Тод мэдээ
Үндсэн хуулийн өдөр өнөөдөр тохиож байна

Жил бүрийн нэгдүгээр сард Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Өнөөдрийн бидний мөрдөж буй Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан юм.
Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа буюу 1924, 1940, 1960, 1992 онд Үндсэн хуулийг хэлэлцэн баталж гаргасан. Харин одоо 1992 оны Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдаж, хуулийн төсөл боловсруулагдсан. Учир нь Монголын өнөөгийн нийгэм нь Үндсэн хуулийг боловсруулж байсан 1991 оны үеэс ихээхэн өөрчлөгдсөн. Эдгээр нийгэм, эдийн засаг, улс төрийн өөрчлөлтөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа гэж үзэж буй юм.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬ
Монгол төрийн тулгуур баримт болох Үндсэн хууль нь төр, иргэн хоёрын харилцааны үндсийг тодорхойлж, шударга ёсны талаарх ард түмний суурь үнэлэмжийг илэрхийлдэг дээд хэм хэмжээний нийлбэр юм.
Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль
Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдрийн 16 цаг 17 минутад Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлээр БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг баталсан юм.
Анхдугаар Үндсэн хууль 6 бүлэг, 50 зүйлтэй ба 1931 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн БНМАУ-ын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулийн 11 ба 34 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тодруулбал, Улсын Бага Хурлын эрх хэмжээ болон сонгуулийн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулжээ.
Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хууль
Монгол Улсын хоёрдугаар Үндсэн хуулийг 1940 оны зургадугаар сарын 30-ны өдөр Улсын VIII Их Хурлаар баталсан байна.
Хоёрдугаар Үндсэн хууль 12 бүлэг, 95 зүйлтэй. 1940 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 24 дүгээр Бага Хурлаас гаргасан тогтоолоор /1941.02.14/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд оруулсан өөрчлөлт нь “БНМАУ нь Төв, Хэнтий, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Өвөрхангай, Архангай, Говь-Алтай, Завхан, Ховд, Баян-Өлгий, Хөвсгөл, Булган, Увс, Сэлэнгэ аймгууд ба Улаанбаатар хотоор бүрдэл болгож тогтооно” хэмээн заажээ.
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хууль
Монгол Улсын гуравдугаар Үндсэн хуулийг 1960 оны долдугаар сарын 6-ны өдөр баталсан юм.
Энэхүү Үндсэн хууль 10 бүлэг, 94 зүйлтэй. 1960 оны БНМАУ-ын Үндсэн хуульд 16 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Ардын Их Хурлын IX удаагийн III чуулганаар /1978.12.26/ БНМАУ-ын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд:
“БНМАУ-д гагцхүү Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал хууль тогтоох эрхтэй байна. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид, Бүгд Найрамдах Монгол Улсын Сайд нарын Зөвлөл, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын байнгын комисс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын депутатууд, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Дээд шүүх, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Прокурор хууль санаачлах эрхтэй.
Монголын Үйлдвэрчний Эвлэл нь Төв Зөвлөлөөрөө, Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэл Төв Хороогоороо уламжлан хууль санаачлах эрх эдэлнэ.” гэж заажээ.
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль
Монгол Улсын дөрөвдүгээр Үндсэн хууль нь 1992 оны нэгдүгээр сарын 13-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар батлагдаж, тухайн оныхоо хоёрдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрджээ.
Энэхүү Үндсэн хууль оршил, 6 бүлэг, 70 зүйлтэй. Эдүгээ мөрдөгдөж буй Үндсэн хуульд 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан юм. Тухайлбал, Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт: “Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүй бол өөрөө тарах буюу эсхүл Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах тухай шийдвэр гаргана.” гэсэн заалт нэмсэн байна.
Тод мэдээ
Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны удирдлагуудтай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Монголын Ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар болон тус холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд тус холбооны Ерөнхийлөгч Ц.Сүхбаатар ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, зээлийн хүүг бууруулах, хугацааг уртасгах, орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах талаар ахмад настнуудын тавьж буй шаардлагыг уламжилж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар саналаа хэллээ.
Тухайлбал, ахмад настнуудын тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхээр хуульчилсан. Гэхдээ 6 хувиар нэмэгдүүлэхэд өндөр тэтгэвэртэй ахмадуудын тэтгэвэр 200-300 мянган төгрөг, бага тэтгэвэртэй ахмадуудынх 40-60 мянган төгрөгөөр нэмэгдэхээр байгаа. Ийм зөрүү гарч байгаа тул бага тэтгэвэртэй ахмадуудын тэтгэврийг илүү нэмэгдүүлж болох юм. Мөн “Ахмадын орон сууц” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, хүүхдийн тооноос шалтгаалан тэтгэврийн хэмжээг тогтоох асуудлыг эргэн харах шаардлагатай байна гэлээ. Ахмад настны тухай хуулийн зарим заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаас гадна орон нутгийн засаг захиргаанаас ахмад настнуудад чиглэсэн бодлогод анхаарал хандуулахыг хүсэв.
Ерөнхий сайд Г.Занданшатар, ирэх онд тэтгэврийг 6 хувиар нэмэгдүүлэхэд нийт 333.5 тэрбум төгрөг зарцуулж, дундаж тэтгэврийн хэмжээг 901,000 төгрөгт хүргэхээр тооцож байна. Ахмад настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах зэрэг асуудал Засгийн газрын анхаарлын төвд байгаа. Нэн тэргүүнд холбогдох яамд болон Монголын Ахмадын холбоо хамтран ахмад настнуудын хөгжил, хамгааллын асуудлаар дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулж гаргах шаардлагатай байна гэлээ.
Энэ жилийн төсвийн орлого 3,3 их наядаар тасарч, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Засгийн газар хэмнэлтийн зарчим баримтлан, хэмнэж болох бүх зардлыг танаж буй ч зайлшгүй зардал болох тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг тасалдалгүй олгох бодлого баримталж буй. Төрөлт нэмэгдэж, ахмад настнуудын насжилт өндөрсөж буй учраас нийгмийн хамгааллын зардал тэр хэрээр өссөн. ҮСХ-ны тооцоогоор 2024 оны байдлаар нийт хүн амын 11.5 хувь нь ахмад настан байсан бол 2050 он гэхэд энэ үзүүлэлт 19.8 хувьд хүрч, таван хүн тутмын нэг нь ахмад настан болох төлөвтэй байна.
Засгийн газар хүний хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд ойрын 5 жилийн хугацаанд цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олон улсын жишигт хүргэж нэмэгдүүлэх зорилт тавьсан. Ирэх сард Монгол Улсын хөгжлийн 2026-2030 он хүртэлх Үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барина. Энэхүү баримт бичигт ахмад настны талаар төрөөс баримтлах цогц бодлогыг тусгаж байгаа юм.
Уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд Г.Занданшатар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлаг, төрийн бус байгууллагуудын оролцоог хангаж, ахмад настнуудын талаарх хууль эрх зүйн орчныг сайжруулах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллах Ажлын хэсэг байгуулах чиглэл өгөв.
Тод мэдээ
Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ
Улсын Их Хурлын чуулганы нээлтийн хуралдаанд, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн болон Улсын Их Хуралд ажлаа шууд тайлагнадаг байгууллагын удирдлага, Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш ажиллаж байсан Улсын Их Хурлын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нар, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон Улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газрын тэргүүнүүд уригдан оролцов.
Засгийн газраас өргөн мэдүүлээд байгаа Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг 1.3 их наяд төгрөгийн алдагдагдалтай боловсруулсан, боловсролын салбарт зарцуулах төсөв өмнөх оныхоос нэмэгдээгүй зэргийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан шүүмжилж, өвөлжилтийн бэлтгэлийг цаг алдалгүй, чанартай хангах шаардлагатайг анхаарууллаа.
Тод мэдээ
ABU PRIZES-2025: ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ
“ABU PRIZES-2025” уралдаанд энэ жил Ази Номхон Далайн орнуудаас нийт 318 бүтээл ирснээс шилдэг бүтээлүүдийг шалгаруулж, шагналыг гардууллаа. ABU-гийн 2025 оны "Онцлох телевиз" шагналыг МҮОНРТ хүртлээ.
МҮОНРТ энэ жил Ази- Hомхон далайн өргөн бүсийн томоохон хоёр ажлыг гардан зохион байгуулсан. Тодоруулбал “ABU” робокон, оюутан залуусын роботын тэмцээнийг сагсан бөмбөгийн төрлөөр амжилттай зохион байгуулсан. Мөн өв соёлоо хадгалах, хамгаалах зорилгыг шингээн, “ABU”-гийн 62 дугаар чуулганыг амжилттай зохион байгуулж байна.