Хэн юу хэлэв...
Б.Даваасүрэн: Хөнгөн галт тэрэг бол түгжрэл бууруулах гол шийдэл
“Нийслэл Улаанбаатар хотод жил тутамд 70-80 мянгаар өсөн нэмэгдэж буй автомашинтай уралдаж зам тавин түгжрэлийг бууруулах боломж үнэндээ байхгүй. Автобус, троллейбусыг хэдэн арваар нь худалдан аваад ч иргэдийг машинаас татгалзуулж чадахгүй. Тиймээс л масс транзит тээвэр буюу хөнгөн галт тэрэг LRT нь түгжрэл бууруулах гол шийдэл болж байгаа. Улаанбаатар хотын тухайд энэхүү хөнгөн галт тэргийг гүүрэн тулгууртай байх нь илүү оновчтой гэж тооцоолсон юм” хэмээн Гүүрэн тулгуурт хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулах судалгааны багийн ахлагч, зөвлөх эдийн засагч Б.Даваасүрэн ярилаа. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-LRT буюу хөнгөн галт тэрэгний төсөл Улаанбаатар хотод хэр хэрэгцээ, шаардлагатай вэ гэдгээс ярилцлагаа эхэлье?
-LRT төслийн ТЭЗҮ судалгааны багийг ахалж ажилласан хүний хувьд, мөн хотын иргэний хувьд хэлэхэд энэ төсөл маш чухал ач холбогдолтой. Улаанбаатар хотод төвлөрөл, түгжрэл тулгамдсан асуудал болсон. Мөн шинэ дэд төвүүд, дагуул, хаяа хотуудыг холбох хэрэгцээ, шаардлага ч тулгарч байна. Энэ нөхцөлд их багтаамжтай тээврийн хэрэгсэл ашиглахгүй, хуучин шигээ автобус, хувийн машинаар тээврийн хэрэгцээгээ хангах боломжгүй. Тиймээс тээврийн тогтолцоонд том өөрчлөлт гаргах шаардлагатай байна. Манай улсад хамгийн тохиромжтой, олон хүн багтаах тээврийн хэрэгсэл бол LRT буюу хөнгөн галт тэрэг. LRT-г нэвтрүүлэхээс гадна бүх төрлийн тээврийн хэрэгслийн зохион байгуулалтыг шинэчлэн, шинэ тогтолцоогоор явах хэрэгтэй. Маш олон жилийн турш, хэд хэдэн төрлийн тээврийн хэрэгслийг судалсны эцэст LRT буюу хөнгөн галт тэргийг сонгосон.
-Улаанбаатар хотод LRT биш, метро л тохиромжтой гэж үзэх хүмүүс бий. Нөгөө талаас иргэдийн дунд LRT нөгөө л метро шиг замхрах вий гэсэн болгоомжлол байна. Ер нь яагаад заавал LRT гэж. LRT метроноос ямар давуу талтай вэ?
-Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, MRT, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна. Эдгээр судалгааны үр дүнд нийтийн тээврийн даацтай, том өөрчлөлтийн эхлэлийг LRT буюу хөнгөн галт тэрэг тавьж чадах юм байна гэж үзсэн. Үүнд хэд хэдэн үндэслэл бий. Нэгдүгээрт, өртгийн хувьд метроны нэг км замд 150 сая ам.доллароос багагүй хөрөнгө зарна. Газар зүйн байрлал, хэр гүн тавихаас хамаараад энэ үнэ нэмэгдэнэ. Тэгэхээр метро бол манай өнөөдрийн эдийн засагт тохиромжгүй.
Мөн дэлхийн хандлагыг харах хэрэгтэй. Дэлхийн хотууд гурван саяас дээш хүн амтай болсон үед метро барьдаг. 1.5 сая хүнтэй Улаанбаатар хотод одоо метро барих нь тохиромжтой биш. Метро, LRT бол агуулгын хувьд ойролцоо, аль аль нь ямар ч саадгүй, тогтоосон хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ. Нэг удаадаа 600-700 хүн зөөж, 2-3 минутын хугацаатай явна гэдэг бол унаа хүлээх, түгжрэх асуудал байхгүй болно гэсэн үг. Хүн хоёр цаг түгжрэх үү, 30 минутад тухайн газраа очоод, ажлаа амжуулах уу гэдэг нь тодорхой шүү дээ. LRT нь метроноос ялгарах зүйлгүй, тохилог, осол аваар гарахгүйгээс гадна эдийн засгийн хувьд ч олон давуу талыг олгож байгаа. LRT-гийн буудлууд байгуулна. Буудлуудыг дагаад эдийн засаг, бизнесийн орчин бүрдэх боломжтой. ТЭЗҮ-д үндсэн буудлыг төлөвлөхөөс гадна тээврийн маршрутыг сайн суулгаж өгсөн. Нийтийн тээврийн зохион байгуулалтыг хэрхэн өөрчлөх ерөнхий дүр зураг ч эндээс гарна.
-Бусад улс оронд хямд зардлаар боссон хөнгөн галт тэрэг яагаад Улаанбаатарт өндөр үнээр босох тооцоо гарав гэх асуудал хөндөгдөж байна. Тус төслийн өртөг, зардлын тооцоог танилцуулаач?
-Нийслэлийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Ажлын хэсэгт гадаад, дотоодын 110 инженер мэргэжилтэн 40 гаруй хоногт хамтарч ажиллаж, хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ-ийг боловсруулж дууссан. Хөнгөн галт тэрэг барих, түүний ТЭЗҮ боловсруулах ажлыг анх удаа хийж буй хэрэг биш юм. 2010 онд БНСУ-ын компани анх LRT хөнгөн галт тэрэгний ТЭЗҮ боловсруулахдаа нэг км замыг 56 сая ам.доллароор тооцсон байдаг. Дараа нь ЖАЙКА олон улсын байгууллага метроны төслийг боловсруулахдаа км замыг 118 сая ам.доллароор барина гэсэн тооцоолол гаргажээ. Гадаад, дотоодын зарим инженерийн тооцооллоор LRT км тутамдаа 73 сая ам.долларын өртөгтэй гарсан нь ч бий. Одоогийн ТЭЗҮ-д тусгасан км тутмын өртгийг өндөр байна гэж ярьж буй хүн байна. Ер нь бол төслийн өртгийг км-ээр тооцно гэдэг өрөөсгөл ойлголт. Харьцангуй ойлголт шүү дээ. Хот төлөвлөлт муутай, дэд бүтэц хийгдээгүй газарт LRT хөнгөн галт тэрэгний өртөг хямд гарна. Саяхан Вьетнам улс хөнгөн галт тэрэгтэй боллоо гэж мэдээлсэн. Тэрхүү галт тэрэгний өртөг 830 сая ам.доллароор хийгдсэн байдаг. 13 км замыг барихын тулд зөвхөн газар чөлөөлөлт болоод хот төлөвлөлтөд 200 сая гаруй ам.доллар зарцуулсан. Вьетнамд бүх газраа өмчилчихсөн байдгаас замын хажуугийн газрыг чөлөөлөхөд асар их зардал гарсан гэдэг. Яг үүн шиг манай Улаанбаатарт ч олон төрлийн зардал гарна. 15 буудал бүхий 18.1 км зам барихын тулд 926 сая ам.доллар зарцуулах тооцоолол бүхий төсөл. Газар чөлөөлөх зардлаас гадна өндөр хүчдэлийн шугам чөлөөлөх, зам өргөтгөх гэхчлэн бүх зардал багтаад 926 сая ам.доллар болж байгаа юм. Дээрээс нь магадлашгүй ажлын зардалд түүхий эдийн үнэ өсөх, валютын ханшийн өөрчлөлтийг ч багтаасан.
-18.1 км зам тавихын тулд чөлөөлөх шаардлагатай газрыг хэрхэн тусгасан бэ?
-Нийтдээ 700 гаруй нэгж газрыг чөлөөлөхөөр тусгасан. Нисэх, “Буянт-Ухаа 2” хороолол орчимд 110 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах юм. Тэнд метроны депо, томоохон худалдааны төвүүд, 25 мянган автомашины зогсоол барина. Өмнөговь, Дундговиос орж ирж бараа тээвэрлэдэг автомашинууд тухайн орчноосоо бараагаа татаж аваад буцах, эсвэл тэндээ машинаа тавьчихаад метронд суугаад хотын төв рүү орох байдлаар тооцоолсон. Түүнчлэн Хөшигийн хөндий зүгт явдаг автобус метроны депо орчимд зорчигчдоо сэлгэх боломж бүрдэнэ. Шинэ Яармаг хороолол баригдаад дуусах үед зорчигч хөдөлгөөний эрчим нэмэгдэнэ.
-LRT хөнгөн галт тэрэгний үр ашгийн тооцоог хэрхэн гарсан бэ. Хөрөнгө оруулалтаа хэрхэн нөхөх вэ?
-Бид 2050 он хүртэлх судалгааг гаргасан. LRT хөнгөн галт тэрэгний төсөл бол арилжааны төсөл биш гэдгийг энд онцолъё. Ямар ч улс оронд нийтийн тээврийн төсөл арилжааны төсөлд ордоггүй. Тиймээс энэхүү төсөл нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний судалсан маршрутын дагуу иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд өнгөрөөж байгаа. Үүнийг жилд дундажлаад тооцвол, иргэн 35 хоногийг машин дотроо өнгөрөөж байна. Дундаж наслалт 72 гэж тооцвол түүнийхээ 6.5 жилийн түгжрэлд өнгөрөөхөөр харагдаж байгаа юм.
Дээрээс нь хөдөлмөрийн бүтээмжийг харах нь зүйтэй. Нэг хүн 2.5 цагт 20.400 төгрөгийн бүтээмж алдаж байна гэсэн үг. Энэ маршрутын дагуу хувийн машин болоод нийтийн тээврээр зорчигчдын тоогоор үржүүлбэл, жилд 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна гэсэн тооцоо гарсан. Автомашины түгжрэлд зогсохдоо шатааж буй шатахууныг 2.5 мотортой машинаар дундажлаад тооцвол 3.46 литр бензин зарцуулж байгаа. Энэ нь 8400 төгрөг, жилийн турш 440 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч буй юм. Жилд гурван их наяд гаруй төгрөгийн бодит хохирлоос гадна хүмүүсийн бухимдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар гээд бүгдийг ТЭЗҮ-д тооцож суулгасан.
-Хөнгөн галт тэрэг нэвтэрснээр түгжрэлийг хэдэн хувиар бууруулах вэ?
-Түгжрэлийг 25 хувиар бууруулна гэж тооцож байгаа. 18.1 км үргэлжлэх маршрут нь “Буянт-Ухаа-2”-оос эхлээд Яармаг, Мишээл экспо, Ажилчдын ордон, Гэгээнтэн, И-март, Цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав, 13 дугаар хороолол, Зүүн 4 замаар дайран Сансарын тойрог хүрэх хамгийн эрчим өндөртэй газруудыг дайрахаар төлөвлөсөн.
-LRT хөнгөн галт тэрэгний шугамын суурь бүтэц, галт тэрэгний насжилтын хувьд тооцоолол хийсэн үү?
-Ер нь бол 30 жил ашиглана гэж тооцоолж байгаа. Урт хугацаанд ашиглагдах учир хөрөнгө оруулалтын зардал харьцангуй өндөр байх талтай. Цаашилбал, төсөл хэрэгжсэнээс хойш 15-16 дахь жилээсээ шууд үр ашиг өгч эхэлнэ. Суурь дэд бүтэц, тулгуурт гүүр, төмөр замын тухайд 50-100 жилийн насжилттай гэсэн үг. Хөдлөх бүрэлдэхүүний хувьд 30 жилийн насжилттай. Тэгэхээр энэ бол 21 дүгээр зуунд Улаанбаатар хотын хөгжлийг тодорхойлно гэсэн үг.
-Төсвийн байнгын хорооноос тодотголд оруулах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлт хэр үндэслэлтэй вэ. Төсвийн байнгын хороо төсөлтэй хэр сайн танилцаж чадсан бол?
-Улаанбаатар хотод хөгжлийн асуудал тулгамдаж байгаа энэ үед харамсалтай л санагдаж байна. Гэхдээ ойлголцолд хүрэх болов уу. Төсөлтэй нарийн сайн танилцаж, УИХ-ын гишүүдийн саналыг сонсон шийдвэр гаргах хэрэгтэй. Өр зээл ихтэй байгаа үед хөрөнгө мөнгө их зарцуулах нь хүндрэлтэй ч улс оронд тулгамдаж буй хөгжлийн асуудлыг хойш тавьж болохгүй. Учир нь Улаанбаатар хотын нэг ч болов асуудлыг шийдсэнээр хотын хөгжлийн эрчимжилт улсын эдийн засагт хувь нэмрээ оруулах болно.
Манайд “Оюутолгой”, “Тавантолгой” гэх мэт томоохон төслүүд хэрэгждэг. Улс орны хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдруулах байдаг. Тийм болохоор тэр олж байгаа орлогоо яагаад иргэддээ зориулж, нэг халааснаас нөгөө рүүгээ шилжүүлж болохгүй гэж. Хамгийн гол зорилго бол иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах биз дээ. Үүнээс хойш сууж, хөрөнгө мөнгө харамлаж суумааргүй санагдаж байна.
-Төсөл хэрэгжихгүй цаг алдсанаас үүдэн ажил товлосон хугацаанаасаа хожимдохоос гадна өөр ямар сөрөг үр дагавар гарах вэ?
-Товлосон хугацаанаасаа хожимдох бол мэдээж хамгийн наад захын асуудал. Түүнээс гадна LRT төсөл дээр Хятадын зүгээс хамтран ажиллахдаа нааштай хандах магадлалтай байгаа. Тиймээс хоёр хөрштэйгөө харилцахдаа сэтгэл хөдлөл, олон нийтийн хандлагаар бус нарийн тооцоололд тулгуурлаж нухацтай хандах хэрэгтэй.
Хэн юу хэлэв...
ОХУ-аас нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин нийлүүлэхээр боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын өгсөн үүргийн дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан томилолтоор ажиллаж байна.
Томилолтын хүрээнд ОХУ-ын Эрчим хүчний яам болон “Роснефть”, “Газпром нефть” компанийн удирдлагуудтай уулзаж, Монгол Улсын түлш, шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцлээ.

Үр дүнд Наймдугаар сард багтаан манай улсад нэмэлтээр 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нийлүүлэхээр тохиролцов. ОХУ-д дотооддоо хүнд нөхцөл байдалтай байгаа хэдий ч хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг хүндэтгэж манай улсад түлш, шатахууны нийлүүлэлтээ тогтвортой үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлэв.
Г.Дамдинням сайд урьд өмнө огт тохиолдож байгаагүй бэрхшээлтэй цаг үеийг даван гарахад тусалж байгаа ОХУ-ын Засгийн газар, Аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Хэн юу хэлэв...
Газрын тосны агуулахууд эхнээсээ ашиглалтад ороход бэлэн болжээ
Засгийн газрын дэмжлэгтэй, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 18 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах барьж, өргөтгөж эхэлсэн.
Ерөнхий сайд Н.Учрал эдгээр аж ахуйн нэгжийн төлөөлөл болгон “Сан Петролиум” ХХК, “Шунхлай” ХХК-ийн газрын тосны агуулахын барилга угсралтын ажлын явцтай өнөөдөр танилцав.

“Сан Петролиум” ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 16,000м³ үүнээс 8000м3-ийн багтаамжтай савыг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна. Үлдсэн 8000м3 агуулахын нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10.0 тэрбум төгрөг бөгөөд жилийн есөн хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 10.0 тэрбум төгрөгийн санхүүжилт арилжааны банкнаас авчээ. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд 2026 оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн дуусгаж, ашиглалтад оруулах гэж байна. Эдгээр агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын АИ-92-ийн хэрэглээний 13 хоногийн хэрэгцээг бүрэн хангах юм. Ерөнхий сайд тус агуулахыг ашиглалтад хүлээн авахад зөвшөөрлийн саад бэрхшээл учруулахгүй байхыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Харин “Шунхлай” ХХК 100,000 м³ буюу Монгол Улсад хамгийн том хүчин чадалтайд тооцогдох газрын тосны бүтээгдэхүүний агуулахыг Сонгинохайрхандүүргийн 21 дүгээр хороонд барьж байна. Тус бүр нь 14,000 м³ нэрлэсэн багтаамжтай, 36 метрийн диаметр, 14.5 метрийн өндөртэй долоон босоо ган сав барихаар төлөвлөсөн. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 151.26 тэрбум төгрөг бөгөөд жилийн 9 хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн хүрээнд арилжааны банкнаас 151.0 тэрбумын санхүүжилт авсан байна. Газрын тосны бүтээгдэхүүний агуулахын барилга угсралтын ажлын гүйцэтгэл нь 40 хувьтай байгаа бөгөөд 2027 оны 12 дүгээр сарын 31-нд багтаан бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөснийг “Шунхлай” ХХК-ийн техник технологи хариуцсан захирал Ш.Гэрэлт-Од хэлэв. Тус агуулах ашиглалтад орсноор улсын хэрэглээний 8-9 хоногийн нөөцийг нэмж хадгална.

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, Манай Засгийн газар 33 жилийн дараа анх удаа 22 шатахууны нөөц сав барих ажил эхлүүлсэн. Мөн хоёр жил гацсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргалаа. Үр дүнд нь 20 хувийн гүйцэтгэлтэй гацсан үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрч үргэлжилж байна. 30 жил гацсан газрын тос нийлүүлэх, эрэл хайгуулын ажлыг эхлүүллээ. 14 байршилд Олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Засгийн газар үнийн өсөлтийн эсрэг, дэлхий дахины нөхцөл байдлаас хамаарч эх орондоо үүсэх сөрөг нөлөөг даван туулахын төлөө бүх шатандаа хичээн ажиллаж байна хэмээв.

Улаанбаатар хотоос гадна Мөн Өмнөговь аймагт дөрвөн агуулах (37,000 м³, 34.109 тэрбум төгрөг), Дархан-Уул аймагт хоёр (11,000 м³, 10.834 тэрбум төгрөг), Баян-Өлгий аймагт хоёр (5,200 м³, 7.560 тэрбум төгрөг), Орхон аймагт нэг (8,000 м³, 7.530 тэрбум төгрөг), Ховд аймагт нэг (10,000 м³, 8.700 тэрбум төгрөг) төсөл хэрэгжиж байна. Эдгээр агуулахын барилга угсралтын ажлын явц 5-90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. 85 хувиас дээш гүйцэтгэлтэй зургаан агуулах нь Морьт говь ойл ХХК, Тэс петролиум ХХК, Сан петролиум ХХК, Содмонгол групп ХХК, Веллком ХХК, Петролайн ХХК-ийнх бөгөөд барилга угсралтын үндсэн ажил нь дуусах шатандаа орж, тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилт, тохируулга болон ашиглалтад хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг гүйцэтгэж байна.

Хөнгөлөлтэй зээл авсан аж ахуйн нэгжүүд Газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмал, газрын тосны газартай хариуцлагын гэрээ байгуулжээ.
2027 оны улсын төсөвт аж ахуйн нэгжүүдээ дэмжиж шатахууны хадгалах хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ. Үүний үр дүнд улсын гурван сар хүртэлх хэрэглээ хадгалах хүчин чадалтай болно. Ингэснээр богино хугацаанд үүсэж болох шатахууны үнийн огцом хөөргөдөл, хомсдолтой холбоотой бэрхшээл, эрсдэлийг бодитой бууруулах боломж бүрдэнэ. Агуулах барих газартай, зураг төсөлтэй, шаардлага хангасан бүх аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгоно гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хэлэв.




