Дэлхий нийтээр..
Мэдэгдэл
Монгол Улсын Засгийн Газраас ноолуур, арьс ширний техникийн зохицуулалтын хэрэгжилтийг тодорхой хугацаагаар хойшлуулах, цуцлахаар яригдаж байгаатай холбоотойгоор сүүлийн нэг сар гаруй хугацаанд уг асуудлыг хариуцсан яам, холбогдох мэргэжлийн холбоод, үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс энэ нь малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулан нэмүү өртгийг бий болгох, боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн эсрэг түүхий эдийн экспортыг өөгшүүлэх алхам болно гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байна.
Уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжих тухай төр засгаас олон жил ярьж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 300 тоот тогтоолоор “Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”, 2022 оны 380 тоот тогтоолоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ыг тус тус баталсан бөгөөд Улсын Их Хурлаас 2022 оны 5 дугаар сард Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх 19 дүгээр тогтоолыг гаргасан.
Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн зорилт болох аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурлан хөгжүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар хагас боловсруулсан бүтээгдэхүүний экспортын хувь хэмжээг бууруулан нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх тодорхой зорилтуудыг мөн дэвшүүлсэн.
УИХ, Засгийн газрын эдгээр бодлого шийдвэрүүд нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ялангуяа орон нутагт үйлдвэрлэл хөгжих, ажлын байр бий болгох чухал үр нөлөөтэй бөгөөд салбарын бизнес эрхлэгчдэд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх, шинээр үйлдвэр барьж байгуулахад хөрөнгө оруулалт оруулах хүлээлтийг бий болгож, улмаар аж ахуйн нэгжүүд бизнесээ төлөвлөн, бэлтгэл ажлаа эхлүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалтыг оруулаад байна.
Иймд Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, гаргасан шийдвэрээ хадгалан, хувийн хэвшилтэй хамтран экспортын боломжит салбаруудын стратегийг гаргах, экспортын санхүүжилтийн ба батлан даалтын тогтолцоог хөгжүүлэх болон экспортын кластеруудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр илүү санаачилга гарган, бодитой дорвитой алхмуудыг хийх нэн шаардлагатай байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ
2023 оны 2 дугаар сарын 8
Дэлхий нийтээр..
БНХАУ-д зорчих иргэдийн анхааралд...
Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
