Хэн юу хэлэв...
Мэндчилгээ
Улаанбаатар хот нь дэлхийн бусад хотуудтай мөр зэрэгцэн инновац технологид суурилан, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломж бүрдэж буй түүхэн цаг үеийн босгон дээр ирээд байна. Учир нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжих Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар нийслэл хот эдийн засгийн чадавхаа бэхжүүлж, бие даан хөгжих баталгаагаар хангагдаад байгаа билээ. Монгол Улсын Их хурал, Засгийн газрын түвшинд сүүлийн 20 гаруй жил яригдсаар, өдгөө биелэлээ олоод буй эрх зүйн энэхүү боломжийг бид алдалгүй ашиглаж, нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах замаар нийслэл хотоо хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын мега төслүүдээ хөдөлгөх том зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.
Нийслэл хот эдийн засгийн хувьд тэлж, бие даан хөгжихийн зэрэгцээ дагуул хотуудаа бүтээн босгох боломжоор ийнхүү хангаж өгсөн Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга, харьяа агентлаг болон Ажлын хэсгийн нийт бие бүрэлдэхүүн, уг хуулийн төсөлд санал хүсэлтээ ирүүлсэн Нийслэлчүүд Та бүхэндээ халуун талархал илэрхийлье. Ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх хуулиудын шинэчлэл, даган гарсан шинэ журмын хүрээнд Нийслэл хотод шинэ дүрэм мөрдөгдөнө. Дөрөв дэх зуундаа хөл тавихаар зэхэж буй Улаанбаатарчууд бидний амьдралын хэв маяг хөгжилд чиглэсэн шинэ загварт шилжин ороход 60 гаруйхан хоног үлджээ.
Бие даасан эдийн засагтай, ухаалаг шийдэлтэй улсын нийслэл, дагуул хотуудыг хөгжүүлэхэд энэ удаагийн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг дарга түүний баг хамтын хүчээр ажиллана.
Олон арван жилээр үргэлжилсэн хотын асуудлуудыг шийдэх шийдлийг зөв тооцож, тооцоо судалгаанд үндэслэсэн гарц гаргалгаагаар асуудалд хандаж гэмээнэ бид өндөр соёлтой, өөрийн стандарттай, ногоон хөгжлийг дэмжсэн, хүндээ ээлтэй тэгш хүртээмжтэй улсын нийслэлийг бүтээн босгож чадна.
Дөрвөн уулаа түшиж хөгжсөн Улсын нийслэл Улаанбаатар хот өнөд өргөжин хөгжих болтугай.
Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






Хэн юу хэлэв...
Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.
Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.
Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.
Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.
Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.
Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.
Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.
Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.
Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.
Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.
Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.
Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.
Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.
Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.
Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
-
Дэлхий нийтээр..2024/12/31
Баяр, амралтын өдрүүдэд Засгийн газрын гишүүд ажиллана
-
Үйл явдал2019/07/08
УИХ-ын байнгын хороод өнөөдөр хуралдана
-
Тод зураг2020/05/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Хэн юу хэлэв...2019/12/20
Л.Оюунтунгалаг: “Web awards” цахим салбарын тэргүүн наадам дөрөв дэх...
