Дэлхий нийтээр..
Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, сүлдэт хуурыг цэнгүүллээ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхэн өдрийг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгчид, нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ.
Уг арга хэмжээг нээж Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан үг хэлэхдээ “Ойн энэ өдөр үе үеийн Нийслэлийн удирдлагууд Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газар болох “Мэлхийт” хөшөө, “Монголын Нууц Товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт их хуурыг цэнгүүлдэг уламжлалтай билээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 382 жилийн ойн энэ өдөр тохиож байгаа бас нэгэн баярт үйл явдал бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийг хүлээн авч байгаа явдал юм.
1994 онд батлагдаж түүнээс хойш нийслэлийн эрхзүйн хүрээний бүхий л асуудлыг зохицуулж ирсэн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг өнөөдрийн нийгмийн өөрчлөлт, бодит хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинэчлэж, шинэчлэсэн эхийг хүлээн авч байна. Эрхзүй, эдийн засгийн энэхүү шилжилт, шинэчлэл нь Нийслэлийн хөгжлийг хурдасгаж, цаг үеийн шаардлагаа биелүүлнэ гэдэгт миний бие итгэлтэй байна” гэлээ.

Мөн өнөөдөр Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбаа, Нийслэлийн тугийг мандуулж, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн эхийн хүлээн авах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Дэлхий нийтээр..
Оманы эргийн ойролцоо гацсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс тос алдагдаж эхэлжээ
Оманы эргийн ойролцоо гацсан, олон улсын хоригт багтсан газрын тос тээвэрлэгч хөлгөөс түүхий газрын тос алдагдаж, далайн хамгаалалттай бүсэд тархаж эхэлснийг хиймэл дагуулын зургууд харуулжээ.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Оманы Дофар мужийн Киблия арал орчмын усанд газрын тосны толбо ойролцоогоор 20 ам дөрвөлжин километр талбайг хамарч, эрэг дагуу тархаад байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн үзэж буйгаар сүүлийн өдрүүдэд газрын тосны алдагдал нэмэгдэж байгаа бөгөөд муссоны хүчтэй салхи, өндөр давалгаа хөлгийн их биеийг улам гэмтээж, их хэмжээний асгаралт үүсгэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж.
Камеруны далбаатай "Каролин Безенги" хөлөг нь Их Британи, Европын Холбоо, Канад, Швейцарын хоригийн жагсаалтад багтдаг бөгөөд бүртгэлийн мэдээллээр ОХУ-ын Хар тэнгисийн Новороссийск боомтоос түүхий газрын тос ачсан нь тогтоогджээ.
Тус хөлөг зургаадугаар сараас хойш Оманы эргийн ойролцоо гацсан бөгөөд тухайн үед хөлөг дээр дэлбэрэлт болсон гэх мэдээлэл гарсан ч албан ёсоор баталгаажуулаагүй байна.
Шинжээчдийн тооцоолсноор хөлөгт 800 мянга гаруй баррель түүхий газрын тос байгаа бөгөөд их бие нь цуурсан байх магадлалтай аж. Хэрэв хөлөг хоёр хуваагдах эсвэл их хэмжээний газрын тос асгарвал Оманы хамгаалалттай далайн экосистем, шүрэн хад болон ховор амьтдын амьдрах орчинд ноцтой хохирол учруулж болзошгүйг байгаль орчны байгууллагууд анхааруулжээ.
Дэлхий нийтээр..
АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визийн журмыг чангатгана
АНУ-ын Засгийн газар гадаад оюутан, солилцооны хөтөлбөрийн оролцогчид болон олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог визийн журамд томоохон өөрчлөлт орууллаа. Шүүхээс хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэр гарахгүй бол шинэ журам 2026 оны есдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхэлнэ.
Шинэ журмаар F ангиллын оюутны виз, J ангиллын солилцооны хөтөлбөрийн виз эзэмшигчид өмнөхийн адил хөтөлбөрөө дуустал хугацаагүй оршин суух боломжгүй болж, АНУ-д байх хугацааг хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа эсвэл дээд тал нь дөрвөн жилээр хязгаарлахаар болсон байна. Хэрэв суралцах хугацаагаа сунгах шаардлагатай бол АНУ-ын Иргэншил, цагаачлалын албанд хугацаа сунгуулах хүсэлт гаргаж, зохих журмаар зөвшөөрөл авах шаардлагатай болно.
Мөн F-1 визтэй оюутнууд сургуулиа төгссөний дараа АНУ-аас гарах хугацааг 60 хоногоос 30 хоног болгон богиносгожээ. Түүнчлэн хугацаа сунгуулах хүсэлт гаргах бүрдээ холбогдох хураамж төлөхөөр журамд тусгасан байна.
Шинэ зохицуулалтаар бакалаврын түвшний гадаад оюутнууд эхний жилдээ сургууль, мэргэжлээ өөрчлөх боломжгүй болж, зөвхөн АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яам онцгой нөхцөл гэж үзсэн тохиолдолд зөвшөөрөхөөр болжээ. Мөн ижил түвшний өөр зэрэг эзэмшихийн тулд АНУ-д үргэлжлүүлэн оршин суух боломжгүй бөгөөд зөвхөн ахисан түвшний сургалтад элссэн тохиолдолд үлдэх эрхтэй байхаар зохицуулсан байна.
Харин олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудад олгодог I ангиллын визийг ердийн тохиолдолд 240 хүртэл хоногоор, БНХАУ-ын зарим хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад 90 хүртэл хоногоор олгохоор өөрчилжээ.
Дэлхий нийтээр..
Claude хиймэл оюун ухаан туршилтын үеэр гурван байгууллагын системд нэвтэрчээ
-
Дэлхий нийтээр..2021/02/04
Цар тахлаас учирсан эдийн засгийн хохирлыг арилгах, сэргээх цогц төлөвлөгөө боло...
-
Үйл явдал2024/06/07
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд 1336 нэр дэвшигч бүртгэгдлээ
-
Үйл явдал2026/03/12
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
-
Хэн юу хэлэв...2022/03/14
Э.Анар: Банкны нийт гүйлгээний 95 орчим хувь нь цахимаар хийгдэж байна
