Үйл явдал
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл , Ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын дэд хэсгийн ахлагч, Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатар, УИХ-ын гишүүн, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, профессор доктор А.Бямбажаргал. Үндсэн хууль судлаач О.Машбат нар оролцов.
Ингээд төслийн талаарх найруулгын өөрчлөлт хийсэн саналын томьёоллоор санал хураалт явууллаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх чиг үүрэгтэйгээр УИХ-ын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Томъёоллын ажлын дэд хэсэг, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг өчигдөр хуралдаж, хоёрдугаар хэлэлцүүлгээр дэмжигдсэн заалт бүрийг хэлэлцэн, найруулгын өөрчлөлт хийснийг онцоллоо.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нар төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалт буюу Арван есдүгээр зүйлийн 1 дэх “улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна.” гэснийг “улсын хэмжээний бодлого дэвшүүлж ажиллана” гэж өөрчлөх, төслийн 3 дугаар зүйлийн 9 дэх заалт буюу Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг” гэснийг “Шүүгчийн хараат бус байдлыг хангахтай холбоотой зөвлөлийн үйл ажиллагааны тайлан” гэж өөрчлөх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд тус тус 100 хувь дэмжлээ.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр өөрчлөн найруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Ингээд Улсын Их Хурлын нэр бүхий 62 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулахаар тогтов.
Үйл явдал
Туул гол дээгүүрх 476 метр төмөр замын гүүрийн угсралт үргэлжилж байна
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын 110 дугаар километрт байрлах Туул голын 476 метр урт гүүрийн бүтээн байгуулалтын төслийн газарт Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын холбогдох гишүүд үргэлжлүүлэн ажиллаж байна.

Төслийн хамгийн томоохон инженерийн байгууламжийн нэг болох уг гүүрийн бүтээн байгуулалтыг “Очирням” ХХК тэргүүтэй үндэсний таван компани гүйцэтгэж байгаа бөгөөд гүүрийн хойд хэсэгт дам нуруу угсралтын ажил үргэлжилж нийт 20 дам нуруу тавихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 8 дам нурууг угсраад байна.

Туул голын орчим нь нам дор, хотгор байршилтай бөгөөд хур тунадас ихтэй үед ус хуримтлагдах, голын усны түвшин нэмэгдэх, үерлэх эрсдэлтэй учир гүүрийн суурь, тулгуур болон далангийн ажилд инженерийн нарийн шийдэл шаардагдаж байна.
Төмөр замын нийт трассын дагуу есөн байршилд 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус, мал амьтны гарц болон 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөгджээ.
Үйл явдал
“Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлснээр жилд 50-100 сая м.куб-аар усны нөөц нэмэгдэнэ
Улаанбаатар хотын хүн ам, суурьшлын бүс, үйлдвэрлэл болон дагуул хотуудын хөгжил нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ цаашид эрчимтэй өсөх төлөвтэй байна.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн ундны болон үйлдвэрлэлийн усан хангамж газрын доорх усны нөөцөд түшиглэж байгаа бөгөөд 2040 он гэхэд усны хэрэглээ эрс нэмэгдэх тооцоо гарсан нь усны шинэ, найдвартай эх үүсвэр бий болгох шаардлагатайг харуулж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хот болон дагуул хотуудын урт хугацааны усан хангамжийг баталгаажуулах, газрын доорх усны нөөцөд ирэх ачааллыг бууруулах зорилгоор “Туул усан цогцолбор” төслийг 2025–2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн хүрээнд Туул голын урсацыг тохируулан гадаргын усыг хуримтлуулах, ус цэвэршүүлэх байгууламж болон ус дамжуулах дэд бүтцийг байгуулахаар төлөвлөжээ. Усны нөөц хомсдох, газрын доорх усны түвшин буурах зэрэг эрсдэлтэй тулгарч байгаа өнөөгийн нөхцөлд тус төсөл нь урт хугацаанд хотын ус хангамжийн баталгаа болох юм. Тухайлбал, гадаргын усыг хуримтлуулсанаар жилд 50–100 сая м.куб-аар усны нөөцийг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Kalpataru Projects International Limited (KPIL) компани боловсруулж байгаа бөгөөд ТЭЗҮ-ийн ажлын явц 90 орчим хувьтай байна. Төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын усны найдвартай эх үүсвэрийг нэмэгдүүлэх, газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах, дагуул хот, шинэ суурьшлын бүсүүдийн усан хангамжийг дэмжих, Туул голын экологийн урсацыг зохицуулах, үерийн эрсдэлийг бууруулах, усны нөөцийг хуримтлуулж, шаардлагатай үед зохицуулан ашиглах боломж бүрдэх юм.
Дэлхийн улс орнууд хотын усан хангамжийг зөвхөн нэг эх үүсвэрт түшиглүүлэхгүйгээр усан сан, гадаргын ус, газрын доорх ус, дахин боловсруулсан ус зэрэг олон эх үүсвэрийг хослуулан шийддэг. Тухайлбал, Япон, БНСУ зэрэг улс усан сан, олон зориулалттай далангаар дамжуулан ус хангамжийг хангахын зэрэгцээ үерийн эрсдэлийг бууруулж, усны нөөцийг улирлын байдлаар зохицуулдаг.
Үйл явдал
АҮЭБЯ: Шатахууны түгээлт ирэх даваа гарагаас хэвийн болно
Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабаас өчигдөр хийсэн мэдээллээр ОХУ-аас Улаанбаатар хотод 46 вагон буюу 2700 гаруй тонн АИ-92 автобензин орж иржээ.
Үүнээс эхний 23 вагоны шатахууныг буулгаж, нийслэлийн 75 шатахуун түгээх станцад 756 тонн, орон нутгийн 49 станцад 441 тонн АИ-92 автобензин хүргүүлсэн байна.
Мөн ОХУ-аас Монгол Улсын чиглэлд 152 вагон буюу 9120 тонн АИ-92 автобензин тээвэрлэгдэж байгааг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээлжээ.
Сүүлийн хоёр хоногт шатахууны түгээлт харьцангуй бага байсан ч нийлүүлэлт нэмэгдэж байгаа тул ирэх даваа гарагаас улсын хэмжээнд түгээлтийг хэвийн болгохоор ажиллаж байгааг тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв мэдэгдсэн байна.
Орон нутгийн шатахууны түгээлтийг амралтын өдрүүдэд нэмэгдүүлэх бөгөөд ням гарагт нийслэлийн хэрэгцээг хангах хэмжээнд түгээлт хийхээр импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа аж.
Шуурхай штабын хүрээнд шатахууны тээвэрлэлтийг хурдасгах арга хэмжээ авч байна. Тухайлбал, “Улаанбаатар төмөр зам” ХНН ОХУ-аас орж ирж буй түлш, шатахууны вагоныг богино хугацаанд татан авч, буулгалтад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байгаа юм.
Үүнээс гадна БНХАУ-аас ачигдсан 2000 тонн онгоцны түлш Замын-Үүд өртөөнд ирж, түгээлтэд шилжихээр байгааг мэдээлжээ.
Шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх зорилгоор Татварын ерөнхий газар татварын өртэй байсан ч дансыг нь хаахгүй байх зохицуулалт хийж байгаа аж. Мөн шатахуун түгээх станцуудын дараалал авто замын хөдөлгөөнд саад учруулахаас сэргийлж Тээврийн цагдаагийн алба зохицуулалт хийж байна.
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шуурхай штаб шатахууны татан авалт, тээвэрлэлт, түгээлтийн нөхцөл байдлын талаар өдөр бүр мэдээлэл өгч байгаа бөгөөд улсын хэмжээнд шатахууны түгээлтийг ирэх долоо хоногоос хэвийн болгохоор төлөвлөжээ.
-
Дэлхий нийтээр..2024/10/21
“Asia now-2024” урлагийн наадамд Лхам галерей анх удаа Монгол Улсыг ...
-
Үйл явдал2019/07/26
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд бэлтгэх Зохион байгуулах хорооны ху...
-
Дэлхий нийтээр..2024/01/04
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй томилго...
-
Хэн юу хэлэв...2020/06/30
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааныг нээж үг хэл...
