Бидэнтэй нэгдэх

Хэн юу хэлэв...

Г.Цогтсайхан: Нийтийн аж ахуйн салбарын 114 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна

Огноо:

,

Сэтгүүлч:

Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхантай ярилцлаа.

-Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын түүхт 91 жилийн ой тохиож байна. Салбарын хэмжээнд ойн өдрийг хэрхэн өнгөрүүлж байна вэ?

-Орон сууц нийтийн аж ахуйн салбарын нийт ажилтан, албан хаагчид болон хэрэглэгчдэдээ нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлж сайн сайхныг хүсэн ерөөе.

Бид Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний ой, Нийтийн аж ахуйн үйлчилгээний ажилтны өдрийг жил бүр бүтээлчээр тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Энэ жил уламжлалт ёсоороо “Хэрэглэгчээ сонсъё” нээлттэй хаалганы өдөрлөгийг нийт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын хүрээнд 2022 оны аравдугаар сарын 07-ны өдөр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлтэй хамтран зохион байгуулж, орон даяар тэмдэглэн өнгөрүүллээ. Энэхүү арга хэмжээг аймаг, орон нутгийн хувьд тухайн нутаг дэвсгэртээ, нийслэлийн хувьд ус суваг болон орон сууцны ашиглалт, үйлчилгээ эрхэлж буй байгууллагууд тус бүртээ бүтээлчээр зохион байгууллаа.

Салбарт Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”, Монгол Улсын 2020-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл болон Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичгүүдийг удирдлага болгон хэрэгжүүлэн ажиллаж байна.

Салбарын нэгдсэн бодлого зохицуулалтын хүрээнд: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, 2021.07.05-ны өдөр Монгол Улсын Их Хуралд өргөн барьсан. 2022.05.13-ны хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн.

Мөн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр заасан юм.

Энэ ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр тушаалаар “Орон сууцны ашиглалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулж, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд туссаны дагуу 2022 оны УИХ-ын намрын чуулганд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байна.

Хүн амын өсөлт, хот, суурин газрын нягтаршил, иргэдийн оршин суух нөхцөлөө сайжруулах хэрэгцээ, шаардлагыг хангах, үүнтэй холбогдуулан орон сууцны барилгын ашиглалтын менежментийн үйл ажиллагааг дэмжих механизмыг бий болгох, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг тогтмол хийх бүтцийн оновчтой тогтолцоог бий болгох, орон сууцны ашиглалтын үйл ажиллагаа дахь төрийн оролцоог зөв тодорхойлох шаардлагатай байна.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Канад, Австрали, ОХУ, Солонгос, Япон, Герман зэрэг улс орны туршлагыг судалж, хуулийн хэрэгжилтийн судалгаа, шинжилгээний тайлан, дүгнэлтэд үндэслэн холбогдох төрийн яамд, агентлаг болон орон нутгийн захиргааны байгууллагууд, салбарын хувийн хэвшлийн байгууллага, мэргэжлийн холбоодын оролцоог ханган боловсруулсан бөгөөд олон удаагийн хэлэлцүүлгийг танхимаар болон цахим хэлбэрээр зохион байгуулж, холбогдох саналыг авч, хуулийн төсөлд тусгаад байна.

-Салбарын өнөөгийн төлөв байдлын тухай хэрхэн дүгнэж хэлэх вэ?

-Хот байгуулалт, Барилга, Нийтийн аж ахуйн салбар нь салшгүй холбоотой чухал салбарууд юм. Хот суурин газар төлөвлөгдөөд, барилга байгууламж баригдаад түүнийг ашиглалтаас гартал иргэдэд тасралтгүй үйлчилгээ үзүүлэх нь Нийтийн аж ахуйн салбарын үүрэг юм. Хэдийгээр улс орон зах зээлийн системд шилжсэн үеэс бүрэн утгаараа зах зээлд шилжиж чадаагүй ганц салбар нь Нийтийн аж ахуйн салбар болж үлдсэн ч иргэд оршин суугчдын амьдралын амин чухал үйлчилгээг өдөр тутам тасралтгүй гүйцэтгэж байна.

Салбарын хэмжээнд, Тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу ашиглалтын байгууллага 208, нийт ажиллагсад 10695, нийт хэрэглэгч 614728, жилд олборлосон ус 140474 мян.м3, орлого 195 260 сая.төгрөг, зарлага 234074 сая.төгрөг, өр төлбөр 324 400 сая.төгрөг, шугам сүлжээний дундаж насжилт 30-аас дээш жил, ажилчдын дундаж цалин 1163000 байна. Эдгээр үзүүлэлтүүд нь өмнөх оны мөн үеэс сайжирсан ч цаашид тодорхой ажлуудыг зохион байгуулж үр дүнд хүргэх шаардлагатай байна.

-Улаанбаатар хотын болон аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажил үргэлжилж байна.Салбарын хэмжээнд хийгдэж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарт 2016 оноос хойш олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад улс орны санхүүжилтээр Улаанбаатар хот, 16 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал, Азийн Хөгжлийн банктай хамтран Архангай, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Дундговь, Хэнтий аймгуудын төвд хоногт тус бүр 3000 м3 хүчин чадалтай орчин үеийн биологи цэвэрлэгээний цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Төслийн хэмнэлтийн хөрөнгөөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд хоногт 50 м3, Өвөрхангай аймгийн Хужирт суманд хоногт 310 м3 хүчин чадалтай цэвэрлэх байгууламж, цэвэр усны гүний худгийн барилга, усан сан, цэвэр усны шугам сүлжээ барих ажлуудыг нэмэлтээр хийж байна. Цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг жигдрүүлэх зорилгоор тохируулга, зүгшрүүлэлтийн ажил нэг жилийн хугацаанд үргэлжилнэ. Сүхбаатар аймгийн төв, Дундговь аймгийн Эрдэнэдалай сум, Өвөрхангай аймгийн Хужирт сумын төвийн цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажлуудыг 2022 оны 12 сар гэхэд гүйцэтгэж дууссанаар эдгээр байгууламжууд ашиглалтад бүрэн орно.

2021 оноос Бүгд Найрамдах Польш улстай хамтран Баян-Өлгий, Увс, Завхан, Говьсүмбэр “Аймгуудын бохир ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөн шинэчлэх, шинээр барих төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байна. Эдгээр байгууламжууд ашиглалтад орсноор хөрсний бохирдлыг бууруулж орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ тухайн орон нутгийн суурьшлын бүс өргөжин тэлэх, иргэд ая тухтай, эрүүл орчинд ажиллаж амьдрах нөхцөл бүрдэнэ.

-Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэлт, барилга угсралтын ажил хэр урагшилж байна вэ?

-Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн хүчин чадал нь хоногт 250,000м3, барилга угсралтын ажил 61 гаруй хувьтай 2024 онд ашиглалтад орно. Ахуйн болон урьдчилан цэвэрлэсэн үйлдвэрийн хаягдал усыг Монгол Улсын MNS:4943-2015 стандартын түвшинд хүргэж цэвэршүүлэх, байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах зорилготой. Цэвэрлэх байгууламж нь бохир ус цэвэрлэх, лаг боловсруулах гэсэн үндсэн хоёр технологийн дагуу ажиллана. Бохир усанд механик цэвэрлэгээ, биологи цэвэрлэгээ, нэмэлтээр физик, химийн цэвэрлэгээ хийгдэх юм. Цэвэрлэгдэн гарсан усыг 6.5 км урт сувгаар дамжуулан Туул голд нийлүүлнэ.

Түүнчлэн Мянганы сорилтын сангийн Компакт гэрээний хүрээнд Ус дахин боловсруулах үйлдвэр баригдах бөгөөд шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа цэвэрлэгдсэн уснаас хоногт 50,000 м3 усыг авч дахин цэвэршүүлэн ДЦС-3, ДЦС-4-ийн хөргөлтийн системд ашиглахаар тооцон төлөвлөсөн. Үүний үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн найдвартай ажиллагаа нэмэгдэж, технологийн хэрэгцээнд нийлүүлж байгаа гүний цэвэр усыг хэмнэдэг болно.

-Мөн сумдад инженерийн дэд бүтэцтэй болгох төсөл хэрэгжиж эхэлсэн. Тус төсөл хэдэн хувьтай явж байна вэ?

-“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлуулсан. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд ойрын жилүүдэд 59 сумдад шинээр инженерийн дэд бүтцийн хангамжийг барьж байгуулахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар 17 суманд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 11 сумын инженерийн дэд бүтцийн хангамжийн зураг төслийг боловсруулж байна. Архангай аймгийн Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумдын инженерийн хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан.

Энэхүү төсөл, арга хэмжээ нь үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох ялангуяа, инженерийн шугам сүлжээ, барилга байгууламжийг шинэчлэх, шинээр барих, сумын иргэдэд нийтийн аж ахуйн үйлчилгээг иж бүрнээр хүргэх, тогтвор суурьшилтай ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эрүүл ахуйн шаардлагыг хангах, төвлөрлийг сааруулах зорилготой төсөл юм.

Мөн Шинэ сэргэлтийн бодлогын Хот, хөдөөгийн сэргэлт арга хэмжээний хүрээнд Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн инженерийн дэд бүтцийн хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Хөшигийн хөндийн “Шинэ зуунмод”, “Зуунмод”, “Майдар” зэрэг хотыг шинээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй бүс нутаг, түүнийг дагасан чөлөөт бүс, тээвэр, логистикийн болон худалдаа, бизнес, үйлдвэрлэлийн шинэ төвүүд бий болж, улс орны эдийн засагт тодорхой хэмжээний үр өгөөж өгөх болно.

Товчхон хэлэхэд Барилга, хот байгуулалтын сайдын багцад 2022 онд нийтийн аж ахуйн салбарт улсын хэмжээнд шинээр нийт 114 төсөл, арга хэмжээг батлуулан хэрэгжүүлж байгаагаас инженерийн шугам сүлжээний ажил нь 46 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнээс 86 төсөл, арга хэмжээ 2023 онд дамжин хэрэгжихээр байна. Нийт 114 төсөл, арга хэмжээнээс 21 багц төсөл, арга хэмжээ нийслэлд, 93 төсөл, арга хэмжээг аймгуудад хэрэгжүүлж байгаа юм.

-Салбарын хэмжээнд тулгамдсан асуудлууд юу байна вэ. Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэхээр ажиллаж байгаа бол?

Нэгдүгээрт: Салбарын хүний нөөцийн тогтвор суурьшилтай байдал, тэдгээрийг сургаж дадлагажуулах, чадавхжуулах, мэргэшүүлэх, шинэ ажилтан бэлтгэх асуудал нь тулгамдаж байна. Энэ хүрээнд:

Салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор Хүний нөөцийн сургалт, уулзалт, хэлэлцүүлгийг 2 удаа зохион байгуулсан. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийн дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, их, дээд мэргэжлийн боловсролын сургуулиуд, салбарын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулан тухайн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

Мөн түүнчлэн Азийн хөгжлийн банктай хамтран НААҮБ-ын техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, чадавхжуулах техник туслалцааны төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн хүрээнд хүний нөөц, техникийн чадавх болон сургалтын хэрэгцээг үнэлэх аргачлалыг боловсруулах, инженер, техникийн ажилчдын одоогийн байдалд дүн шинжилгээг хийх, сургалтын хүртээмж, чанар, үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх богино, дунд хугацааны сургалтын үнэлгээг хийх, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, сургалтын хөтөлбөр, сургалтын үзүүлэн материалууд, дадлага хийх газруудыг хамруулах, техникийн сургалтын стратеги боловсруулах болон стратегийн гүйцэтгэлийг үнэлэх хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, жилийн төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах ажлуудыг гүйцэтгэж байна.

Салбарын инженер, техникийн ажилтан бэлтгэж хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор ШУТИС-тай хамтран 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн Улаанбаатар хот болон орон нутгийн НААҮБ-ын 24 хүн 2,5 жилийн эчнээ ангид суралцуулж байна.

Салбарт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан 2022-2023 оны хичээлийн жилд дээрх сургалтыг үргэлжлүүлэн хичээллүүлэхээр ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар салбарт нийтдээ 10000 гаруй ажилтан, ажиллагсад ажиллаж байгаа бөгөөд нийт ажиллагсдын 11,3 хувийг инженер техникийн ажилтан, 77,5 хувийг мэргэжилтэй ажиллагсад, 11,2 хувийг санхүү, захиргаа аж ахуйн ажилтнууд эзэлж байна.

Дээрх ажиллагсдаас доктор, зөвлөх зэрэгтэй инженер 64, мэргэшсэн инженер 266, мэргэшсэн нягтлан бодогч 76 ажиллаж байна.

Салбарын ИТА-уудын 54 хувь нь эрэгтэй, 46 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байгаа бол ажил мэргэжлийн онцлогоос хамаарч цэвэр, бохир усны шугамын засварчин, сантехникийн засварчин, гагнуурчин, цэвэр, бохир усны зөөврийн машины жолооч гэх мэт ажлын байруудад эрэгтэйчүүд 67 хувийг үлдсэн 33 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Хоёрдугаарт: Салбарын санхүү эдийн засгийн чадавхын асуудал юм. Учир нь нийт өр төлбөр 324.4 тэрбум төгрөг байна. Салбарын эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахын тулд зардал нөхөх төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хөрөнгийн менежмент хийх, тарифын зохицуулалт хийх зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.

Гуравдугаарт: Орон нутгийн хэмжээнд зарим аймгийн ихэнх сумдад дулаан хангамжийн ашиглалт, үйлчилгээгээ хувийн байгууллагуудад хариуцуулж, олон жилийн менежментийн гэрээгээр өгсөн байдаг. Төв суурин газруудад дулааны шугамтай ус хангамжийн шугамыг нэг сувагт угсарч ашигласнаар цэвэр усны шугамыг хөлдөх эрсдэлээс сэргийлдэг. Гэтэл цэвэр усны шугамыг шинээр барьж байгуулах явцад сумдын дулааны ашиглалт, үйлчилгээ хариуцаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд дулааны шугамыг цэвэр усны шугам хамт явах боломжгүй нарийн сувагт эсвэл суваггүй технологи ашиглаж, урьдчилсан дулаалгатай хоолойгоор угсарсан зэрэг асуудал байна. Зөвхөн төсвийн хэдэн байгууллагуудыг дулаанд холбосон, бусад байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүд дулаанд холбогдоогүй байна. Төслийн хүрээнд шинээр айл өрх, аж ахуйн нэгжийг холбох шаардлагатай тулгарахад халаалтын тогооны хүчин чадал, шугам сүлжээгээ өргөтгөхгүй байх, улсын төсвийн хөрөнгөөр хувийн байгууллагын харьяаллын шугам сүлжээ, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах боломжгүй тул тухайн байгууллагын өргөтгөл шинэчлэлт хийх боломж нөхцөл бүрдэхийг хүлээх гэх мэт хүндрэлүүд гарч байна. Энэ талаар ЭХЯ-тай хамтран ажлын хэсэг зохион байгуулан ажиллаж байна.

-2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдав?

-“Орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх тухай” Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2022/02 дугаар албан даалгаврыг гаргаж, түүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын нарийвчилсан төлөвлөгөөг батлуулан ажиллаж байна.

Салбарын хэмжээнд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл ажилд 34.9 тэрбум төгрөгийн санхүүжилт зарцуулж, 1625 нэр төрлийн ажил гүйцэтгэхээр төлөвлөсөн. 2022 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 1154 нэр төрлийн ажил хийгдэж 20.8 тэрбум төгрөг зарцуулаад байна. Үүний үр дүнд өвөлжилтийн бэлтгэл ажлын биелэлт улсын хэмжээнд 72.7 хувь, /үүнээс нийслэлд 74 хувь, орон нутагт 71.5 хувийн /-тай байна.

Эх сурвалж: БХБЯ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Хэн юу хэлэв...

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна

Огноо:

,

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр /2026.06.30/ Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллалаа. 

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Үүнд үзэгчдийн суудал, дотоод зам, дээврийн хэсгийн засвар, гадна тохижилт, ногоон байгууламж, үйлчилгээний хэсгийн зохион байгуулалтын ажлууд багтаж байна. 

Шадар сайд баяр наадмын өдрүүдэд авто зогсоол, нийтийн тээвэр, ариун цэврийн байгууламж, үйлчилгээний стандартын бэлтгэлийг сайтар хангах шаардлагатайг онцоллоо. Мөн энэ жилийн зохион байгуулалтын туршлага, анхаарах асуудлыг нэгтгэсэн гарын авлага боловсруулж үлдээх чиглэл өглөө.

Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагч Д.Баярбаатарын мэдээлснээр долдугаар сарын 3, 7-нд наадмын нээлтийн тоглолтын бэлтгэл ажлын явцтай танилцахаар төлөвлөж байна гэлээ. 

Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав бөхийн барилдааны нэг, хоёрын давааг долдугаар сарын 10-нд зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Шадар сайд Н.Номтойбаяр баяр наадмын үйл ажиллагааг нарийн төлөвлөсөн цагийн хуваарийн дагуу зохион байгуулах, жуулчдад зориулсан тайлбар, мэдээллийг олон хэлээр бэлтгэх, тасалбарын борлуулалтын тухайд урилга байсан ч төлбөртэй гэдгийг онцоллоо.

Түүнчлэн сур, шагайн харвааны талбайн тохижилт, хоол үйлчилгээний стандарт, иргэдэд нээлттэй шууд дамжуулалтын зохион байгуулалтад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байхыг үүрэг болголоо

Огноо:

,

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны зургаадугаар сарын 29-ний өдөр Төмөр замын газар, "Монголын төмөр зам" ТӨХК, "Улаанбаатар төмөр зам" ХНН болон нефть импортлогч компаниудын төлөөлөлтэй уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлт, тээвэрлэлтийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Уулзалтын үеэр дэлхий дахин болон бүс нутгийн нөхцөл байдлаас шалтгаалан нефтийн нийлүүлэлт хүндрэх эрсдэл байгааг онцолж, төмөр замын байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгожээ.

Мөн нефть импортлогч компаниуд болон холбогдох байгууллагуудад шатахуун, түлшний нөөцөө хангалттай бүрдүүлэх, нийлүүлэлтийг тасралтгүй байлгах, гаалийн байгууллагатай нягт хамтран ажиллахыг сануулсан байна.

Түүнчлэн иргэний нисэх болон төмөр замын байгууллагууд одоогийн түлш, шатахууны нөөц, цаашдын хэрэгцээний тооцоогоо яаралтай танилцуулж, бүтээн байгуулалтын ажлуудад шатахууны нийлүүлэлтээс шалтгаалсан саатал үүсгэхгүйгээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Зам, тээврийн сайд онцоллоо.

Түүнээс гадна Зам, тээврийн яамнаас баримталж буй бодлогын хүрээнд нефть импортлогч компаниудын хүсэлтийг үндэслэн аюултай ачаа хадгалах агуулах, сав барих зориулалтын газрын асуудлыг төрийн холбогдох байгууллагуудтай зөвшилцөн шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй унших

Хэн юу хэлэв...

Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Огноо:

,

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны дунд Хөх морь сарын шинийн есөн буюу 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо. Тахилгын өмнөх орой “Тэнгэр үзэлтний мөнх тэнгэр нэгдсэн хороо” НҮТББ-ын бөө нар лус, галын тахилга, хайрхны тэнгэрийг тахих ёслол үйлдлээ.

Төрийн нэрийн өмнөөс бөө нараар зан үйл хийлгэдэг түүхэн уламжлал байсныг судлаачид Монголын нууц товчооны 272 дугаар зүйл, Жужан, Хятан Улсын тухай түүхэн эх сурвалжуудыг харьцуулан судалж тогтоосон. Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ удаагийн тахилгад бөө нарыг оролцуулах шийдвэрийг өнгөрсөн тавдугаар сард гаргасан юм. Энэ дагуу төрийн тахилгад шилмэл 99 бөө оролцож, тус тусын зан үйлээ үйлдлээ.

Мөн орой Хэнтий, Төв аймгийн лам нар Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа. Төрийн хонжин тэргүүтэй Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг залсны дараа Их сүлдэч зул, арц, хүж асаан хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, хамаг монголчуудын дээд шүтээн Хэнтий хан, Бурхан Халдун уул бол Эзэн богд Чингис хааны сүр хүч, суу алдрыг тэтгэгч Сүлд тэнгэрийг оршоосон, үеийн үед тахиж, өнө мөнхөд шүтэх зарлигтай хайрхан гэдгийг онцоллоо.

Оройн дээд шүтээн Эзэн Богд Чингис хааны айлтгалтай Бурхан Халдун хайрхны цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл болохыг тэмдэглэлээ.

Иймээс Их хааны айлтгал, Их Монгол Улсын өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн алтан хэлхээг бататган илэрхийлэх үүднээс Бурхан Халдун уулын хүндэтгэлийн цогцолборыг төрийн тэргүүний зарлигаар шинээр бүтээж, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн морин жил ёслол төгөлдөр нээж байгааг сонордууллаа.

Ерөнхийлөгч, Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчуудын эрхэм дээд үүрэг гэдгийг хэллээ. Мөн Хэнтий хан хайрхан, Бурхан Халдун уулын шүтээн Сүлд тэнгэр монгол төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ээлийн дээдээ хүртээж, ивээлийн ихээ хайрлаж байхыг сүслэн даатгалаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Алтанхуягийн Үйлстөгөлдөр Бурхан Халдун хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь Хэнтий аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Дамдинжавын Аюурбуньд хүлээлгэн өглөө.

Төрийн хонжин Бүх цэргийн Их хар сүлдний тайлга эхлэх команд өгөхөд хөгжимд хүндэтгэлийн аялгуу эгшиглэлээ. Их сүлдэч “Их хар сүлдийн өчил” өчих үед тахилгад оролцогсод Их хар сүлдэнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх идээ шүүсний дээж зэргийг Их хар сүлд болон хайрхны зүг өргөж, Их хар сүлдэнд мөргөлөө.

Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, Сумын мэргэн Жаргалсүрэнгийн Эрхэмбаярт хүлээлгэн өгч, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Сумын алдарт уяач, мянгат малчин Цэрэнжамцын Барссайханы цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Бүх цэргийн Их хар сүлд, Өмнө, Өрнө, Умар, Дорнын элч сүлдийг Монгол Улсын Төрийн далбаа, Хэнтий, Төв аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хүндэтгэлийн гэрэлт цогцолборт мэхийн ёсолж, тэнгэрт дахин хүндэтгэл үзүүлснээр Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилга өндөрлөлөө.

Бурхан Халдун уулыг Хиад боржигины өвөг Бодончарын үеэс тахиж, Эзэн Богд Чингис хааны үед Хамаг Монгол, Монголын Эзэнт гүрний Сүлд уул болгон тахиж байсан. 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул болгосон юм. 2015 онд ХБНГУ-ын Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны чуулганаас “Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” гэсэн нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэжээ.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Үйл явдал2026/07/03

"Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо ц...

Дэлхий нийтээр..2026/07/03

Германы прокурорууд “Умардын урсгал”-ын халдлагыг Украины тал за...

Үйл явдал2026/07/03

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2026” олон улсы...

Үйл явдал2026/07/03

Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг UNCCD COP17 бага хурлын талбайн б...

Дэлхий нийтээр..2026/07/03

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

Үйл явдал2026/07/03

Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үй...

Үйл явдал2026/07/01

Нийтийн тээврийн холын чиглэлүүдийн замналд автобусны зогсоол нэмэгд...

Үйл явдал2026/07/01

Үндэсний их баяр наадмын тасалбарыг өнөөдрөөс цахимаар худалдаалж эх...

Үйл явдал2026/07/01

Эзэмшил, ашиглалтын газрын 50 метр хүртэлх талбайг угааж, өнгө үзэмж...

Үйл явдал2026/07/01

Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн х...

Үйл явдал2026/07/01

“Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо

Үйл явдал2026/07/01

Оюутолгойн хэлэлцээрийг Монголд ашигтай хувилбараар тохиролцлоо

Үйл явдал2026/07/01

Зорчих эгнээ хааж зогсох нь түгжрэл, ослын эрсдэлийг нэмэгдүүлнэ

Хэн юу хэлэв...2026/07/01

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжи...

Үйл явдал2026/06/30

Мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын эмнэлгийн үйл ажиллагааг танил...

Үйл явдал2026/06/30

Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв

Үйл явдал2026/06/30

ЭЗБХ: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сон...

Хэн юу хэлэв...2026/06/30

Зам, тээврийн сайд газрын тосны бүтээгдэхүүний тээвэрлэлтийг тасалду...

Үйл явдал2026/06/30

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан

Үйл явдал2026/06/30

“Хамгаалсан байгаль - Бидний ирээдүй” нөлөөллийн арга хэмжээг эх...

Үйл явдал2026/06/30

“Хавдрын эсрэг үндэсний аян-2026” Сэлэнгэ аймагт эхэллээ

Үйл явдал2026/06/30

Олон улсын парламентын өдрийг тохиолдуулан “Нээлттэй парламент” ...

Дэлхий нийтээр..2026/06/29

Пакистан: Афганы хил орчимд явуулсан ажиллагаагаар 29 зэвсэгт этгээд...

Дэлхий нийтээр..2026/06/29

Трамп дижитал үйлчилгээний татвар ногдуулсан орнуудад 100 хувийн имп...

Үйл явдал2026/06/29

Анхааруулга!

Үйл явдал2026/06/29

Монгол, Оросын хамтарсан “Сэлэнгэ-2026” хээрийн сургуулийн төлөв...

Үйл явдал2026/06/29

Уул уурхайн салбарт хийж буй хамтарсан хяналт шалгалт улсын хэмжээнд...

Үйл явдал2026/06/29

Хөвсгөл нуур орчимд олон улсын стандартад нийцсэн хог хаягдлын байгу...

Үйл явдал2026/06/29

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан

Үйл явдал2026/06/25

Б.Пүрэвдагва: Нярайн эндэгдлийг бууруулж, эрүүл монгол иргэнийг өсгө...

Санал болгох