Дэлхий нийтээр..
Гандантэгчэнлин хийдэд тооллого хийж, эд зүйлсийн бүртгэлийг цахимжууллаа
Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд Соёлын яам Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд соёлын өвийн үзлэг, тооллого хийж, үр дүнг 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Монголын Бурханы Шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа бурхан, тахил, шүтээний зэрэг эд зүйлийг өмнө нь 1987 онд Музейн удирдах газар, 2013-2014 онд хуучнаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас тоолж байсан юм.
Энэ удаагийн тооллогоор 46070 эд зүйл бүртгэгдсэн бөгөөд дийлэнх нь шүтээн зураг (танка), баримал, шуумал, цутгамал болон хөөмөл бурхан шүтээний зүйлс байна. Үлдсэн хэсэг нь түүх, угсаатны болон шашны зан үйл, оёмол, хатгамал, сийлмэл бурхан шүтээний зүйлсээс бүрдэж байна.
Дээрх эд зүйлсийг нэг бүрчлэн тоолж, хэмжээ, жинг давхар нягтлан цахим бүртгэлийн системд оруулсан бөгөөд гэрэл зураг, дүрс бичлэгээр баталгаажуулан Соёлын өвийн үндэсний төвийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд шилжүүлэн хадгаллаа.
Мөн тооллогын явцад бохирдсон бурхан шүтээн, эд зүйлсийг цэвэрлэж, хийдийн лам, ажилтнуудад соёлын өвтэй харьцах, хамгаалах сургалт хийж соёлын өвийн мэдлэг ойлголтыг нь дээшлүүллээ.
Засгийн газрын хуралдаанаас Гандантэгчэнлин хийдэд хадгалагдаж байгаа хосгүй үнэт дурсгалт зүйлийг дижитал технологиор өндөр нарийвчлалтай баримтжуулах, хийдийн сүм дуган болон тэдгээрийн орчинд дохиолол, хяналтын камерын иж бүрэн систем суурилуулах, дурсгалт зүйлд үнэлгээ тогтоох, яаралтай сэргээн засварлах шаардлагатай дурсгалт зүйлийг үе шаттай сэргээн засварлах талаар зохих арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт даалгав гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Дэлхий нийтээр..
Францад иргэд рүү зөвшөөрөлгүй сурталчилгааны дуудлага хийхийг хориглов
Франц улс иргэдийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр бараа, үйлчилгээ сурталчлах зорилгоор утсаар холбогдохыг хориглосон шинэ хуулийг наймдугаар сарын 11-нээс хэрэгжүүлнэ. Уг зохицуулалт нь иргэдийг залхаасан борлуулалтын дуудлага болон залилангийн шинжтэй арилжааны үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэжээ.
Өмнө нь сурталчилгааны дуудлага хүлээн авахгүй байхыг хүссэн иргэд төрийн тусгай бүртгэлд утасны дугаараа оруулах шаардлагатай байсан ч зарим дуудлагын төв уг жагсаалтыг үл тоодог байжээ. Шинэ хуулиар харин аж ахуйн нэгжүүд хэрэглэгчээс урьдчилан зөвшөөрөл аваагүй тохиолдолд сурталчилгааны зорилгоор утсаар холбогдох эрхгүй болно. Иргэн өгсөн зөвшөөрлөө хүссэн үедээ цуцлах боломжтой.
Францын эрх баригчдын тооцоолсноор тус улсын иргэдийн дөрөвний гурав орчим нь долоо хоног бүр дор хаяж нэг удаа хүсээгүй сурталчилгааны дуудлага хүлээн авдаг бөгөөд олон хүн үүнээс ч олон дуудлагад өртдөг байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах 11 байгууллага 2024 онд хамтран шаардлага гаргаж, суурин болон гар утас руу ирдэг тасралтгүй сурталчилгааны дуудлагыг хориглохыг уриалж байжээ.
Хуулийг зөрчиж дуудлага хийсэн хувь хүнийг нэг дуудлага тутамд 75 мянга хүртэлх евро, аж ахуйн нэгжийг 375 мянга хүртэлх еврогоор торгох боломжтой. Харин хэрэглэгч өөрөө зөвшөөрсөн, эсвэл тухайн компанитай өмнө нь гэрээний харилцаатай бөгөөд шинэ үйлчилгээ санал болгож буй тохиолдолд хориг үйлчлэхгүй. Иргэд зөвшөөрөлгүй дуудлагын талаар төрийн цахим хуудсаар мэдээлэх боломжтой.
Шинэ хууль Францын зах зээлд үйлчилдэг гадаадын дуудлагын төвүүдэд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, Мароккогийн дуудлагын төвүүдийн орлогын 80 гаруй хувь Францын зах зээлээс бүрддэг бөгөөд тус улсын 40–50 мянган ажлын байр эрсдэлд орж болзошгүйг Мароккогийн хөдөлмөр эрхлэлтийн сайд мэдэгджээ.
Дэлхий нийтээр..
“Уралдронзавод” компанийн ерөнхий захирлын автомашиныг дэлбэлжээ
ОХУ-ын Свердловск мужид батлан хамгаалахын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрийн удирдлагын автомашинд дэлбэрэлт болж, нэг хүн амиа алджээ.
Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дэлбэрэлт Екатеринбург хотын ойролцоо болсон бөгөөд “Уралдронзавод” компанийн ерөнхий захирал Владимир Ткачукийн амь насанд халдах оролдлого байж болзошгүй байна. Тэрбээр хүнд бэртэж, эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн бол жолооч нь газар дээрээ нас баржээ.
Хууль сахиулах байгууллагууд дэлбэрэлтийн талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна. Харин мөрдөн шалгах байгууллага олон нийтэд аюултай аргаар хүний амь насанд халдахыг завдсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
“Уралдронзавод” компани 2023 онд Екатеринбург хотод байгуулагдсан бөгөөд нисгэгчгүй нисэх төхөөрөмж үйлдвэрлэдэг аж. Тус компанийн 2025 оны орлого 6.2 тэрбум рубль, цэвэр ашиг нь 1.9 тэрбум рубльд хүрсэн гэж РБК мэдээлсэн байна.
Одоогоор дэлбэрэлтийн шалтгаан, хэрэгт холбоотой этгээдүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.
Дэлхий нийтээр..
Вашингтон мужийн ой хээрийн түймрийг хяналтад авах ажил ахицтай байна
АНУ-ын Вашингтон мужийн Спокан хот орчимд дэгдсэн ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаа ахицтай үргэлжилж байна. Гал сөнөөгчид хот руу ойртсон гурван том түймрийн эргэн тойронд хамгаалалтын зурвас байгуулж чадсан ч цаг агаар дахин халж, хуурайшилт нэмэгдэх төлөвтэй байгаа тул нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй байгаа аж.
Өнгөрсөн бямба гарагаас эхэлсэн түймрийн улмаас 10 мянга гаруй акр газар шатаж, 700 гаруй барилга бүрэн сүйдэж, 400 орчим барилга эвдэрч гэмтжээ. Мөн хэдэн арван мянган иргэн орон гэрээ орхин нүүлгэн шилжсэн байна. Одоогоор хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд сураггүй байсан бүх хүнийг олжээ.
Албаныхны мэдээлснээр түймрийн нэг голомтыг санаатайгаар тавьсан байж болзошгүй хэрэгт 37 настай Аарон Фариначчиг баривчилж, галдан шатаасан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин бусад хоёр түймрийн шалтгааныг үргэлжлүүлэн тогтоож байгаа бөгөөд аянгын улмаас үүсээгүй гэж үзэж байгаа аж.
Одоогоор АНУ даяар 13 мужид 90 гаруй томоохон ой, хээрийн түймэр идэвхтэй үргэлжилж байгаагийн талаас илүү нь Орегон болон Вашингтон мужид бүртгэгдсэн байна. Цаг уурын байгууллагууд ойрын өдрүүдэд агаарын температур дахин огцом нэмэгдэж, хуурайшилт эрчимжих төлөвтэй байгааг анхааруулсан бөгөөд энэ нь гал унтраах ажиллагаанд шинэ сорилт учруулж болзошгүйг онцолжээ.
-
Дэлхий нийтээр..2024/10/07
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ
-
Дэлхий нийтээр..2022/09/26
Шаамар сумын хэмжээнд хүлэмж барих 600 сая төгрөгийн хүсэлтийг шийдвэрлэхээр бол...
-
Дэлхий нийтээр..2024/05/13
Монгол Улсын Ерөнхийлөгч хашаандаа мод тарьж, ургуулж буй айлд зочиллоо
-
Дэлхий нийтээр..2023/06/29
УИХ: Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар...
