Дэлхий нийтээр..
Мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо
Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви, Ховд аймгийн Цэцэг, Дарви сумын нутгийн заагт орших мөнх цаст Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилга 2021 оны 08 дугаар сарын 07-ны өдөр боллоо.
Тахилгын ёслолын өмнөх орой Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон аймгийн төв хийдийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурав. Орон нутгийн удирдлага, сүсэгтэн олон өөр өөрийн одонд залбирал, мөргөл үйлдсэний дараа Аргил цагаан өвгөн тууль хайлснаар одны тахилга өндөрлөв.
Сутай хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам хуврагууд жавдандаа суун Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв. Тэрээр “Ганжуур” их хөлгөн судраас адис аван, овооны өмнө гурвантаа мэхийн ёсолж, тэнгэрт хүндэтгэл илэрхийллээ. Энэ үеэр хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Үүний дараа туульч Алтайн магтаал хайлав.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Уул овооны тахилга бол байгаль дэлхийн жам ёстой зохирон, уул усаа дээдлэн ирсэн нүүдэлчин монгол түмний үнэт өв, уламжлал, соёл. Тэнгэр, газар, байгаль эхээ дээдлэн шүтэж, хайрлан хамгаалах, өгөөж хишгийг нь зүй ёсоор зөв хүртэхийн эх болсон өнө эртний сүсэг бишрэл, уул усны тахилга, уламжлалт зан үйлийг тасралтгүй уламжлан хадгалж, үндэсний өв соёл, үнэт зүйлээ үрийн үрд өвлүүлэн бадрааж явах учиртай” гэв. Мөн аймаг, сумдын удирдлагууд ард иргэд, хүүхэд, залууст үндэсний соёл, түүх уламжлал, ёс заншил, нутгийнхаа тахилгат хайрхан, уул, овооны талаар мэдлэг олгох, байгаль хамгаалал, экологийн боловсролыг сурталчлан таниулах, соён гэгээрүүлэх чиглэлээр чармайн ажиллахыг сануулав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Сутай хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгөв.
Энэ удаагийн тахилгыг орон нутаг, иргэдийн хүсэлтийг харгалзан цар тахлын халдвараас сэргийлэх дэглэм, журмыг чанд мөрдөж, уламжлалт дэг жаяг, зан үйлийн дагуу зохион байгууллаа.
Монгол Алтайн нурууны мөнх цаст Сутай хайрхан нь байгалийн сайхан, сүр жавхлан бүрдсэн, Алтай нутгийнхны хишиг даллага, сүсэг бишрэл, домог түүх цогцолсон Монгол орны өрнө зүгийг даан сахисан харуул хайрхан юм.





Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Хэн юу хэлэв...2020/07/01
Д.Амарбаясгалан тэргүүн шадар сайдын албан тушаалаас татгалзжээ
-
Дэлхий нийтээр..2021/07/29
“Замын-Үүд” чөлөөт бүсийг нээж, байнгын ажиллагаанд оруулна
-
Үйл явдал2025/02/24
Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон сондгой дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
-
Чөлөөт бүс2023/11/29
Өвдсөн бүхэн өрөвдөлтэй биш...
