Хэн юу хэлэв...
Берлин дэх Монгол нутагтаа хийж буй уулзалт
Д.Тэрбишдагвын “УЛААН БИЧИН ЖИЛД-Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалт Берлингийн төвд орших Монгол Улсаас ХБНГУ- д суугаа элчин сайдын яаман дээр боллоо. Энэхүү арга хэмжээг Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Б.Мандахбилэг нээж үг хэллээ.
Номын зохиогч Д.Тэрбишдагва “Энэхүү ном маань нэг хувь хүний бүтээл төдий бус Монголоо сурталчлахаас гадна хоёр орны соёлын харилцаанд оруулж буй нэгэн хувь нэмэр юм. Номын ард олон хүний хичээл зүтгэл, цаг, хөдөлмөр шингэсэн байдаг. Энэ бүхэн минь талаар болоогүйг Германд хийж буй уулзалт бүр маань харуулж байна. Зохион байгуулалтанд сэтгэл гарган дэмжсэн элчин сайдын яамныхандаа, соёлын элч О.Оюунтуяа болон сайхан хоол цай бэлтгэсэн элчин сайдын яамны бүсгүйчүүддээ баярлалаа” хэмээн талархав.

Цар тахлын үеийн хорио цээрийн дэглэмээс болоод 30-40 хүн хүлээж авах боломжтой байсан хэдий ч 60 гаруй хүн хүрэлцэн ирснээр элчингийн хүлээн авалтын танхим дүүрэн байлаа.


Эрдэмтэн судлаачид, Монголд өмнө нь ажиллаж байсан герман хүмүүс, албаны хүмүүс, номын зохиогчтой Хумбольдтын их сургуульд хамт сурч байсан оюутан нөхөд нь, залуучуудын дээд сургуульд хамт ажиллаж байсан найз нөхөд нь хүрч ирсэн харагдана. Мөн Германы хэвлэл мэдээллийн салбарынхнаас цөөнгүй төлөөлөл ирж номын зохиогчоос ярилцлага авав. Энэхүү ном танилцуулах уулзалт дээр нэгэн герман эмэгтэй “Та Монголын нэг зүйр цэцэн үг хэлж өгнө үү” гэж хүсэлт тавихад номын зохиогч Д.Тэрбишдагва “100 төгрөгтэй байснаас 100 нөхөртэй байсан нь дээр гэдэг үг бий. Энэ үгийг би амьдралдаа мөрдлөгө болгодог хүн. Нэг жишээн дээр тайлбарлая. Надад олон герман найз нөхөд бий. Тэднийхээ тусламж дэмжлэгээр Монголоо сурталчлах олон сайхан арга хэмжээнүүдийг Германы 15 хотод 20 гаруй удаа хийгээд явна. ” хэмээн хариулав. Тэр бүсгүй энэ үгийн утгыг ойлгон баярлаж, худалдан авсан номон дээрээ герман, монголоор бичүүлж авав.
“УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” номын танилцуулах уулзалтыг “Ойленшпигель паблишинг” группын эзэн М.Ойме хөтлөв. Тэрээр харилцан ярилцлага хэлбэрээр хөтлөж, номын агуулга, зорилгыг их өвөрмөцөөр танилцуулсан нь хүрэлцэн ирсэн хүмүүсийг сонирхолыг ихэд татаж байлаа. Зохиогчийн охин Т.Одсүрэн номын хэсгүүдээс германчуудын сэтгэлд хүртэл сайхан уншиж өглөө. Эх орныхоо элчин сайдын яаман дээр болсон энэхүү арга хэмжээ нь хоёр орны соёлын хамтын ажиллагааны хүрээнд чухал нэгэн арга хэмжээ болж буйг албаныхан онцолж байлаа.
Үргэлжлэл дараагийн дугаарт
Д.Доржпагма
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгав
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтоох, түймрийн голомт, тархалт, хамарсан хүрээг тогтоож, цаашид түймэр гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын хуралдаанаас Улсын Онцгой комисс, Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Дорнод аймгийн Засаг даргын тамгын газарт тус тус үүрэг даалгавар өгсөн. Ерөнхий сайд өгсөн үүргийнхээ биелэлтийг хянаж, уулзалт /2026.10.26/ хийлээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Ажлын хэсэг ажиллаж байна. Мөн нэмэлтээр мэргэжлийн байгууллагын шинжээч нарын баг газар дээр нь ажиллаж байна. Нийт шатсан газар нутгийн 30 хувьд нь машин техник очих боломжтой. Үлдсэн 70 хувьд нь хүрч ажиллах баг маргааш онгоцоор гарна.
Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд мэдэгдээгүй бүс нутагт нэвтэрсэн асуудал хөндөгдөж байна. Хохирлыг хөрс, газрын хэвлий, ургамал, амьтан, агаар зэрэг байгалийн бүрдэл хэсэг бүрээр нь хуулийн хугацаанд тогтооно. Хэрэг үүсгэн шалгаж байгаа. Шүүхийн шатанд дахин хохирол тогтоох асуудал үүсэхээс сэргийлж Шүүхийн шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээчийг одоо ажиллаж буй багт нэмж ажиллуулна зэрэг мэдээллийг өглөө.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, нисдэг тэрэгний түлш нийлүүлэх машин өнөөдөр, 13:40 цагт Дорнод аймаг руу хөдөлсөн. Зургаан цэгт ажиллахаар төлөвлөсөн гэлээ.
Ерөнхий сайд “Нөмрөгийн дархан цаазат газрын 80 орчим хувь түймэрт өртлөө. Энэ бол зүгээр нэг газар шатсан хэрэг биш. Монгол орны унаган байгаль, ховор амьтан, ургамал, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой байгалийн баялаг сүйдсэн ноцтой асуудал. Ийм хохирол учраад байхад хэн ч хариуцлага хүлээхгүй үлдэх ёсгүй. Хэн зөвшөөрөл олгосон, ямар зорилгоор нэвтэрсэн, галын аюулгүй байдлыг хэн хангах ёстой байсан, түймэр гарсны дараа ямар арга хэмжээ авсан болон Мобиком компанийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ч хууль, баримтад тулгуурлан шалгах ёстой гэлээ.

Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Гэхдээ хөрөнгө оруулагчид хууль, хариуцлагаас чөлөөлөгдөнө гэсэн үг биш. Монголын газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа бол Монгол Улсын хууль, тогтоомжийг мөрдөх зарчимтай гэдгийг онцоллоо.
Түймэрт өртсөн газар нутаг, устаж сүйдсэн ургамал, амьтны амьдрах орчин, байгаль орчинд учирсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, нөхөн сэргээх төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт,
Хуулийн дагуу албан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй хариуцлага алдсан хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцохыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд,
Хилийн боомтын захиргааны дарга Э.Гантулгад хариуцлага тооцохыг Сангийн сайд З.Мэндсайханд:
Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч Б.Гантөгсөд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөхийг Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ж.Бямбасүрэнд тус тус үүрэг болголоо.


Хэн юу хэлэв...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч бараалхлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Саксони муж улсын Ландтагийн Ерөнхийлөгч Александер Дийркс Дрезден хотноо бараалхлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Саксонийн боловсрол, шинжлэх ухаан, соёлын хэлхээ холбоо нь манай хоёр улсын ард түмний найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг, үнэт өв болдог гэдгийг тэмдэглэв.
Энэхүү түүхэн уламжлалыг эдүгээ цагт үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрөөр Саксонийн шилдэг их сургуулиудад олон залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж буйг онцоллоо.
Мөн нэгэн зууны тэртээгээс Саксони муж улсыг зорин ирсэн оюутан залуусыг үеийн үед элэгсэг дотноор хүлээн авч ирсэн Саксони муж улсын ард иргэдэд монгол түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дрезден хотын хүндэт зочны дэвтэрт хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зурлаа.
Хэн юу хэлэв...
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцно
“Эдийн засгийн эрх чөлөөний тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн талаар Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан дараах Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлт гаргасан этгээд зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй болох нь тогтоогдсон бол ажлын хоёр өдөрт сунгах тохиргоог Зөвшөөрөл, мэдэгдлийн цахим систем /license.mn/-д хийх,
-Энгийн зөвшөөрөл хүссэн өргөдлийн хариуг хуульд заасан хугацаанд өгөөгүй бол зөвшөөрөл олгосонд тооцох,
-Тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар гаргах нөхцөл бүрдүүлээгүй зөрчлийг арилгах,
-Зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хэтрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо.
-Зөвшөөрөл олгосон, сунгасан, хүчингүй болгосон, түдгэлзүүлсэн шийдвэрийг Зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд хуульд заасан хугацаанд бүртгүүлэх үүргээ гүйцэтгээгүйалбан тушаалтны гаргасан зөрчлийг арилгаж, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг даалгав.
-
Дэлхий нийтээр..2025/12/17
Цагааннуур сум дахь эрэн хайх, аврах салбарын үйл ажиллагааг эхлүүллээ
-
Дэлхий нийтээр..2025/03/06
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон, Монголын Найрамдлын нийгэмлэгүүдийн хүнд...
-
Дэлхий нийтээр..2021/04/14
Иргэд И баримтад бүртгэлтэй данс, мэдээллээ шалгана уу
-
Үйл явдал2023/06/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно
