Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгор, Хэнтийн өмнөд хэсгээр, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговийн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул зам даваанд мөстөлт, халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулж байна.
2022 оны 04 сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүл багасна, бусад нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи нийт нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж 5-7 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж 5-7 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө сэрүүсэж 4-6 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 21-нээс 04 дүгээр сарын 25-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
21-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 22, 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 23-нд зарим газраар, 24-нд ихэнх нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 16-21 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр ихэнх нутгаар дулаарна.
Үйл явдал
“Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн баг Хөвсгөл аймагт үзлэг хийж байна
Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хязгаар нутгийн инээмсэглэл” төслийн хүрээнд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Эмч нарын багт эрүү, нүүрний мэс засал, хэл яриа засал, гажиг заслын шүдний эмчилгээний чиглэлийн эмч, мэргэжилтнүүд болон бөөрний тасгийн нарийн мэргэжлийн эмч нар багтжээ.
Тэд иргэдэд үзлэг, оношилгоо, зөвлөгөө өгч, шаардлагатай өвчтөнүүдийг цаашдын эмчилгээ, мэс заслын төлөвлөгөөнд хамруулах юм.
Үзлэг, оношилгоо 2026 оны долоодугаар сарын 24-31-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж байна.
Уруул, тагнайн эмгэгтэй хүүхдүүд болон бөөрний мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай өвчтөнүүд “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв”-ийн цахим бүртгэлд хандан цаг авч, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Үйл явдал
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэг 27 хувиар өсжээ
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй ял, шийтгэлийн байдлыг 2026 оны эхний хагас жилийн байдлаар судалжээ.
Дээрх хугацаанд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” 293 хүнд холбогдох хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 27 хувиар өссөн байна.

Гэмт хэрэг үйлдсэн нийт 293 хүнийг нас, хүйсийн байдлаар нь авч үзвэл, 20 хүртэлх насны 8 буюу 2.7 хувь, 20-30 насны 91 буюу 31 хувь, 30-39 насны 107 буюу 36.5 хувь, 40-аас дээш насны хүн 87 буюу 29.6 хувийг эзэлж байх бөгөөд 92 хувь нь эрэгтэй байна.
Судалгааны дүнгээс үзэхэд “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” хэрэгт бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй хүмүүс зонхилон холбогджээ.
Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 65.1 хувь нь Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.
Анхан шатны шүүхээс 169 хүнд торгох, 30 хүнд хорих, 41 хүнд зорчих эрхийг хязгаарлах, 44 хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 4 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ.
Судалгааны дүнгээс харахад дээрх төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдсан, шүүхээр шийтгэгдсэн хүний тоо улам өсөх хандлагатай байна. Тиймээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолооны ард суухгүй байж өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахгүй байхыг Тээврийн прокурорын газраас уриалж байна.
Үйл явдал
Монголын Хүннүгийн өв ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад орлоо
БНСУ-ын Пусан хотноо 2026 оны долоодугаар сарын 19-29-ний өдрүүдэд болж буй ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 48 дугаар чуулганаар Монгол Улсын “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өвийг Дэлхийн өвийн жагсаалтын соёлын ангилалд бүртгэлээ.
ЮНЕСКО-ийн мэдээллээр Дэлхийн өвийн хороо нь Дэлхийн өвийн жагсаалтад шинээр бүртгүүлэх санал, мөн өмнө нь бүртгэгдсэн өвүүдийн хадгалалт хамгаалалтын байдлыг хэлэлцдэг. Энэ удаагийн 48 дугаар чуулган БНСУ-ын Пусан хотноо болж байгаа бөгөөд Монгол Улсаас “The Cemetery Complexes of the Xiongnu Nobility” өвийг нэр дэвшүүлсэн байна.
Хүннүгийн язгууртны оршуулгын дурсгалууд нь Евразийн нүүдэлчдийн анхны эзэнт гүрний төр, нийгмийн бүтэц, хөгжлийн өндөр түвшин, Өрнө-Дорныг холбосон соёлын солилцоо, гар урлалын технологи, зан үйлийн уламжлалыг гэрчлэх түүх, археологийн хосгүй үнэ цэнэтэй өв юм.
Дэлхийн өвийн конвенцод зааснаар жагсаалтад бүртгүүлэх соёлын болон байгалийн өв нь Дэлхий нийтийн хосгүй гайхамшигт үнэ цэнэ буюу Outstanding Universal Value-тэй байх шаардлагатай. Мөн тухайн өв нь уг үнэ цэнийг нотлох 10 шалгуураас нэг буюу түүнээс дээшийг хангахаас гадна жинхэнэ байдал, бүрэн бүтэн байдлын шаардлагыг биелүүлсэн байх ёстой.
Монгол Улс Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай конвенцод 1990 онд нэгдэн орсон. Үүнээс хойш Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг, Дагуурын ландшафт, Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд зэрэг зургаан өвийг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлээд байсан юм.
Ийнхүү “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор” өв бүртгэгдсэнээр Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн жагсаалтад нийт долоон өвтэй боллоо.
-
Үйл явдал2019/11/01
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндоржийг албан тушаалаас нь чөлөөллөө
-
Дэлхий нийтээр..2024/10/17
Галт зэвсгээр хэвлий тус газарт нь буудаж гэмтээжээ
-
Дэлхий нийтээр..2021/04/20
АстраЗенека вакцины хоёр дахь тунг хийж эхэллээ
-
Хэн юу хэлэв...2024/02/13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрү...
