Хэн юу хэлэв...
Б.Бямбадорж: Томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрх, дүүргийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон бусад зүйлийн талаар тодрууллаа.
-Томуу, томуу төст өвчний халдвар буурахгүй байна. Энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэх бол?
-Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөл хориотой, хичээл сургалт танхимаар хичээллээгүй. Энэ үед амьсгалын замын халдварт өвчний тархалт бага байсан. Харин өнгөрсөн арваннэгдүгээр сараас иргэдийн дунд улирлын томуугийн тархалт нэмэгдсэн. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн томуугийн эмчилгээний 803 ор байна. 875 орыг шинээр нэмж дэлгэн, зохион байгуулалт хийсэн. Мөн томуугийн 26 амбулаторийн кабинетыг нэмж, өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийг уртасгасан цагаар болон амралтын өдрөөр ажиллуулж байгаа. Ковидын үед ажиллаж байсан амбулаторио томуугийн үеийн амбулаторийн тусламж, үйлчилгээ болгож зохион байгууллаа. Нийслэлийн хэмжээнд орны ачаалал 83.4 хувьтай, өмнөх долоо хоногоос 9.7 хувиар буурсан. Хэдий тийм ч халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах хэрэгтэй байна. Мөн иргэд халдвар авч өвдлөө гэхэд бусдад халдаахгүй байхад анхаарах шаардлагатай.
Ер нь хоёр хүртэлх насны хүүхдүүд, 5-8 насны хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчний тархалт өндөр байна. Өнгөрсөн долоо хоногоос иргэдийн эмнэлэгт хэвтэх нь 8.7 хувиар багассан ч халдвар буурахгүй байна.
-Томуу, томуу төст өвчний түгээмэл шинж тэмдэг яаж илэрч байна вэ. Ямар тохиолдолд эмнэлэгт зайлшгүй хандах хэрэгтэй вэ?
-Бид дүүргийн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан хороо, СӨХ-ийн группүүдэд мэдээлэл өгөхөөс гадна эмч нар маань сэдэвчилсэн мэдээлэл өгч байна. Томуу, томуу төст өвчний ямар вирус тухайн бүс нутагт тархаж байна вэ гэдгээс хамаарч шинж тэмдэг өөр байдаг. Гол нь халуурах, амьсгалын замын шинж тэмдгүүд илэрч байна. Сүүлийн өдрүүдэд гэдэсний хам шинжүүд илэрч байна. Энэ нь гэхдээ харьцангуй цөөн.
-Томуугийн дэгдэлт хэдий хугацаанд үргэлжилдэг вэ?
-Манай улсад арав, арваннэгдүгээр сараас томуугийн дэгдэлт ихсэж, дөрөв, тавдугаар сараас багасдаг. Энэ жил цаг агаар хүйтэн, сайн дулаарахгүй байна. Мөн ковид туссан иргэдийн дархлаа сул байна. Иймээс иргэд томуу болон бусад өвчнөөр өвдөх эрсдэл өндөр байгаа тул биеэ тамиржуулах, агаар салхинд гарах, даарахгүй байх хэрэгтэй.
-Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх хэрэгтэй вэ?
-Иргэд биеийн эсэргүүцлээ сайжруулах зорилгоор эм, химийн бүтээгдэхүүн хэрэглэх нь их болоод байна. Хүний өдөр тутмын хэрэгцээтэй витаминыг нэг удаа авахад тухайн хүнд шингэхгүй, шингэн болж гадагшилдаг. Тэгэхээр үүнийг хоол, ундаараа дамжуулж, бага багаар авах ёстой. Илчлэг сайтай хоол идэх, шингэн зүйл сайн уух, даарахгүй байх, олон нийтийн газар явахгүй байх, амны хаалт тогтмол зүүх хэрэгтэй. Мөн халдварын шинж тэмдэг илэрсэн үед бусдад халдаахгүй байх соёлд суралцах шаардлагатай байна. Түүнчлэн агаар салхинд гарах, спортоор хичээллэх хэрэгтэй. Шинж тэмдэг илэрсэн үед утлага хийх, хоолой зайлах гэх мэт энгийн эмчилгээ хийхээс гадна шаардлагатай үед өрхийн эмчид үзүүлж, зөвлөгөө авч, тохирсон эмчилгээг эрт эхлэх нь чухал.
-Эмч, сувилагч нарын ачаалал хэр байна вэ?
-Нийслэлд өрхийн эрүүл мэндийн 159 төв үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр нь ковид, томуугийн тусламж, үйлчилгээнээс гадна үндсэн тусламж үйлчилгээгээ үзүүлж, өндөр ачаалалтай ажиллаж байна. Иймээс бид дотоод нөөц бололцоогоо дайчлан, сайн дурын ажилтнууд ажиллуулах болон анагаахын төгсөх курсийн оюутнуудыг дадлагад гаргах байдлаар хүний нөөцийн нэмэлт зохицуулалт хийсэн. Хамгийн их ачааллыг өрх, дүүргийн эмнэлгүүд үүрч байгаа.
-Ковидын өвчлөл хэр байна вэ?
-Ковидын халдварын идэвх харьцангуй буурч байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлд 130 хүн халдвар авсан нь шинжилгээгээр батлагдсан. Өнөөдрийн байдлаар 289 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын хяналтад гэрээр 1076 хүн эмчлүүлж байгна. Мөн ковидын тусламж үйлчилгээнд телемедициний хяналтын эмчилгээг нэвтрүүлсэн, 88 хүн хянагдаж байгаа. Коронавирусийн дельта хувилбарын дэгдэлтийн үед телемедицинийг нэвтрүүлэх үүрэг авсан. Гэвч хил гаалийн асуудал болон бусад шалтгаанаар сар гаруйн өмнө энэ үйлчилгээ нэвтэрсэн. Ингэснээр иргэд гэртээ онлайнаар эмчийн хяналтад байж, шаардлагатай тохиолдолд халууны шил, даралтын аппарат зэргийг авч, түүгээрээ хяналтаа хийж, эмчийн зөвлөгөөг аваад явах боломжтой. Энэ технологийг цаашид бид өрхийн эрүүл мэндийн төвүүдэд архаг суурь өвчтэй өвчтөний хяналт, жирэмсний хяналтын үед нэвтрүүлэх бололцоотой.
Хэн юу хэлэв...
АНУ: Эмийн үнийн бууралтын мэдэгдэл маргаан дагуулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп эмийн үнийг бууруулсан талаарх мэдэгдэл нь дахин маргаан дагуулж, “математикийн хувьд боломжгүй” гэсэн шүүмжлэлд өртлөө.
Тэрбээр эмийн үнэ 500–600 хувь буурсан гэж мэдэгдсэн боловч шинжээчид ийм бууралт бодит байдалд боломжгүйг онцолж байна. Учир нь үнэ хамгийн ихдээ 100 хувь хүртэл буурах боломжтой бөгөөд түүнээс дээш буурна гэдэг нь хэрэглэгчид эм авахдаа мөнгө авахтай адил утгатай болно.
Трамп энэ талаар тайлбарлахдаа “өөр төрлийн тооцоолол” ашигласан гэж мэдэгдсэн ч эдийн засаг, математикийн мэргэжилтнүүд ийм аргачлал байхгүйг тодотгож байна.
АНУ-ын Эрүүл мэндийн сайд Роберт Ф. Кеннеди Жуниор мөн уг тайлбарыг дэмжихийг оролдсон ч түүний жишээ ч мөн буруу тооцоолол байсан гэж шинжээчид дүгнэжээ.
Энэ асуудал нь Трампын эдийн засгийн бодлоготой холбоотой тоон мэдээллүүдийн үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлж буй ээлжит жишээ болж байна. Өмнө нь ч тэрбээр эмийн үнийг 1000 гаруй хувиар бууруулсан гэх зэрэг мэдэгдэл хийж байсан ч эдгээрийг баримтаар нотлогдоогүй, хэтрүүлэгтэй гэж олон удаа няцааж байжээ.
Ийнхүү эмийн үнийн бууралтын талаарх Трампын мэдэгдэл нь бодит тооцооллоос зөрүүтэй, олон нийтийг төөрөгдүүлэх эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
Хэн юу хэлэв...
АНУ-ын Төв банкны удирдлагын шилжилт маргаан дагуулж байна
АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл албан тушаалын хугацаа дууссаны дараа ч Төв банкны зөвлөлийн гишүүнээр үлдэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр энэ шийдвэрээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаанаас Төв банкны бие даасан байдалд нөлөөлж болзошгүй хууль эрх зүйн үйлдлүүдтэй холбон тайлбарласан талаар Associated Press мэдээлэв.
Пауэллийн бүрэн эрхийн хугацаа тавдугаар сарын 15-нд дуусах бөгөөд түүний оронд нэр дэвшсэн Кевин Уорш-ийг Сенатын Байнгын хороо дэмжээд байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Пауэлл зөвлөлийн гишүүнээр үлдвэл шинэ удирдлагын бодлого, тэр дундаа хүү бууруулах шийдвэрт нөлөөлөх боломжтой бөгөөд Холбооны нөөцийн сан доторх бодлогын зөрчил нэмэгдэх эрсдэлтэй байна.
Үүний зэрэгцээ АНУ-д инфляц Төв банкны зорилтот 2 хувиас давсан хэвээр байгаа тул бодлогын хүүг бууруулах эсэх асуудал маргаантай хэвээр байна.
Хэн юу хэлэв...
АНУ болон Латин Америкийн орнууд Хятадыг Панамтай холбоотой эдийн засгийн дарамт үзүүлж байна гэж шүүмжиллээ
Панамын сувгийн боомтын үйл ажиллагаатай холбоотой маргаан олон улсын түвшинд хурцдаж, АНУ болон Латин Америкийн хэд хэдэн улс Хятадын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шүүмжиллээ.
Панамын шүүх Хонконгт төвтэй CK Hutchison компанийн Панамын сувгийн хоёр боомтыг ажиллуулах эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасан нь энэхүү зөрчлийн эхлэл болж байна. Уг шийдвэрийг АНУ-ын зүгээс Хятадын стратегийн нөлөөг бууруулах чиглэлд үзүүлсэн шахалттай холбон тайлбарлах нь бий.
Үүний дараа Хятадын тал Панамын далбаатай хөлгүүдэд тавих хяналтыг чангатгаж, шалгалт, саатлыг нэмэгдүүлсэн нь эдийн засгийн дарамт үзүүлж буй хэлбэр гэж ажиглагчид үзэж байна.
АНУ болон Латин Америкийн зарим улс Хятадын энэхүү үйлдлийг Панамын тусгаар тогтнолд нөлөөлөх оролдлого гэж үзэн шүүмжилж, олон улсын худалдаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулжээ.
Панамын суваг нь дэлхийн худалдааны чухал зангилаа бөгөөд нийт тээврийн урсгалын ойролцоогоор тав орчим хувь нь уг сувгаар дамжин өнгөрдөг. Иймээс тус бүс нутаг дахь геополитикийн өрсөлдөөн нь зөвхөн бүс нутгаар хязгаарлагдахгүй, дэлхийн худалдаа, тээврийн сүлжээнд нөлөөлөх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Энэхүү үйл явдал нь АНУ, Хятадын стратегийн өрсөлдөөн Латин Америкийн бүс нутагт улам тодорч буйг харуулж байна.
-
Хэн юу хэлэв...2024/03/04
Б.Төртогтох: Архины хамааралтай хүмүүсийн ард сэтгэл зүйн суурь асуудал байдаг
-
Дэлхий нийтээр..2020/05/09
Монгол сонсогчид ОХУ-ын цэргийн тусгай үүргийн онгоцоор ирэх боломжтой боллоо
-
Үйл явдал2024/05/01
Нарны замыг хааж, засварлана
-
Үйл явдал2019/08/27
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт, вакцинд хамрагдлаа
