Дэлхий нийтээр..
Европын холбооны сан болон сайн засаглалд хүрэх арга зам
Европын холбоонд элссэнээс хойш 10 жилийн дараа ч авлигын асуудал Болгар болон Румын Улсын аль алиных нь Европын холбоон дахь байр суурыг тодорхойлсон хэвээр байна. Авлигын тогтолцооны үр дагавар нь хоёр орны хувьд хамгийн ноцтой асуудал болж хадгалагдсаар байна.
Энэ асуудал нь өргөтгөл хийх замаар засаглалын үр дүнтэй өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд Европын холбооны үр өгөөжтэй байдалд эргэлзээ төрүүлж байна. Европын холбоо нь сүүлийн хорин жилийн турш орчин үеийн шинэчлэлд ихээхэн хэмжээний санхүүгийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ авлигатай тэмцэх чиглэлээр хоёр улсад хэд хэдэн болзол тавьсан. Европын холбооны сангуудын хөрөнгө авлигатай тэмцэх асуудалд илүү ахиц дэвшил гаргахад хэр чиглэгдэж байгаа эсэх болон бодит үр нөлөө нь юу байсан бэ гэдэг асуулт хэвээр байна.
Европын холбооны санхүүжилт засаглалыг сайжруулсан уу? Ардчилал судлалын төвөөс 2017 оны 2-р сарын 24-ний өдөр зохион байгуулсан дугуй ширээний уулзалтын үеэр хэлэлцсэн гол асуудлын нэг нь энэ байв. Энэхүү арга хэмжээнд Европын холбооны Сангийн асуудал эрхэлсэн Шадар сайд, хатагтай Малина Крумова илтгэл тавьж, Европын холбооны судалгааны хөтөлбөрийн түүхэн дэх хамгийн том судалгааны ажил болох нийгэм, хүмүүнлэгийн ухааны авлигатай холбоотой “ANTICORRP”-ийн хүрээнд судалгаа хийсэн Болгар, Румын, Унгар, Украин зэрэг орнуудын жишээнүүдийг ярьсан юм. Дугуй ширээний уулзалтад Болгар Улсын дэд ерөнхийлөгч асан, хатагтай Маргарита Попова, дипломат корпусын гишүүд, хэвлэл мэдээллийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, үндэсний болон олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов.
1998 оноос хойших авлигатай холбоотой үйл ажиллагаанд зарцуулсан Европын холбооны санхүүгийн дэмжлэгийг тоймлон үзэхэд Европын холбооны нийт санхүүгийн дэмжлэгийн бодит хэмжээнээс үл хамааран Болгар Улс нь авлигатай тэмцэх амлалтдаа анхаарлаа хандуулж, нөөц бололцоогоо зориулсаар ирсэн байна. Авлигатай тэмцэхэд үзүүлэх тусламжийн хэмжээ гурван удаа нэмэгдсэн бөгөөд энэ нь 1999 онд буюу хэлэлцээрийн эхэн үед, 2005 онд буюу Европын холбоонд нэгдэн орох гэрээнд гарын үсэг зурахын өмнөхөн, 2010 оны эхээр буюу Хамтын ажиллагаа ба баталгаажуулалтын механизмын заалтуудын хүчинтэй хугацаа дуусгавар болох үеүдэд юм. Болгар Улс Европын холбоонд нэгдэн орох, гишүүнчлэлийн хүчин чармайлтад ихээхэн ач холбогдол өгч байснаас ялгаатай нь ерөнхийдөө авлигатай тэмцэхэд маш хязгаарлагдмал нөөцийг хуваарилсан байна. Гэсэн хэдий ч Европын холбооны сангууд эерэг үлгэр жишээ үзүүлж, төрийн худалдан авалтын захиргааны чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Учир нь Болгар болон Румын Улсад Европын холбооны санхүүжилттэй төрийн худалдан авалтын авлигын эрсдэл нь үндэсний санг ашиглахтай холбоотой авлигын эрсдэлээс доогуур үнэлэгдсэн байдаг.
Эх сурвалж: anticorrp.eu
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
Дэлхий нийтээр..
Колумбын Ерөнхийлөгч хууль ёсны оршин суух зөвшөөрөлгүй цагаачдыг албадан гаргана
Колумбын Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприелла оршин суух зөвшөөрөлгүй олон мянган цагаачийг тус улсаас албадан гаргахаа мэдэгдлээ. Түүний тайлбарласнаар шинэ бодлого нь гэмт хэргийн түвшнийг бууруулах, цагаачлалын хяналтыг чангатгахад чиглэж байна.
Де ла Эсприелла энэ долоо хоногоос эхлэн Колумбын Цагаачлалын алба болон цагдаагийн байгууллагад хамтарсан шалгалт, ажиллагаа явуулах чиглэл өгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. Эхний ээлжид гэмт хэрэг үйлдэж буй цагаачдыг, дараа нь хууль ёсны статусгүй оршин суугчдыг шалгана гэж тэрбээр онцолсон байна.
Колумбод амьдарч буй цагаачдын дийлэнх нь Венесуэлийн иргэд юм. НҮБ-ын мэдээллээр наймдугаар сарын байдлаар тус улсад 2.8 сая орчим венесуэл иргэн амьдарч байгаа бөгөөд тэдний 2.3 сая орчимд 2021 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд түр оршин суух зөвшөөрөл олгожээ.
Шинэ бодлого нь Колумбын өмнөх цагаачлалын чиглэлээс томоохон өөрчлөлт болж байна. Тус улс өмнө нь Венесуэлээс ирсэн дүрвэгсэд, цагаачдад хамгаалалт үзүүлж, хууль ёсны оршин суух эрх авах боломжийг өргөжүүлэх бодлого баримталж ирсэн юм.
Харин цагаачдад тусалдаг байгууллагууд хууль ёсны оршин суух зөвшөөрөл авах гарцыг өргөжүүлэхийн оронд зөвшөөрөлгүй иргэдийг албадан гаргах нь асуудлыг улам хүндрүүлж болзошгүй гэж шүүмжилжээ. Мөн Колумбын Цагаачлалын алба одоогоор байнгын удирдлагагүй байгаа тул шинэ бодлогыг хэрэгжүүлэх ажиллагаа шинэ дарга томилогдсоны дараа эхэлнэ гэж мэдээлсэн байна.
Дэлхий нийтээр..
Николай Младенов: Израилийн цохилт Газын зэвсэггүйжүүлэлтийг удаашруулж байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Газын зурваст гал зогсоох төлөвлөгөөг хэрэгжүүлэх “Энхийн зөвлөл”-ийн дээд төлөөлөгч Николай Младенов Израилийн үргэлжилсэн цохилтыг шүүмжилж, энэ нь Газын зурвасыг зэвсэггүйжүүлэх болон иргэний засаглалд шилжүүлэх үйл явцад саад болж байгааг мэдэгдлээ.
Младенов НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд мэдээлэл өгөхдөө Трампын 20 заалт бүхий төлөвлөгөө зогсонги байдалд ороогүй, харин хэлэлцээний шатнаас бодит хэрэгжилтийн шат руу шилжсэн гэж онцолжээ.
Түүний хэлснээр Хамас зэвсгээ хураалгаж, Газын зурвасын удирдлагыг иргэний засаглалд шилжүүлэх төлөвлөгөөний гол нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн. Гэвч өнгөрсөн аравдугаар сард гал зогсоосноос хойш Израилийн цохилт үргэлжилж, Палестины иргэд амь үрэгдсээр байгаа нь Газын оршин суугчдад мөргөлдөөн дуусаж буй мэдрэмж төрүүлэхгүй байгааг тэрбээр тэмдэглэв.
Младенов өнгөрсөн долоо хоногт Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху болон Трампын зөвлөх Жаред Кушнертэй уулзаж, Израилийн Засгийн газрын тавьж буй асуудлуудыг нэг бүрчлэн хэлэлцсэн бөгөөд одоо техникийн түвшинд шийдвэрлэх цөөн асуудал үлдсэн гэжээ.
Харин Израилийн тал Хамас бүрэн зэвсгээ хураалгах хүртэл Газын зурвас дахь одоогийн байрлалаасаа цэргээ татахгүй гэсэн байр сууриа хадгалж байна. Израилийн НҮБ дахь Элчин сайдын орлогч Ноа Фурман улс нь Трампын төлөвлөгөөг дэмжиж байгаа ч Хамас зэвсэгтэй хэвээр байвал хэрэгжих боломжгүй гэж мэдэгдэв.
АНУ-аас НҮБ-д суугаа Элчин сайд Майк Уолтз мөн төлөвлөгөөтэй холбоотой санал зөрөлдөөнийг шийдвэрлэхээр ажиллаж буйг хэлээд, Хамас зэвсгээ үнэхээр хураалгах эсэхийг бодит үйл ажиллагаагаар нь үнэлнэ гэжээ.
Младенов мөргөлдөөн дахин өргөжвөл Газын зурвасын сэргээн босголт төдийгүй улс төрийн шийдэлд хүрэх боломж ноцтойгоор хумигдана гэдгийг анхааруулсан байна. Түүний хэлснээр Трампын төлөвлөгөөнд Палестины асуудлыг улс төрийн замаар шийдвэрлэх, цаашлаад хоёр улсын шийдэлд хүрэх боломж тусгагдсан аж. Нетаньяху Палестины тусгаар улс байгуулахыг эсэргүүцдэг байр суурьтай хэвээр байна.
-
Дэлхий нийтээр..2021/04/23
“Спутник” вакцины хоёр дахь ээлж энэ долоо хоногт нийлүүлэгдэнэ
-
Дэлхий нийтээр..2021/04/20
Нийтийн тээврээр зорчих хүний тоо буурахгүй байна
-
Дэлхий нийтээр..2025/02/20
Эрүүл мэндийн салбарт 768 стандарт хэрэгжиж байна
-
Дэлхий нийтээр..2022/01/06
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
