Хэн юу хэлэв...
Ү.Оюун-Эрдэнэ: Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан замын хөдөлгөөнд оролцох үедээ тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлж байна
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Ү.Оюун-Эрдэнэтэй зам тээврийн осол, нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Замын хөдөлгөөний осол, нөхцөл байдал ямар байгаа талаар ярилцлагаа эхэлье.
-Улсын хэмжээнд 2022 он гарсаар эхний 4 сарын байдлаар нийт зам тээврийн осол, гэмт хэргийн шинжтэй 8258 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс нийслэлд 7206, орон нутагт 1652 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Одоогоор зөвхөн зам тээврийн ослын улмаас 112 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байгаа. Үүнээс хүүхэд өртөж нас барсан гэмт хэрэг 18 бүртгэгдсэн.
Дээрх зам тээврийн ослыг газар нутгаар нь авч үзвэл нийслэлд 24, орон нутагт 88 хүн байна. Харин нийслэлд 2 хүүхэд, орон нутагт 16 хүүхэд амь насаа алдсан. Явган зорчигч хэлбэрээр замын хөдөлгөөнд оролцохдоо 24 хүн амь насаа алдсан бол зорчигч хэлбэрээр 43, тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зам тээврийн осолд өртсөний улмаас амь насаа алдсан 45 тохиолдол бүртгэгдсэн байна.
-Зам тээврийн ослын түгээмэл шалтгаан юу байна вэ?
-Ослын дийлэнх шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Замын хөдөлгөөнд оролцогчдын дийлэнх нь ерөнхий болон аюулгүй байдлын дүрмүүдийг мэддэг. Хэдий тийм ч анхаарал болгоомжгүй байдал, үл тоох хандлага нь осол үүсэх гол шалтгаан болдог.
Улсын хэмжээнд бүртгэгдэж буй зам тээврийн ослуудын нийтлэг гарч байгаа зөрчлүүд нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, жолоодох эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодох, орон нутгийн замд Замын хөдөлгөөний дүрэмд тогтоосон хурд хэтрүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй хөдөлгөөнд оролцсон үедээ осолд өртсөн тохиолдлууд дийлэнх хувийг эзэлж байна.
Харин Улаанбаатар хотод гэрэл, дохио зөрчих, замын барилга байгууламж мөргөх, хурд хэтрүүлснээс зам тээврийн осол гарч байна.
-Хүүхдэд зориулсан замын хөдөлгөөний дүрмийн талаар цагдаагийн байгууллагаас сургуулийн өмнөх насны хүүхдүүд болон ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад үе шаттайгаар сургалт орж байгаа. Энэ нь үр дүнгээ хэрхэн өгч байгаа вэ?
-Тээврийн цагдаагийн албанаас “Зөвийг хэвшүүлье” уриатайгаар Зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нөлөөллийн арга хэмжээг сар бүр зохион байгуулж байгаа. Энэ оны 1, 2 дугаар сард “Гэрлээр анхааруулъя”, 3 дугаар сард “Гар утас”, 4 дүгээр сард “Хамгаалалтын малгай”, 5 дугаар сард “Сургууль орчмын бүс” зэрэг арга хэмжээг зохион байгуулж, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэн ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд тодорхой үр дүнд хүрч зам тээврийн осол, хэрэг буурч байгаа.
Цаашид ч гэсэн бид цаг үеийн нөхцөл байдалд тохирсон нэгдсэн арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж ажиллахаар төлөвлөөд байна.
-Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхэдтэй замын хөдөлгөөнд оролцохдоо гарцаар гарахгүй, гэрэл дохио зөрчих, тээврийн хэрэгсэлд зориулалтын суудалд суулгахгүй авч явах гэх мэт зөрчил их гаргадаг. Тэгвэл эцэг эхчүүд тээврийн хэрэгсэлд бага насны хүүхдийг авч явахдаа хэрхэн аюулгүй байдлыг нь хангах ёстой вэ?
-Цагдаагийн байгууллагаас соён гэгээрүүлэх сургалт, мэдээллийн ажлыг үе шаттай хүргэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдээ дагуулан замын хөдөлгөөнд оролцох үедээ тэдэнд буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй, гэрэл дохио зөрчихгүй, гарцгүй газраар гүйх, зохицуулагчийн дохио зөрчихгүй байх зэргээр замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд оролцохыг уриалж байна.
Мөн хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг ханган, урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүсийг зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцохыг зөвлөж байна.
Урин дулааны цаг ирж байгаатай холбогдуулан иргэд унадаг дугуй, мотоцикл, цахилгаан скүүтэрээр замын хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой зам тээврийн осол хэр бүртгэгдэж байна вэ. Хэдээс дээш насны иргэд эдгээр тээврийн хэрэгслийг унаж замын хөдөлгөөнд оролцох боломжтой вэ?
-Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэмд мопедийг 16-аас дээш насанд хүрсэн хүн хамгаалах хэрэгслийг бүрэн хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно. Харин унадаг дугуйг 14-өөс дээш насны хүн явган хүний болон унадаг дугуйн замаар зорчих хэсгийн баруун гар талын эгнээгээр зорчино. Бага насны хүүхдүүд зөвхөн тоглоомын талбай, зориулалтын талбай дээр зорчино гэж заасан байдаг.
Орон нутагт иргэд мотоциклыг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашиглах болсон. Мөн жолооны сургалтад хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм судлаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй хүн мотоцикл жолоодож хөдөлгөөнд оролцдог, хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцдог зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Иймд эцэг, эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, мотоцикл, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган замын хөдөлгөөнд оролцоорой.
-Орон сууц болон гэр хорооллын дундах замаар иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж зорчих талаар зөвлөгөө өгнө үү?
Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд хорооллын доторх хөдөлгөөнд явган зорчигч давуу эрхтэй гэж заасан боловч энэ нь тухайн нөхцөлд жолооч, зорчигч бие биеэ харж байгаа тохиолдолд явган зорчигч давуу эрхтэй байна.
Үл хөдлөх саад, орон байр, тээврийн хэрэгслийн цаанаас гэнэт гүйх, ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийг харалгүй зорчих хэсэг рүү гарч зам тээврийн осолд өртвөл явган зорчигчийн давуу эрх хязгаарлагддаг.
Өнөөдрийн нөхцөлд орон сууцны гадна автомашины зогсоол хүрэлцээгүйгээс явган хүний зам дээр машинаа байрлуулдаг. Үүний улмаас тухайн тээврийн хэрэгслийн цаанаас хүүхэд харагдахгүй гарч ирснээр зам тээврийн осолд өртөж улмаар амь нас, эрүүл мэндээрээ хохирох харамсалтай хэрэг гарч байна.
Мөн иргэд малгайтай цамц, куртка өмсөх нь үзэгдэх орчныг хязгаарлаг, гар утас, чихэвчний хөгжим хэрэглэж байх үедээ замын хөдөлгөөнд оролцсоноор тухайн орчныхоо эрсдэлийг тооцоолж чадахгүйгээс шалтгаалж осолд өртөх нөхцөл байдал үүсдэг.
Зөвхөн хорооллын дундах замд гэлтгүй замын хөдөлгөөнд оролцож буй жолооч, зорчигч та бүхэн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн л бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, шатах, тослох материал, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.
-Ярилцсанд баярлалаа.
Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжюанийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан /2026.07.21/ хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнуулсан Элчин сайдад Ерөнхий сайд Н.Учрал баяр хүргээд, томилолтын хугацаандаа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд идэвх чармайлт гарган, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг бэхжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулж ажилласныг Монгол Улсын Засгийн газар өндрөөр үнэлж буйг тэмдэглэв.

Элчин сайд цаашид ч хоёр улсын хамтын ажиллагаанд анхаарч ажиллахаа илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу БНХАУ-ын талаас Монгол Улсад АИ-92 шатахуун, мөн агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байгааг хэлэв.
Хоёр талын хамтын ажиллагааны чухал чиглэл болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал зэрэг боомтыг төмөр замаар холбох, холбогдох гэрээ, хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах замаар эрх зүйн орчныг бэхжүүлэх ажил хэрэгжинэ гэдэгт итгэлтэй буйгаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Элчин сайд Шэнь Миньжюань Монгол Улсад хоёр жил 10 сарын хугацаанд томилолтоор ажиллаад, эх орондоо буцах гэж байна.


Хэн юу хэлэв...
Ерөнхий сайд СОР17 бага хурлын бэлтгэл, төслийн талбай дахь бүтээн байгуулалтын явцтай танилцав
НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17-р бага хурлыг /СОР17/ Монгол Улс энэ оны наймдугаар сарын 17-28-нд Улаанбаатар хотноо зохион байгуулна.
Ерөнхий сайд Н.Учрал тус хурлын бэлтгэл болон төслийн талбай дахь бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, салбар хоорондын уялдаа холбоог хангаж, мэдээлэл солилцлоо.
СОР 17 нь Монгол Улсад дэлхий нийтийн анхаарал, хөрөнгө оруулалт, туршлага, дэвшилтэт технологийг татах, цөлжилттэй тэмцэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал арга хэмжээ юм.

Уг бага хурлыг Ногоон болон Цэнхэр бүс гэсэн хоёр үндсэн хэсэгт хуваан, тус бүрийг өөр өөр агуулга, сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дэлхийн 190 орчим орны 2,000 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлээд буй СОР17 бага хурлын ач холбогдлыг иргэдэд таниулах ажлыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайдН.Учрал үүрэг болголоо. Мөн бага хурлын зохион байгуулалттай холбоотой санхүү, төсвийн мэдээллийг олон нийт болон шийдвэр гаргагчдад ил тод, нээлттэй байлгахыг холбогдох албаныханд даалгав.

COP17 хурлын үеэрх замын хөдөлгөөний зохицуулалт, түр хаалт, нийтийн тээврийн чиглэл, сургууль, цэцэрлэг, зах, худалдаа үйлчилгээний төвийн ажиллах хуваарь зэрэг шаардлагатай мэдээллийгнаймдугаар сарын 1-нээс өмнө иргэдэд хүргэж ажиллахыг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо.
“Эх байгалиа сэргээж, итгэл найдвараа бадраая” уриатай СОР17 бага хурал нь Монгол Улсын Засгийн газрын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх, зорилтуудыг олон улсын түвшинд уялдуулах чухал алхам болох юм.
Малчдын төлөөллийг тус хуралд оролцуулж, тэдний санал, хүсэлтийг олон улсад хүргэх ёстой гэсэн саналыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат хэлж байлаа.










Хэн юу хэлэв...
Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна.
Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ.
Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.






-
Үйл явдал2026/04/16
Томоохон байгууллагууд руу чиглэсэн кибер халдлагын оролдлого нэмэгдэж буйг анха...
-
Дэлхий нийтээр..2022/11/11
Энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 521 177.1 тонн ачаа хилээр нэвтэрсэн байна
-
Дэлхий нийтээр..2022/12/01
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг хүлээн ав...
-
Дэлхий нийтээр..2025/03/31
II улирлын бие даалтын 7 хоног өнөөдөр эхэлнэ
