Дэлхий нийтээр..
"Мөргөлийн эгшиг" хүндэтгэлийн тоглолт боллоо
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” усан туулай жилийн шинийн 8-ны билэгт сайн өдөр Манба Дацан хийдийнхэн хөл ихтэй өнжлөө. Олон олон үйл явдал давхацсан энэ өдөр Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийд, Монгол Улсын Морин хуурын чуулга хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Мөргөлийн эгшиг" цэнгүүн 20 дахь жилдээ эгшиглэв.
Мөн Манла бурханы хот мандал – Лолан жинхорыг равнайлсан бол уламжлалт Цагаан сарын их ерөөлөө хурж, Манла бурхандаа тахил өргөн, Их Манла, Оройн ерөөлөө хурж, ард олноо даатгалаа.
ШИНИЙН 8-НЫ ИХ ХУРАЛ
Шинийн 15-ны энэ өдрүүдэд Цагаан сарын их ерөөлийг хурдаг билээ. Тодруулбал, Монгол газар "Чойнпрүл молом" буюу 15 хоногийн их ерөөл хурах зан үйлийг Өндөр гэгээн Занабазар санаачлан, Их хүрээнээ тогтоон журамлажээ. Энэ их ерөөлийн хурал нь Монголын цагаан сартай давхцан тохиодог юм.
Будда Шагжамүни 57 сүүдэртэйдээ одоогийн Энэтхэгийн Утар мужийн Сахитамахэд Жайна шашны Дэртига бөгөөд тэрсүүдийн зургаан багшид 15 хоногийн турш номын хүч чадал рид хувилгаан үзүүлэн ялан дийлсэн юм. Энэ түүхэн үйл явдлыг санан дурсаж байхын тухайд Богд лам Лувсандагва /1357-1419/ Рибугэданнамбаржалбалин хийдийг байгуулж, улмаар "Лхасын Их ерөөл" хурах болсон нь Бурханы шашинтнуудын эрхэмлэх зан үйл болон тогтжээ.
Шинийн 8-ны энэ өдөр мөн Их Манла, Манлын дончид, Манлын лхого, Оройн ерөөлийг тус тус хурдаг бөгөөд Манба Дацан хийдийн лам хуврагаас гадна, Оточ Манрамба Их Сургуулийг төгсөгч шүнгийн эмч нар оролцдогоороо онцлогтой юм.
Манла бурхныг урин залж, тахил өргөн, айлтгал даатгал айлтгаж, Манла бурханы хот мандлыг бүтээж, түүнийгээ гороолон тойрч буян хийн, хамаг амьтныг өвчин зовлонгүй байхын тухайд даатгадаг томоохон хурал юм. Энэ зан үйл нь Ламын чодва буюу Багшийн тахилгаар эхлэх бөгөөд Богд лам тэргүүтэй мэргэдийн шавдан солдэв буюу өлмий бат оршоох ерөөл, Найман Манла бурхны тахилгын зан үйл, ухиал өргөх, мандал өргөх сэлт, Сайн явдлын ерөөлийн хаан, хураангуй, их хураангуй, дэлгэр Манла бурхдын соёрхол тавих ерөөл зэргийг гүйцэд багтааж горимлон эрэмбэлсэн зан үйлийн цогц юм.
Тахилга уншлагын зан үйл төгсгөлийн хэсэгт сүсэгтэн, өглөгийн эзэд, хийдийн хуврагуудын хамт мянган тахил бүхий Манла бурхны заларч буй хот мандалд 1000 удаа сунаж мөргөн, Манла бурхны тарнийг 1000 удаа тоолон уншдаг. Мөн Манла бурхны хот мандлыг 1000 удаа гороолно. 1000 удаа мөргөхдөө тэргүүлшгүй цагаас хураасан хийгээд энэ насанд санаатай болон санамсаргүй бие, хэл, сэтгэлээр үйлдсэн, үйлдүүлсэн, бусад хүмүүсийн нүглийн үйлэнд даган баяссан гэх мэт бүх нүгэл хилэнцээ гэмшин наминчилж, хойшид үйлдэхгүй хэмээн боомтлох сэтгэлийг хатуу чанд үүсгээд, унал доройтол, өвчин, цаг бусын үхэл, ад, дөрвөн зүйлийн саад зэтгэр, лус, гараг адын хорлол, лусын хорлол, Бүднарын хорлол зэргээс гэтэлж, өвчингүй амгалан, үгүйрэлгүй дорвилог болохын шалтгаан, нөхцлийг цогцлоолоо гэх бодлыг өөртөө үүсгэх учиртай. Мөн өөрийн хийгээд бусдын хүссэн санаа номыг ёсчлон бүтээсэй, хойд төрөл тутамдаа бурханы шашинтай учраасай гэх ерөөлийн сэтгэлийг үүсгэдэг.
Сунаж мөргөж буй нь бурхны шашны долоон гишүүнт буяны үйлийн эхнийх нь юм. Бусад хүмүүсийн буяны үйлд даган баясаж буй нь долоон гишүүнт буяны үйлийн дөрөв дэх нь билээ. Бурхны зүрхэн тарнийг 1000 удаа уншиж буй нь Манла бурхны лагшин, зарлиг, тааллын эрдэм увидасыг өөртөө шингээж буй үйл бөгөөд хэлээр үйлдсэн дөрвөн зүйл нүгэл хилэнцийг арилгаж буй үйл юм. 1000 удаа хот мандлыг гороолж буй нь хойд төрөлдөө Манла бурхны оронд төрөхийн билгэ зохиож, ерөөл тавьж буй үйл юм.
"МӨРГӨЛИЙН ЭГШИГ" ТОГЛОЛТ
... Буман өнгөт лагшингаараа
Бусдын тусыг бүтээгч
Бурхан Манла таньдаа
Биеийн нүглийг ариусган мөргөе, мөргөе
Үлэмж үнэн зарлигаараа
Өвчин зовлонг арилгагч
Өршөөлт Манла таньдаа
Хэлний хилэнцийг ариусган залбиръя, залбиръя...
Монгол Улсын Гавьяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн үг, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравын ая “Мөргөлийн эгшиг” энэ дууг 23 жилийн өмнө анх Хаврын тэргүүн сарын шинийн найманд Манба Дацан хийдэд Монгол Улсын Морин хуурын чуулгыг урин залж эгшиглүүлж байлаа. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл “Мөргөлийн эгшиг” шашин соёлын уг цэнгүүнийг жил бүрийн Хаврын тэргүүн сарын шинийн найманд уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн юм.
Энэ удаагийн цэнгүүнд Морин хуурын чуулгын дөрвөл, Монгол Улсын Гавьяат жүжигчин, олноо дархад дууны хэмээн алдаршсан Б.Даариймаа, Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Цэрэндорж, СТА, дуучин Ө.Цэрэнчунт, “Увертюра” хамтлагийн ахлагч, дуучин Г.Пүрэвдагва нар ая дууныхаа дээжийг өргөн, хурсан олны сонорыг мялаалаа.
МАНЛА БУРХАНЫ ХОТ МАНДАЛ – ЛОЛАН ЖИНХОР
Шинийн наймны билгэт сайн энэ өдөр МУЭСТ Манба Дацангийн хамт олон Манла бурханы хот мандал - Лолан Жинхорыг равнайлан залах буян номын нээлтийн ажиллагаа давхар боллоо.
Манла бурхад, бусад сахиус нөхөр сэлт хамт заларч ариун дагшин орны дүр байдал орд харшийг гадаад дотоод орчинтой нь бодитойгоор их эрдэнэсээр, эрдэнэсийн өнгө будагаар зурж бүтээсэнийг, орд "Жинхор" буюу "Хот мандал" хэмээдэг. Тодруулбал, Манла бурханы ариун орон хийдийг эрдэнийн өнгө будгаар бүтээдэг хот мандлыг Дүлцон жинхор, мод, алт, мөнгө, зэсээр сийлж, урлан бүтээснийг Лолан жинхор гэдэг.




Манба Дацан хийдэд бүтээсэн энэхүү Лолан хот мандал нь суурийн болон бодит хэсгийг оролцуулбал 3х3 метрийн өргөнтэй, 3,5 метрийн өндөртэй бөгөөд монголчуудын өнгөрсөн үеийг авч үзэхэд ийм хэмжээний Манлын Лолан хот мандлыг бүтээж байсан тохиолдол түүхийн хуудсанд хараахан тэмдэглэгдээгүй байна. Уг Лолан хот мандал нь найман Оточ бурхад хийгээд 51 бурхан сахиусын шүтээнийг багтаасан томоохон хэмжээний түүхэн буяны болон соёлын өвийн бүтээлт үйл хэрэг билээ. Лолан жинхор бол хүмүүсийн оюун санаанд бясалгалаар гэрэлтдэг ном.
Энэхүү Манла бурханы хот мандлыг Хамба лам Д.Нацагдорж, урлахуйн ухаан судлаач лам нарын хамт гаргасан нарийн тэг зураглалаар Гүмбүм дахь мэргэжлийн дархчуул зэсээр цутгаж, бүхэлд нь цэвэр алтаар бүрж бүтээсэн. Мөн Монголын уран дархан Д. Пүрэвсүрэн болон түүний дархчуудын баг үнэт эрдэнийн чулуугаар чимэглэсэн болно. Харин хот мандлын арын ханан дахь АУ-доктор Г.Одонцэцэгийн гаргасан зураглал болох “Эмийн ой цэцэрлэг”, Манла бурханы айлдвар анагаах ухааны зарлиг шүнг сонсож буй тэнгэр, арш, тэрсүүд, дотоодын нөхдийг Монгол зургийн аргаар СУИС-ийн багш нар, Монгол зургийн төгсөх курсын оюутнууд курсын ажлынхаа хүрээнд зурж бүтээжээ.

Манла бурхадын хот мандлыг бүтээснээр:
- Монголын Бурханы шашны соёлын өв санг бүтээн хойч үедээ өвлүүлэн үлдээж байна.
- Манла бурхантай холбоотой судар тарни ёсыг бясалгах цаглашгүй буян хураах тус эрдэм ихтэй.
- Судалгаа шинжилгээ сургалт сонсох, санах, бясалгах, ач холбогдолтой.
- Судлагдахууныг дэлгэрүүлж оюун мэдлэгээ арвижуулах тус эрдэмтэй.
- Суралцагчдын гарын авлага хэрэглэгдэхүүн болно.
- Таван мэдрэхүй дамжуулан бие, сэтгэлийн амар амгалан адис жинлавыг хүртэх болно.
- Бие хэл сэтгэлийн оюун санаа бясалгалын өндөр ач холбогдолтой.
- Байгалийн гай гамшиг, гадна, дотны барцад саадыг арилгаж улс гүрнийг амгалан жаргалантай байлгаж өөр хоорондоо эв түнжинтэй, эрүүл саруул, эрдэм мэдлэгтэй, эд агуурстай байх ач холбогдолтой.
- Лолан хот мандлыг харах, эргэл мөргөл хийх сэтгэлдээ бодох төдий ч буян асар ихээр хураах болно. Нүгэл хилэнцийг ариусган арилгаж, гурван муу заяанд үл төрнө. Олон амьтныг өвчин зовлонгоос хагацуулах, урт удаан наслуулж, санасан хэрэг бүхнийг бүтээж,
буян их хураалгаж, нас буяны авшиг хүртээж, хожим хойно гэгээрэлд хүрч бурханы ариун орон дэважинд төрөх тэргүүтэн тус эрдэм цаглашгүй болно.
Дэлхий нийтээр..
Франц, Испанид ой хээрийн түймрийн улмаас 250 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Францын баруун өмнөд хэсэг болон Испанийн хэд хэдэн бүс нутагт ой хээрийн түймэр эрчимтэй тархаж, 250 мянга гаруй хүнийг аюулгүй бүс рүү нүүлгэн шилжүүлээд байна. Түймэр Францын нэрт дарсны бүс болох Бордо хотын орчимд хүрсэнтэй холбоотойгоор онцгой байдлын алба өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Францын Жиронд мужид гарсан түймэр 42 мянган га талбайг хамарч, Парис хотын нутаг дэвсгэрээс дөрөв дахин том газрыг шатаажээ. Хэт халалт, хуурайшилт, салхины чиглэл тогтмол өөрчлөгдөж байгаа нь галыг унтраах ажиллагааг хүндрүүлж байгаа бөгөөд Бордо хотын ойролцоох таван суурингийн оршин суугчдыг шинээр нүүлгэн шилжүүлсэн байна. Харин Бордо хотод одоогоор албан ёсны нүүлгэн шилжүүлэх шийдвэр гараагүй байгаа аж.
Түймэртэй тэмцэх ажиллагаанд 2,500 гаруй гал сөнөөгч, 18 нисэх онгоц болон цэргийн алба хаагчдыг дайчилжээ. Галын улмаас олон зуун орон сууц шатаж, 75 гал сөнөөгч бэртсэн байна. Мөн зарим түймэр өөрийн үүсгэсэн хүчтэй агаарын урсгал, аянгатай үүлний нөлөөгөөр шинэ голомт үүсгэж байгаа нь унтраах ажиллагааг улам хүндрүүлж байгааг албаныхан мэдээлжээ.
Испанид ч түймэр үргэлжилж, Мадрид, Валенсиа орчимд гарсан түймрийн улмаас 76 мянга гаруй хүнийг аюулгүй бүсэд нүүлгэн шилжүүлсэн байна. Мөн нэг хүн амиа алдсан талаар эрх баригчид мэдээлжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Европ даяар үргэлжилж буй халуун агаарын давлагаа, хуурайшилт нь энэ жилийн ой хээрийн түймрийн эрсдэлийг эрс нэмэгдүүлж байна. Ирэх өдрүүдэд ч өндөр температур үргэлжлэх төлөвтэй байгаа тул Франц, Испанийн эрх баригчид иргэдийг сонор сэрэмжтэй байхыг уриаллаа.
Дэлхий нийтээр..
Сиэтл хотод болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархаджээ
АНУ-ын Вашингтон мужийн Сиэтл хотын Сиэтл цогцолборт болсон буудалцааны улмаас хоёр хүн амиа алдаж, таван хүн шархадсан талаар хотын Гал түймэртэй тэмцэх газар мэдээллээ.
Шархадсан хүмүүсийн дунд хоёр настай хүүхэд байгаа бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.
Хэрэг орон нутгийн цагаар оройн 18:00 цагийн орчимд болсон байна. Цагдаа, түргэн тусламжийн алба шуурхай ажиллаж, хэргийн газрыг бүслэн хамгаалж, иргэдийг тухайн бүсээс хол байхыг анхааруулжээ. Буудалцааны дараа наадамд оролцож байсан хүмүүс сандран зугтаж, талбайг яаралтай орхисон байна.
Буудалцаан болох үед Сиэтл цогцолборт 1982 оноос хойш жил бүр зохион байгуулдаг "Сиэтлийн амтат зоог" хүнсний фестиваль үргэлжилж байжээ. Уг арга хэмжээ жил бүр 350 мянга орчим зочин хүлээн авдгаараа алдартай.
Одоогоор хэргийн сэдэл болон сэжигтний талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна. Сиэтлийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд нэмэлт мэдээллийг дараа нь танилцуулахаар болжээ.
Дэлхий нийтээр..
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа газрын тосны үнэ 7 орчим хувиар буурлаа
АНУ, Иран харилцан цэргийн ажиллагаагаа түр зогсоосны дараа олон улсын зах зээлд газрын тосны үнэ огцом буурлаа. Зах зээл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал намжиж, газрын тосны нийлүүлэлт тасалдах эрсдэл буурна гэж үнэлсэн нь үүнд голлон нөлөөлжээ.
Америкийн зүүн эргийн цагаар долоодугаар сарын 26-ны өдрийн 18:43 цагийн байдлаар Нью-Йоркийн барааны биржид есдүгээр сард нийлүүлэх АНУ-ын хөнгөн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 83.10 ам.доллар болж, өмнөх арилжаанаас 6.21 ам.доллар буюу 6.95 хувиар буурсан байна.
Мөн Лондонгийн ICE биржид есдүгээр сард нийлүүлэх Брент төрлийн түүхий газрын тосны фьючерсийн үнэ баррель нь 89.58 ам.доллар болж, 7.20 ам.доллар буюу 7.44 хувиар унажээ.
Газрын тосны нийлүүлэлтэд учирч болзошгүй эрсдэл буурсан гэсэн хүлээлтийн нөлөөгөөр АНУ-ын хөрөнгийн индексийн фьючерсүүд өссөн байна.
Axios агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп долоодугаар сарын 24-нд Ираны эсрэг цэргийн цохилтыг түр зогсоох шийдвэр гаргажээ. Үүний дараа Reuters агентлаг Ираны эх сурвалжаас эш татан мэдээлэхдээ, АНУ цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлэхгүй бол Иран мөн хариу ажиллагаагаа зогсооход бэлэн байгаа ч Вашингтоны байр сууринд бүрэн итгэлгүй хэвээр байгааг онцолсон байна.
АНУ энэ сарын эхээр Ираныг Ормузын хоолойгоор дамжин өнгөрч буй худалдааны хөлөг онгоцнуудад халдсан гэж буруутган цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм. Үүний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт тасалдаж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж, сүүлийн долоо хоногуудад газрын тосны үнэ өсөөд байсан билээ.
-
Дэлхий нийтээр..2024/10/21
"Бие даалтын 7 хоног" аравдугаар сарын 28-ны өдрөөс эхэлнэ
-
Үйл явдал2021/02/15
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар мэдээлэл хийж байна
-
Дэлхий нийтээр..2023/03/27
Халиа тошин үүсдэг, үерийн эрсдэлтэй бүсүүдийг мэдээлнэ
-
Тод зураг2020/02/11
Улаанбаатарт өдөртөө 3 хэм дулаан
