Дэлхий нийтээр..
Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол болов
Увс аймгийн Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутагт орших Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх уг ёслолд оролцох төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүнээр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржийг томилсон юм.

Төрийн тахилгын ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Төрийн элч, төлөөлөгчдийн тэргүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж уншиж сонордууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд, Хан Хөхий хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг дөрөв дэх удаагаа ёслол төгөлдөр үйлдэж байгааг дурдав.
Бидний өвөг дээдэс байгалийн хуулийг танин мэдэж, хувирал хэмнэлд нь ахуй амьдралаа найрсан зохируулж, жам ёсыг ухааран сэнхэрч ирсний яруу тод нэгэн илрэл нь уулын тэнгэрийг тайх ёслол гэдгийг хэллээ.
Байгаль дэлхийн уул ус, мод бут алив бүхэн нь амьтай, эзэнтэй хэмээн итгэн сүсэглэж, унаган нутгаа хайрлан хамгаалж, уугуул төрхөөр нь үр хойчдоо өвлөн үлдээх тухай энэхүү зан үйл нь монголчуудын түүх соёл, итгэл бишрэлийн цогцолбор гэдгийг онцлов.
Тийм ч учраас өвөг дээдсээс уламжлан ирсэн үнэт өв – уул ус, овоо тахилгын уламжлалт зан үйлдээ хүндэтгэлтэй хандаж, уг язгуур төрхөөр нь хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулах талаар Төрийн тэргүүн Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусган ажиллаж байгааг тэмдэглэв.
Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Соёл, шашны бодлогын зөвлөх Д.Бум-Очир Хан Хөхий хайрхан уулын тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг Увс аймгийн музейд хадгалуулахаар өгөв.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 183 дугаар зарлигаар Хан Хөхий уулыг Төрийн тахилгатай болгосон. Үүнээс хойш 2008, 2012, 2017 онд тус тус Хан Хөхий уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг зохион байгуулсан юм.
Увс аймгийн нутагт орших Хан Хөхийн нурууны ноён оргил Алтан Дуулга нь далайн түвшнээс дээш 2,928 метр өндөртэй.

Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
