Тод мэдээ
Гадаад харилцааны сайдын дэргэдэх Эрдмийн зөвлөл хуралдлаа
Гадаад харилцааны сайдын дэргэдэх Эрдмийн зөвлөлийн хурлыг 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулав. Хурлын эхэнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг сүүлийн үед тус яамны зүгээс хэрэгжүүлж буй ажлын талаар товч танилцуулав.
Энэ удаагийн хурлаар олон улс болон бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагаа, чиг хандлага, мөн олон улсад тулгамдаж буй асуудлууд, түүнийг шийдвэрлэх боломж, арга замын талаар ярилцаж, зөвлөлийн гишүүд болох судлаач, эрдэмтэд өөрсдийн санал, үзэл бодлоо илэрхийлэв.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлтөд нийцүүлэн идэвхтэй гадаад бодлогын зорилтуудыг боловсруулах, төр, засгийн удирдлагад шийдвэр гаргахад үндэслэл бүхий дүн шинжилгээ, таамаг боловсруулж танилцуулах, олон улсын улс төрийн асуудлаар олон нийтийг соён гэгээрүүлэх зэрэг асуудлаар санал солилцох зорилгоор Эрдмийн зөвлөлийг 2022 онд байгуулан ажиллуулж байна.
Тод мэдээ
Жолооны эрхгүй хүн автомашин жолоодох зөрчил буурахгүй байна
2024 оны III улиралд улсын хэмжээнд 2.443.823 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар өссөн ба 71.3 хувь нь нийслэлд, 28.7 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Нийт зөрчлийн хэргийн дийлэнх буюу 92.8 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил эзэлж байгаа бол олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 3.8, Автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 1.6, хүний биед халдах зөрчил 0.6, гэр бүлийн хүчирхийлэл 0.4 хувийг тус тус эзэлж байна.
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийн дийлэнх хувийг жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил эзэлж байна. Тодруулбал,
-Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан 17125,
-Согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16409,
-Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон 12164,
-Жолоодох эрхгүй, эсхүл эрх нь дуусгавар болсон хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 3768 зөрчил бүртгэгджээ.
Өмнөх оны мөн үетэй харьцуулахад жолооны эрхгүй хүн автомашин жолоодсон зөрчил 23.6 хувиар, жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан зөрчил 36.7 хувиар тус тус өссөн байна. Харин жолооны эрхгүй хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 55.7 хувиар буурчээ.
Мөн хугацаанд танхайрах, хуурамч дуудлага, мэдээлэл өгөх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, эд хөрөнгө устгах, гэмтээх, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил өссөн байна. Тухайлбал, танхайрах зөрчил 49.4, хүүхдийн эрхийн зөрчил 26.6 хувиар тус тус өссөн бөгөөд бусад зөрчилтэй харьцуулахад гаралт нь хамгийн их хувиар өссөн дүнтэй байна.
Зөрчлийн улмаас бусдад 76 тэрбум төгрөгийн хохирол учирч, 45 тэрбум төгрөгийн хохирол нөхөн төлөгджээ.
Тод мэдээ
ЗГ: Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг танилцуулав
Тавантолгой-Гашуунсухайт, Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн талаарх 2008 оноос хойш УИХ, Засгийн газар, салбарын сайд нарын гаргасан шийдвэр ба хэрэгжилт, Ерөнхий сайдын 2024 оны 28 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн явцын талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулав.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн нүүрсний ордыг улсын хилтэй холбох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг 2020 онд эхлүүлж, хил хүртэлх 233.6 км төмөр замыг барьж 2022 онд ашиглалтад оруулсан. Энэхүү төмөр замын үргэлжлэл болох Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төсөл нь улсын нийгэм, эдийн засагт чухал нөлөө үзүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл хэдий ч улс төрийн гацаанд орж, сүүлийн 16 жилийн турш яриа хэлэлцээрийн түвшинд байсаар ирсэн.
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг 2023 онд УИХ-аас баталсан. Мөн Засгийн газрын 2024 оны 58 дугаар тогтоолоор Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан өргөн, нарийн царигийн төмөр замын шугамын чигийг тогтоосон. Тус боомтын хил дамнасан төмөр замын гүүрийг хамтран барих тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр байгуулаад байна.
Тод мэдээ
ЗГ: Хөгжимчдөд мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэлээ
Бүгд Найрамдах Итали Улсад энэ оны долоодугаар сарын 7-11-ний өдрүүдэд “Барток-Кабалевский-Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан” болсон билээ.
Энэ уралдаанд оролцож, мэргэжлийн төгөлдөр хуурын хоршил төрөлд Монгол Улсын консерваторын Сонгодог хөгжмийн мэргэжлийн багш Б.Ариунаа, С.Алимаа, Л.Баярмаа, оюутан Н.Бодьзавъяа нар хоёрдугаар байрт шалгарсан тул Засгийн газрын журмын дагуу 6,0 сая төгрөгийн мөнгөн шагнал, оюутан Н.Бодьзавьяа нь ганцаарчилсан төрөлд мөн хоёрдугаар байрт шалгарсан тул 24 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор шийдвэрлэв.