Тод мэдээ
Нийслэлийн хүн амын II тунгийн хамралт 70 хувь байна
Өчигдөр буюу 2021 оны есдүгээр сарын 9-нд нийслэлийн хэмжээнд I тунд 145, II тунд 448, нэмэлт сэргээх тунд 3909, нийт 4502 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.3 хувь, II тунгийн хамралт 70 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2800 (23.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 63.030 (70.9 хувь), 16-17 насны 25.179 (74.3 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан байна.
Тод мэдээ
С.Амарсайхан: Цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, хүлэмжийн хийг бууруулах томоохон сорилт тулгарч байна
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан УИХ дах Байгаль орчныг хамгаалах бүлгэмийн гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар "Уур амьсгалын өөрчлөлтийн Үндэсний хороо"-оос өнгөрсөн онд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан болоод цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг танилцуулсан юм.
Сүүлийн 80 жилд манай улсад агаарын температур 2.4 хэм өссөн, жилийн дундаж хур тунадас 7.3 хувь, нэг хүнд ногдох хүлэмжийн хийх ялгарал дэлхийн дунджаас 2.7 дахин нэмэгдсэн. Мөн сүүлийн 20 жилд гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдээд байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жилийн зудын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, 7.4 сая толгой мал хорогдсон. Энэ нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулсан. Иймд цаг агаарын гэнэтийн аюултай үзэгдэлд бэлэн байх, үндэсний сөрөн тэсвэрлэх чадамжаа нэмэгдүүлэх, байгалийн нөхөн сэргээлт хийх, хүлэмжийн хийг хэрхэн бууруулах зэрэг томоохон сорилт тулгарч байгаа юм.
Гишүүдийн зүгээс цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайжруулах, төр, иргэн, аж ахуйн нэгжүүдийн уялдаа холбоог хангах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон ажиллаж, амьдрах шийдлүүдийг оновчтой гаргах нь чухал гэдэг саналыг илэрхийллээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, УИХ-ын тогтоол, шийдвэрээ гаргаж, холбогдох яамдуудад хүргүүлэх, энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажлыг эхлүүлэх шаардлагатай байгааг Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан онцоллоо гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленктэй уулзлаа
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ажилласан Ханнс Зейделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт, суурин төлөөлөгч ноён Феликс Гленк болон урилгаар хүрэлцэн ирж маш чухал сэдвээр илтгэл тавьсан хатагтай Виттед чин сэтгэлийн талархал илэрхийлээд, хамтын ажиллагааны үр дүнд чуулга уулзалт тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлснийг онцоллоо.
Тэрбээр, ес дэх удаагийн парламент сонгуулийн холимог тогтолцооны үр дүнд 126 гишүүнтэй бүрдсэн хэмээгээд, таван намын төлөөлөлтэй, хамгийн олон эмэгтэй гишүүнтэй, хамгийн олон мэргэжил, туршлага бүхий гишүүдтэйгээрээ онцлог болохыг дурдсан. Түүнчлэн энэ парламент бүрэн эрхийнхээ хугацаанд олон ургалч үзлийг дэлгэрүүлж, ардчиллын зарчмыг хангаж буйн хувьд эрх зүйн орчныг сайжруулах замаар улс орны хөгжлийг илүү түргэтгэнэ хэмээн иргэд өндөр хүлээлттэй байгааг тодотгосон юм.
УИХ-ын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн дэвшүүлсэн хүн төвтэй үзэл санаа бүхий, нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх “ГУРВАН ТӨГӨЛДӨРШИЛ”-ийн талаар танилцуулаад, энэхүү бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улсад хүн төвтэй эрх зүйн орчин бүрдэж, нийгэм эдийн засгийн хөгжил түргэсэж, улмаар иргэдийн амьдралын чанар дээшилнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк, “Парламентын хяналтыг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” чуулга уулзалт амжилттай болсныг дурдаад, ХБНГУ-ын Гадаад хэргийн яамнаас санхүүжүүлж буй хууль тогтоомжид үнэлгээ, мониторинг хийх сургалт, уулзалт арга хэмжээг маргааш дахин зохион байгуулах гэж буйг дурдсан.
Тэрбээр тус сургалтад оролцогчид хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах, хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, өдөр тутмын ажилдаа ашиглах арга зүйтэй болно гэдэгт итгэлтэй байна хэмээлээ.
Хатагтай Фредерикэ Витте ХБНГУ-ын Захиргааны хэргийн шүүхээс ажлын гараагаа эхэлж, Засгийн газарт зөвөлгөө өгч ажилладаг бие даасан байгууллагад, улмаар Байгаль орчны болон Нийгмийн хамгааллын яамдын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан тухайгаа танилцуулаад, хууль тогтоомжид үнэлгээ хийх, хуулийн төсөл боловсруулахаас өмнөх урьдчилсан судалгаа хийх аргачлалын талаарх туршлагаа хуваалцан, дэмжиж ажиллахаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Үндсэн хуулийн ойн хүрээнд зохион байгуулдаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах 13 дахь удаагийн тэмцээн болно
Гурван үе шаттай тус тэмцээнд Монголын шатрын холбооны рейтингийн жагсаалтаар чансаа нь 2000-аас хэтрээгүй (эмэгтэй шатарчдын чансаа 1800 хүртэл), шатрын спортын улсын цолгүй, зөвхөн хөдөлмөрийн насны буюу 25 нас хүрсэн шатар сонирхогч оролцдог.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг нэгдүгээр сарын 13-ны өдрийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхээр заасан байдаг. Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль баталсны 33 жилийн ой 2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тохиох бөгөөд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн 13 дахь удаагаа зохион байгуулагдана.
Жил бүр давхардсан тоогоор 6000 гаруй шатар сонирхогч оролцдог энэхүү тэмцээний анхан шатны тэмцээн 2024 оны 11 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд улс орон даяар нэгэн зэрэг болж, сум, дүүргийн аваргуудыг шалгаруулна. Анхан шатны тэмцээнээс сумаас эрэгтэй 2, эмэгтэй 1, дүүргээс эрэгтэй 6, эмэгтэй 3 шатарчин тус тус шалгаран хагас шигшээ шатанд оролцоно. Аймаг, нийслэлийн аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн 2024 оны 12 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд болж, аймгийн тэмцээнээс эрэгтэй 2, эмэгтэй 1, нийслэлээс эрэгтэй 12, эмэгтэй 6 шатарчин тус тус шалгаран шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцоно.
Шигшээ тэмцээн 2025 оны 1 дүгээр сарын 11, 12-ны өдрүүдэд Төрийн ордонд болж, Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээний 13 дахь удаагийн аваргыг тодруулах юм. Энэ шатанд хагас шигшээ тэмцээнээс шалгарсан шатарчид болон Улсын Их Хурал, Үндсэн хууль тогтоогчдын холбоо, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг буюу Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллага, Төрийн ордонд байрлах бусад төрийн байгууллагаас 30 хүртэл шатарчин урилгаар оролцох юм. Тэмцээнээс медаль хүртсэн шатарчин нь шатрын спортын Дэд мастер цол хүртэх бөгөөд улсын аварга шатарчин нь тухайн жилийн шатар сонирхогчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын шатрын холбоог төлөөлөн урилгаар оролцох эрх авдаг юм.
Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсан ойг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг Шатар сонирхогчдын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг Олон улсын шатрын холбоо (ФИДЕ) болон Монголын шатрын холбооны дүрмийн дагуу зохион байгуулах бөгөөд бүх шатны тэмцээнд үндэсний рейтинг бодогддог байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.