Дэлхий нийтээр..
НББХ-ны ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн салбарынхантай цахим уулзалт хийв
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2021.07.26/ эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын удирдлага, төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.
Дээрх ажлын хэсгийг Байнгын хорооны 2021 оны долоодугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар байгуулсан юм. Цахим уулзалтыг нээж УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн үгэндээ ажлын хэсгийн зорилгыг тэмдэглэж, эрүүл мэндийн даатгал, санхүүжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, эмийн экспорт, импортын талаар болон тусгай зөвшөөрөл зэрэг өргөн хүрээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд санал, дүгнэлт гаргах чиглэлээр ажиллана гэв.

Мөн УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут хэлсэн үгэндээ ажлын хэсгийн гишүүд эрүүл мэндийн зарим байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, улмаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хорооноос гадна шаардлагатай бол УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх учир Улсын Их Хурал, Засгийн газраас гаргах шийдвэрт чухал нөлөөлөх саналуудыг ажлын хэсгийн дүгнэлтэд оруулах талаас санал хэлэхийг оролцогчдоос хүслээ.

Үргэлжлүүлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд салбарын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хийснээр ажлын хэсгийн зорилго, чиглэл, сайдын мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг, П.Анужин, Б.Бейсен, Д.Өнөрболор нар эрүүл мэндийн салбарын удирдлагуудаас асуулт асууж, хариулт авав. Гишүүд хуулийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах шаардлага ямар байгаа талаар болон шинэчлэлийн менежментийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, цаашид гүйцэтгэлээр санхүүжих тогтолцоог шуурхай хэрэгжүүлэхтэй холбоотой тулгамдсан асуудал, мөн их эмч, сувилагч, ажилтнууд яг хэдэн төгрөгний цалин, нэмэгдэл авч байгааг, эм тариа, тоног төхөөрөмжийн дутагдал байна уу гэдгийг тодруулж, эрүүл мэндийн салбарын удирдлагууд хариулт өглөө.
Дараа нь оролцогчид Эрүүл мэндийн яамны харъяа болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа эрүүл мэндийн байгууллагууд, аймаг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо гэсэн дарааллаар санал хэлэхдээ салбартаа тулгамдаж буй гол гол асуудлыг хөндөн, шийдвэрлэх талаар хэлэв. Тухайлбал, төсвийн хүндрэл, гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж буйтай холбоотой тулгамдсан асуудлын талаар түлхүү санал хэлэв.

Мөн уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Ц.Сандаг-Очир, П.Анужин, М.Оюунчимэг нар цахим уулзалтын үр дүн, бусад асуудлаар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Батлут УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо, эрүүл мэндийн салбарынхны хамтын ажиллагаа, ажлын хэсгийн ажлын үр дүнд эрүүл мэндийн үйлчилгээний чанарт иргэдэд өгөөжтэй маш том өөрчлөлт, дэвшил гараасай гэж хүсэж буйгаа уулзалтын төгсгөлд тэмдэглэв. Энэхүү цахим уулзалтад эрүүл мэндийн салбарын шат шатны байгууллагын төлөөлөл болох 35 хүн танхимаар, 275 хүн цахимаар оролцлоо.
Дэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Хэн юу хэлэв...2023/06/12
Их эмч Ч.Дэлгэрмаа: Мацаг гэдэг бол эмчилгээний нэг арга
-
Үйл явдал2026/03/26
Зарлан мэдээллийн дуут дохио орон даяар 16:00 цагт дуугарна
-
Хэн юу хэлэв...2024/10/28
Г.Отгонтамир: Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анха...
-
Дэлхий нийтээр..2022/02/28
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид Франц Улсад ажлын айлчлал хийлээ
