзлээ.
Хэн юу хэлэв...
Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа
“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 4,000 орчим монгол инженер, техникийн ажилтны мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр байгуулсан Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг өчигдөр /2026.10.11/ нээлээ.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.

Төмөр зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх 34 нэр төрлийн аюултай ачааг тойруулан тээвэрлэх, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, тээвэр, логистикийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой төсөл боллоо хэмээн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо. Тэрбээр “Энэ төсөлд гар бие оролцсон төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын бүх шатны төлөөлөлд нийслэлчүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье” гэв.

Төслийн хүрээнд нийт 33 сая шоо метр газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын дагуух 8 байршилд нийт 1,279 метр төмөр бетон гүүрэн байгууламж, иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэх зориулалттай 127 ширхэг төмөр бетон хоолойг барьж байгуулжээ.






-
Үйл явдал2020/03/26
Консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлнэ
-
Тод зураг2019/09/06
Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2024/02/16
Цасны нурангид дарагдсан хоёр малчны нэгийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
-
Дэлхий нийтээр..2021/08/09
Ирэх есдүгээр сарын олон улсын нислэгийн хуваарь
