Дэлхий нийтээр..
Г.Занданшатар: “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно
УИХ-ын дарга Г.Занданшатарын Бүгд Найрамдах Турк Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд “Монгол-Туркийн бизнес форум”-ыг Анкара хотноо 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээний нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дэд дарга Ж.Мөнхбат, БНТУ-ын Үндэсний Их Хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоан, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин, Турк Улсын Танхим, Биржүүдийн холбооны гишүүн Фаик Явуз нар оролцож, үг хэллээ.
УИХ-ын дарга форумын нээлтэд хэлсэн үгэндээ, өчигдөр бид Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Мустафа Шентоп болон бусад албаны хүмүүстэй уулзалт хийж, олон ажлыг хэрэгжүүлэхээр тохирсныг дурдаад, хоёр орны найрсаг, бат бэх харилцаан дээр суурилан худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр ярилцсаныг онцлон тэмдэглэв.
Мөн тэрбээр энэ удаагийн “Монгол-Туркийн бизнес форум” нь хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд, аялал жуулчлалын салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд агаарын тээврийг үе шаттай либералчилснаар эл салбарын урсгалыг нэмэгдүүлж, томоохон дэвшил гарна хэмээн үзэж байна гэлээ.
Саяхан хоёр улсын Төрийн тэргүүн нар Самарканд хотноо уулзах үеэрээ найрамдал хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд энэ хүрээнд хөдөө аж ахуй нь хамтын ажиллагааны чухал салбар хэмээн тодорхойлсныг УИХ-ын дарга онцлов.
Манай улс 70 гаруй сая толгой малтай. Монголоос ноос, ноолууран бүтээгдэхүүн Туркийн зах зээлд бага хэмжээгээр борлуулагддаг. Цаашид өлөн гэдэс, торомны ноос, сарлагийн хөөвөр, байгалийн гаралтай эко хүнсний бүтээгдэхүүнүүдийг нийлүүлэх боломжтой. Энэ боломжийг Турк Улсын шинэ дэвшилтэт технологитой хослуулан боловсруулж, гадаад зах зээлд гаргахад хамтарч ажиллах боломжтойг дурдаж байлаа.
Монгол Улсын эдийн засгийн бүтцийг төрөлжүүлж, уул уурхайгаас гадна бусад салбарын үйл ажиллагааг бодлогоор дэмжиж, хөрөнгө оруулалтын илүү таатай нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байгаагаа мэдэгдсэн.
Цаашлаад Монгол Улс бизнес эрхлэгчдэд хөрөнгө оруулалтын таатай орчныг бий болгох, төр-хувийн хэвшлийн түншлэлийг төрийн бодлогоор дэмжих болно гэлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд, Монголчууд мянга сонсохоор нэг үз гэж ярьдаг. Та бүхнийг Монгол нутагт өөрийн биеэр зочилж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг нүдээр үзэж, бизнесийн боломжоо нээж, дээр дурдсан боломжийг бодит ажил хэрэг болгохыг урья гэлээ.
Энэхүү арга хэмжээг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн танхим, Бүгд Найрамдах Турк Улсын Танхим, Биржүүдийн холбоо, тус улсын Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл хамтран зохион байгуулсан.
Форумд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон албаны бусад хүмүүс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын таатай нөхцөл боломж, хамтын ажиллагааны үр шимийн талаар илтгэл тавьж, “Шинэ сэргэлт”-ийн бодлого болон эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлаар танилцуулга хийн, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй санал солилцлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
