Тод мэдээ
Хүнд суртал, чирэгдлийг арилгах тухай саналыг 1800-1200 дугаарт авч эхэллээ

Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19” цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна. Энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ?
-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс төрийн 49 байгууллагын 452 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд нэг дороос шуурхай үзүүлэн ажиллаж байна. Энэ онд л гэхэд 1 446 801 үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн байна. Мөн тус төвийн дэргэдэх Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн хооронд нийт 1003 иргэн хандаж, мэдээ мэдээлэл авсан байна. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 10 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1 минут 45 секунд байна.
Иргэд дархлаажуулалтын болон ковидын шинжилгээний байршил, ажиллах цагийн хуваарийн талаарх нарийвчилсан мэдээллийг 1800-1200 тусгай дугаарын утас, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботоос авах боломжтой.
-Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарын үйл ажиллагаатай холбоотой иргэдэд өгөх ямар мэдээ, мэдээлэл байна вэ?
-Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжиж бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх, эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх, цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг даргын 2021 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн А/929 дүгээр захирамжаар Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус Ажлын хэсэг нь Үндэсний аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, онцгой нөхцөл, нарийн мэргэжил шаардах зарим үйл ажиллагаа эрхлэхэд олгохоор хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрөл, төрийн үйлчилгээнд хүнд суртал, шат дамжлага бий болгож буй захиргааны актуудыг хүчингүй болгох, өөрчлөх талаар санал боловсруулж, танилцуулах үүрэгтэй юм.
Ажлын хэсгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд үүний нэг нь төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах, хуульд зааснаас бусад нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас олгодог бүх төрлийн зөвшөөрлийг хүчингүй болгоход жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллага болон мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагуудын оролцоог ханган, тэдгээрийн саналыг сонсох зорилгоор нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаараар иргэдийн санал, мэдээллийг хүлээн авч байна.
Тод мэдээ
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
БНСУ-ын Хууль зүйн яам, Газар, дэд бүтэц, тээврийн яам хамтран 2025 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс ажил хэргийн шугамаар Инчоны олон улсын нисэх онгоцны буудал (ОУНОБ)-аар хил нэвтрэх гадаадын иргэдийн хүлээлгийн хугацааг багасгах шинэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.
БНСУ-ын Засгийн газар холбогдох байгууллагууд болон бизнес эрхлэгчид санал болгосны үндсэн дээр Инчоны ОУНОБ-д ажил хэргийн шугамаар ирж буй гадаадын иргэдэд зориулсан тусгай шалган нэвтрүүлэх цэгийг ажиллуулах шийдвэрийг гаргасан юм. Засгийн газраас хэрэгжүүлэх энэхүү туршилтын төсөл нь 2025 оны 12 дугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд үр дүнгээс нь шалтгаалан Гимпо, Гимхэ зэрэг бусад олон улсын нисэх буудлуудад хэрэгжүүлэх юм.
Цаашид дунд болон урт хугацаандаа ердийн зорчигчдын хил нэвтрэх үйл явцыг хөнгөвчлөх зорилгоор автомат шалган нэвтрүүлэх системийн хамрах хүрээг өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
Грек улс орогнол хүсэгчдийг хорих ялаар шийтгэх хатуу хууль баталжээ
Бүгд Найрамдах Грек Улс (БНГУ)-ын Засгийн газар цагаачлалын бодлогодоо үлэмж өөрчлөлт оруулж, оршин суух зөвшөөрөлгүй иргэд болон өргөдөл нь буцаагдсан орогнол хүсэгчдэд хатуу арга хэмжээ авах шинэ хууль баталлаа.
Энэхүү шийдвэр нь тус улсын хилийн ачааллыг бууруулах зорилготой юм. Уг хуульд зааснаар орогнол хүссэн өргөдөл нь татгалзсан тохиолдолд 14 хоногийн дотор тухайн улсыг орхин явах шаардлагатай ба биелүүлээгүй тохиолдолд 2-5 жилийн хорих ял оноох, эсвэл эх оронд нь албадан буцаах арга хэмжээг авах юм. Шаардлагатай тохиолдолд электрон хяналтын бугуйвч зүүлгэх аж.
Түүнчлэн хууль бусаар хил нэвтэрсэн этгээдийг 18 сар саатуулах арга хэмжээ авдаг байсныг 24 сар болгон сунгаж, тухайн этгээдэд 10000 еврогийн торгууль ногдуулах юм.
Дахин нэг өөрчлөлт орсон нь тус улсад хууль бусаар 7 болон түүнээс дээш жил амьдарсан иргэдийн хууль ёсны оршин суух эрх авах эрхийг түдгэлзүүлсэн байна гэж ГИХГ-аас мэдээллээ.
Тод мэдээ
“Сэлбэ 20 минутын хот” төслийн барилгын талбайд нийт 532 хүн ажиллаж байна
Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га талбайг хамрах 8565 өрхийн орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн нийт долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Өнөөдрийн байдлаар төслийн талбайд 532 хүн ажиллаж байгаа юм.
Уг төслийн эхний ээлжийн 3800 айлын орон сууцны барилгын ажлыг 2027 оны III улиралд дуусгана. Тодруулбал,
- Нэгдүгээр багцын бэлтгэл ажил 80 гаруй хувь, газар шорооны ажил 90 гаруй хувь, суурь цутгах ажил 30 хувьтай үргэлжилж байна.
- Хоёрдугаар багцын бэлтгэл ажил 98 хувь, газар шорооны ажил 90 хувь, суурь цутгах ажил 70 хувь, зоорины давхрын угсралт 20 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм.
- Харин бусад таван багцын гүйцэтгэгчидтэй гэрээ хэлэлцээр байгуулахын зэрэгцээ бэлтгэл ажлыг хангаж буй. Мөн зарим блокийн газар шорооны ажил эхэлсэн.
Уг төслийн хүрээнд төрийн болон нийгмийн бүхий л төрлийн үйлчилгээг нэг дороос хүртээмжтэй авах боломжийг бүрдүүлэх цогц, нэгдсэн төлөвлөлтийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Сэлбэ хотод 8565 өрхийн бүрэн цутгамал, газар хөдлөлтийн найман баллд тэсвэртэй, гурван давхар вакум цонх, металл фасад бүхий 113 орон сууц барина. Ингэхдээ барилга бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх фильтерийг суурилуулна. Түүгээр ч зогсохгүй 8 км авто зам, 39 км явган хүний зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн авто зогсоол, худалдаа, үзвэр үйлчилгээ, оффисын зориулалттай барилга барихаас гадна нийт талбайн 40 хувьд ногоон байгууламжийг цогцоор нь шийдэх юм. Тэрчлэн Сэлбэ голын хөвөөнд байрлаж буй Туул голын урсцыг сайжруулах зорилгоор хөв цөөрөм байгуулна.
Төслийг хэрэгжүүлснээр хотын төв рүү чиглэх урсгалыг саармагжуулахаас гадна нийт 15.600 яндан, 12.000 нүхэн жорлонг ариутгалын бодисоор устган, агаарын бохирдлыг 6 хувь бууруулж, хөрсний доройтлыг багасгах давуу талтай.