Дэлхий нийтээр..
Монгол Улсын Ерөнхийлөгч Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр, Спорт хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан нарыг хүлээн авч уулзав.
Гадаад оронд амьдарч, ажиллаж байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, түүх, соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, төрийн ачааг тодорхой хэмжээгээр үүрч байгаа Хилийн чанад дах монголчуудын зөвлөлийн хамт олонд Монгол Улсын Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Хүүхэд багачуудад эх хэл, монгол амьдрал, түүх, соёлоо таниулахад чухал нөлөө үзүүлэх “Нүүдлийн соёлын боловсрол” болон хилийн чанадад суугаа монголчуудад зориулсан бусад төсөл, хөтөлбөрийг бодлогоор дэмжиж, шаардлагатай бол Засгийн газарт чиглэл өгөх боломжтойг хэлэв.

Зөвлөлийн хамт олон хилийн чанадад болон эх орондоо амьдарч байгаа хүүхэд багачууд, гэр бүл, багш нарт зориулж нүүдэлчдийн ахуй, өв соёл, түүх, эх хэл бичгээ танин мэдэх, суралцах, түгээн дэлгэрүүлэх зуны хөдөлмөр-зуслангийн цогцолбор байгуулах “Нүүдлийн соёлын боловсрол” төсөл хэрэгжүүлж байна.
Эхний шатыг 2017-2019 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд хэрэгжүүлсэн бол 2021-2022 онд Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд, 2022-2026 онд Дундговь, Увс, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
Дэлхий нийтээр..
АНУ-ын Нийгмийн хамгааллын тэтгэмжийг буурахаас сэргийлэх хувилбарууд хэлэлцэж эхэлжээ
АНУ-ын Нийгмийн хамгааллын тогтолцооны санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүй бол 2032 оноос олон арван сая иргэний тэтгэвэр, тэтгэмж ойролцоогоор 22 хувиар буурах эрсдэлтэй байгаа тул Конгрессын гишүүд хэд хэдэн хувилбар хэлэлцэж эхэлжээ. Энэ нь тэтгэмжийг 22 хувиар бууруулах шийдвэр гарсан гэсэн үг биш бөгөөд одоогийн санхүүжилтийн тогтолцоо хэвээр үргэлжилбэл үүсэх тооцоолсон эрсдэл юм.
Бүгд найрамдах намын сенатор Билл Кэссиди, Ардчилсан намын сенатор Дик Дурбин нар Social Security-ийн тэтгэврийн санг дор хаяж 50 жилийн хугацаанд тогтвортой байлгах шийдэл боловсруулах тусгай ажиллагааны механизм бий болгох хуулийн төсөл дэвшүүлжээ. Төслийн дагуу хоёр намын төлөөлөл бүхий Нийгмийн хамгааллын зөвлөл олон нийтийн санал авч, сангийн санхүүжилтийг тогтворжуулах хуулийн төслийг Конгресст өргөн барих юм.
Өөр нэг хувилбараар Кэссиди сенатор Тим Кэйнтэй хамтран 1.5 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтын сан байгуулах санал гаргасан байна. Сангийн хөрөнгийг хувьцаа болон бусад хөрөнгөд 75 жилийн хугацаанд байршуулж, өгөөжөөр нь Нийгмийн хамгааллын сангийн санхүүгийн дутагдлын тодорхой хэсгийг нөхөхөөр тооцжээ. Гэхдээ энэ хувилбар хэрэгжсэн ч татвар нэмэх эсвэл зарим тэтгэмжийг танах зэрэг нэмэлт арга хэмжээ шаардлагатай хэвээр гэж Кэссиди үзсэн байна.
Мөн зарим сенатор Social Security-ийн цалингийн татвар ногдуулах орлогын дээд хязгаарыг нэмэгдүүлэх буюу бүрмөсөн цуцлах санал гаргажээ. Одоогоор уг татварыг жилийн 184,500 ам.доллар хүртэлх орлогод ногдуулдаг. Энэ хязгаарыг бүрмөсөн арилгавал арван жилийн хугацаанд сангийн орлогыг 3.2 их наяд ам.доллароор нэмэгдүүлэх боломжтой гэсэн тооцоо бий.
Сенатор Берни Сандерс болон Конгрессын гишүүн Вал Хойл нарын дэвшүүлсэн өөр төсөлд жилийн 250 мянган ам.доллароос дээш орлоготой иргэдийн орлогод нэмэлт татвар ногдуулж, үүний зэрэгцээ Нийгмийн хамгааллын тэтгэмжийг жилд ойролцоогоор 2400 ам.доллароор нэмэгдүүлэхээр тусгасан байна.
-
Үйл явдал2020/08/25
Үер ус, аянга цахилгаанаас болгоомжтой байхыг анхааруулж байна
-
Үйл явдал2025/06/26
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
-
Дэлхий нийтээр..2023/10/12
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай судлахаар ХБНГУ-д ажиллаж ...
-
Үйл явдал2020/05/01
“Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардуулла...
