Дэлхий нийтээр..
Украйн нь хоёр дайсантай тулгарч байна: ОХУ ба Авлига
2023 оны 2-р сарын 9-ний өдөр Бельгийн Брюссель хотноо болсон Европын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын үеэр хийсэн хэвлэлийн бага хурлын төгсгөлд Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен, Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский, Европын зөвлөлийн дарга Чарльз Мишель нар гар барив.
АНУ, Европын холбоо, НАТО нь Украйныг үргэлжлүүлэн дэмжихээ амласан ч тус улсад тархсан авлига, хээл хахуульд санаа зовсон хэвээр байна.
Орос-Украйны дайн эхэлснээс хойш бараг нэг жил болж байхад олон зуун мянган хүн амиа алдаж, 17.6 сая орчим хүн хүмүүнлэгийн тусламж авах зайлшгүй шаардлагатай болоод байна.
Украйны Засгийн газар ОХУ-ын эсрэг тууштай тэмцэж байгаа ч Киев нь олон жилийн турш Украйныг мөлжсөөр ирсэн өөр нэг дайсан болох авлигатай тэмцсээр байна.
Сүүлийн хэдэн долоо хоногт Украйны эрх баригчид тус улсын Дотоод хэргийн сайдын гэрт нэгжлэг хийж, хахуулийн хэрэгт буруутгагдаж байсан хэд хэдэн төрийн өндөр албан тушаалтныг ажлаас нь халжээ. Сэтгүүлчид, идэвхтнүүд нь Алексей Резниковыг Батлан хамгаалах яамны цэргүүдэд зориулсан хоол хүнсний материалыг асар өндөр үнээр худалдан авч байсныг илрүүлсэн ба үүнээс болж түүнийг халах шийдвэр гаргажээ.
АНУ, Европын холбоо болон НАТО нь Украйнд үргэлжлүүлэн туслахаа амласан ч барууны зарим улстөрч, цэргийн албан тушаалтнууд тус улсын авлига, хээл хахуулийг онцолж, тэдний өгсөн тусламж, хандивыг зөв удирдаж, зарцуулж байсан уу гэдэгт эргэлзэж байна.
Украйны Ерөнхийлөгч Владимир Зеленский нь барууныхны шүүмжлэлийг болон тусламжийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийн чухал ач холбогдлыг маш сайн мэдэж байсан тул нэгдүгээр сард хийсэн мэдэгдэлдээ өөрийн улсын авлигын талаарх эргэлзээг бууруулж, асуудлыг шийдвэрлэсэн.Тэрээр хэлэхдээ "Би үүнийг тодорхой болгохыг хүсч байна. Урьд өмнө байсан цаг үе рүү буцаж очихгүй" гэв.
Украийны Одесса дахь Мечниковын үндэсний их сургуулийн олон улсын харилцааны профессор Володимир Дубовик хэлэхдээ, “Авлигатай тэмцэх үйл ажиллагаа болон барууны цэргийн тусламжийг үргэлжлүүлэн авах гэсэн Зеленскийн хүсэл хоёрын хооронд ямар нэгэн холбоо байгаа нь гарцаагүй” гэж Аль Жазира агентлагт ярьжээ.
"Зеленский нь АНУ болон барууны орнуудад Украйныг хэт авлигад идэгдсэн гэж нэрлэдэг хүмүүс байгааг мэдэх бөгөөд энэ асуудлыг цаг алдалгүй хурдан, шийдэмгий шийдвэрлэх ёстой гэдгээ ойлгосон" гэж Дубовик хэлэв. "Украйны хамгийн ихээр айх айдас бол АНУ болон Барууны орнууд тэднийг орхиж, зэвсгийн урсгал зогсох вий гэсэн айдас юм" гэж тэрээр нэмж хэлэв.
Барууны орнуудад Украйнын эсрэг үзэл бодол байна уу?
2022 онд АНУ нь Украйнд 48 тэрбум ам.доллартой дүйцэхүйц хэмжээний цэрэг, санхүү, хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн. АНУ-ын Бүгд найрамдах намынхан тус улсад тусламж илгээх талаар эргэлзэж эхэлж байна. Нэгдүгээр сард Бүгд найрамдах намын төлөөлөгч Маржори Тэйлор Грин нь твиттер хуудсандаа Украйныг "дэлхийн хамгийн авлигад идэгдсэн орнуудын нэг" гэж нэрлээд, "Америкчуудын төлсөн татварын долларыг хулгайлж байна уу" хэмээн жиргэж, тэднийг сэжиглэж байсан. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Грин нь мөн АНУ-ын Конгресст хандаж Украйнд илгээсэн бүх тусламжид аудит хийхийг шаардсан тогтоолыг өргөн барьсан.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын ууган хүү болох бага Дональд Трамп нь 2022 оны арванхоёрдугаар сард твиттер хуудсандаа “Зеленский бол үндсэндээ талархдаггүй, олон улсын халамж горилсон хатан хаан” хэмээн жиргэжээ.
“Украйнчууд хандивлагч улс орнуудын улс төр, соёлыг маш сайн мэддэг. Тэд Америкийн улс төрийн тогтолцоонд өөрчлөлт гарч, тэдэнд өгдөг тусламж, хандивийг зогсоож болзошгүй гэх мессежийг авах нь гарцаагүй” гэж Ганс-Морсе хэлэв.
Үүний зэрэгцээ, Европын Холбоо нь Украйныг дэмжих амлалтаа биелүүлсээр байгаа бөгөөд дайн эхэлснээс хойш 27 гишүүнтэй эвсэл нь тус улсын энгийн иргэдэд ойролцоогоор 67 тэрбум евро (72 тэрбум доллар) өгөхөө амласан.
Польшийн улс төрч, Европын парламент дахь ЕХ-Украйны парламентын холбооны хорооны дарга Витольд Вашчиковски нь Аль-Жазира агентлагт хэлэхдээ, яг одоо Украйны хувьд хамгийн чухал зүйл бол Оростой хийж буй дайнд ялах явдал бөгөөд бусад асуудал хоёрт тавигдана хэмээв. “Тэднийг дайнд ялахад туслах нь бидний үүрэг, хариуцлага мөн. Украйнд цахилгаан, дулаан, усгүйгээр өвлийг давахад нь туслах нь ч мөн адил чухал” гэж тэрээр нэмж хэлэв.
Гэсэн хэдий ч авлигатай тэмцэх нь Украйныг ЕХ-нд гишүүнээр элсүүлэх чухал асуудал билээ. 2022 оны 6 дугаар сард ЕХ нь Украйныг "нэр дэвшигч орон" гэж тодотгосон ба энэ нь Киевийг ЕХ-ны гишүүн болох гэж буйг харуулах анхны алхам юм. Гэхдээ гишүүнээр элсэхээсээ өмнө нэр дэвшигч орнууд нь ЕХ-ны стандартад нийцүүлэхийн тулд улс төр, эдийн засаг, хууль дээдлэх тогтолцооны хэд хэдэн шинэчлэлийг хийх шаардлагатай байдаг.
Атлантын Зөвлөлийн Дижитал Шүүхийн шинжилгээний лабораторийн суурин бус ажилтан Лукас Андриукайтис нь Аль-Жазира агентлагт хэлэхдээ, “Киевийн одоогийн авлигын эсрэг хийж буй тэмцэл нь Киевт болсон ЕХ-Украйны дээд хэмжээний уулзалтын өмнөх улс төрийн мэдэгдэл болсон байж магадгүй бөгөөд энэ нь Украйныг ЕХ-нд элсэхэд нөлөөлөх чухал асуудлын нэг юм” гэв. Тэрээр нэмж хэлэхдээ, “ЕХ-ны хэлэлцэж буй Барууны орнуудын санхүүгийн дэмжлэгийг хурдасгах асуудлын хүрээнд тэд өөрсдийгөө авлигыг тэвчихгүй гэдгийг харуулах хэрэгтэй” гэв.
Киевт болсон ЕХ-Украйны дээд хэмжээний уулзалтын дараа ЕХ-ны зөвлөлийн тэргүүн Чарльз Мишель, Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен нар нь хамтарсан мэдэгдэл гаргаж, “Украйн нь Европын холбоонд гишүүнээр элсэх зорилтоо биелүүлэхийн тулд их хүчин чармайлт гаргасан” гэж хэлсэн боловч элсэх үйл явц хурдасна гэх санааг илэрхийлсэнгүй.
Украйн дахь авлигатай тэмцэх өргөн хүрээний тэмцэл
Украйны авлигатай тэмцэх кампанит ажил нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа бөгөөд тус улсын иргэдийн хувьд авлигад автсан албан тушаалтнуудыг халсан явдал нь олон жил хийгдэж буй авлигатай тэмцэх хөдөлгөөний ахиц дэвшлийг харуулаад байгаа юм.
Транспэрэнси Интернэшнл байгууллагын хамгийн сүүлийн үеийн авлигын төсөөллийн индексээр 2022 онд Украйн нь 180 орноос 116-д жагсчээ. Тус улс нь сүүлийн найман жилийн хугацаанд авлигатай тэмцэх тал дээр мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргасан гэж тайланд тэмдэглэсэн байна.
2014 онд авлигын эсрэг олон зуун жагсагч амь үрэгдсэний дараа Украйны парламент нь Оросыг дэмжигч Украйны Ерөнхийлөгч Виктор Януковичийг огцруулсан бөгөөд энэ нь Майданы хувьсгал буюу нэр төрийн хувьсгал гэж нэрлэгдэх болсон билээ. Хуульч Оксана Нестеренкогийн хэлснээр, хувьсгалын дараа улс орноо ЕХ-ны гишүүнээр элсүүлэхийг хүсч буй энгийн иргэдийн шаардлагыг биелүүлэхийн тулд Засгийн газраас Авлигатай тэмцэх үндэсний товчоо, Авлигатай тэмцэх дээд шүүх болон бусад агентлагуудыг байгуулсан гэв. “Украйн авлигатай тэмцэх чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасан. Гэхдээ иргэний нийгэм энэ үйл явдлын гол үүрэг гүйцэтгэгч болж байна” гэж тэрбээр Аль Жазирад ярьжээ. Дараа нь 2022 онд дайн эхэлсэн бөгөөд энгийн иргэд бид нөхцөл байдал сайжрах хүртэл шаардлагаа зогсоох шийдвэр гаргасан.
“Украйны Засгийн газар нь ОХУ-ыг хэрхэн тэднийг авлигад идэгдсэн улс хэмээн барууныханд харуулахын тулд зүтгэж байгааг ойлгосон. Тиймээс авлигатай тэмцэх улс төрийн хүсэл нь илүүтэйгээр нэмэгдсэн. Авлигатай тэмцэх үндэсний стратегийг 2022 онд гаргасан бөгөөд мэргэжилтнүүдийн хувьд бид дайны өмнөх шиг авлигын эсрэг тэмцэх ажилдаа эргэн орсон” гэж тэрээр нэмж хэлэв.
Авлигатай тэмцэх нь Зеленскийн 2019 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын стратегийн нэг байсан ч тэрээр эхэндээ маш бага амжилт үзүүлсэн ба яваандаа түүний хөдөлмөрийг сонгогчид анзаарчээ. Киевийн олон улсын социологийн хүрээлэнгийн мэдээлснээр дайны өмнөхөн түүний үнэлгээ 27 хувьтай байжээ. Гэвч дайн эхэлснээс хойш Зеленскийн нэр хүнд нэмэгдэж, одоо 84 хувь руу дөхөж байна. Ганс-Морсе хэлэхдээ, өнөөдөр Украйны Засгийн газар "ямар ч төрийн хийх зүйлийг гүйцэлдүүлж байгаа туйлын хариуцлагатай төр” лугаа харагдаж байна гэв. "Зеленскийд одоо урьд өмнөхөөсөө илүү авлигатай тэмцэх эрх мэдэл бий" гэж тэрээр нэмж хэллээ.
Үл итгэх байдлыг гааруулж буй нь
Украйны авлигатай тэмцэх тэмцэл ширүүсэхийн хэрээр Оростой хийж буй тэмцэл ч ялгаагүй ширүүссээр байна. Кремлийг дэмжигч сошиал сүлжээний хэрэглэгчид, троллууд нь Украйны нэр хүндийг гутаах зорилгоор Украйны албан тушаалтнуудыг баривчилж буй бичлэгийг нийтэлж, онлайн дайн эхлүүлснийг Андриукайтис онцлон тэмдэглэв. "Энэ нь нэг ёсондоо барууны нийгэмд Украйнд итгэх итгэлийг бууруулж, хандив дэмжлэгийг зогсоох санаатай явдал юм" гэж Андриукайтис хэлэв.
Дубовик хэлэхдээ, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нь Украйн дахь авлигын эсрэг тэмцлээс эмээж байгаа бөгөөд энэ нь түүний дотоод эрх мэдлийг сулруулж болзошгүй гэж үзэж байна гэв. Тэрээр нэмж дурдахдаа, Оросууд "Хэрэв Украйн чадах юм бол бид яагаад чадахгүй гэж?" гэж асуух болно гэв.
Хэрэв Украйн ардчиллаа амжилттай бэхжүүлж, Оросоос холдох юм бол энэ нь Путинд томоохон заналхийлэл болох билээ.
Эх сурвалж: https://www.aljazeera.comДэлхий нийтээр..
Польш улсын бага сургуулиудад гар утас ашиглахыг хориглохоор төлөвлөж байна
Польш улс бага сургуулийн сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглох хуулийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Польшийн Ерөнхий сайд Дональд Туск энэ сарын 2-нд мэдэгдэхдээ, 2026 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн 7-15 насны сурагчдыг сургууль дээр гар утас ашиглахыг хориглохоор ажиллаж байгаагаа хэлжээ.
Засгийн газраас дэмжсэн хуулийн төсөлд бага сургуулийн сурагчдыг хичээлийн үеэр төдийгүй завсарлага, сургуулийн орчин, мөн сургуулиас зохион байгуулсан боловсролын үйл ажиллагааны үеэр гар утас ашиглахыг хориглохоор тусгасан байна. Ухаалаг цаг зэрэг мэдээлэл, харилцааны боломжтой төхөөрөмжүүд ч уг хязгаарлалтад хамрагдахаар байна.
Гэхдээ сурагчид төхөөрөмжөө сургууль дээр авчрах боломжтой бөгөөд сургуулиуд тэдгээрийг хичээлийн хугацаанд хадгалах тусгай байр, зохицуулалт хийх эрх зүйн үндэстэй болох аж.
Польшийн бага сургуулийн боловсрол найман жил үргэлжилдэг бөгөөд 7-15 насны хүүхдүүд хамрагддаг. Хуулийн төсөл цаашид Польшийн парламентын доод танхим болох Сейм, дээд танхим болох Сенатаар хэлэлцэгдэж, батлагдсаны дараа Ерөнхийлөгч гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох юм.
Ерөнхий сайд Дональд Туск хүүхэд, өсвөр үеийнхний гар утас, цахим платформ, тоглоомд донтох асуудал ноцтой болж, хичээлдээ төвлөрөх болон зан төлөвт сөргөөр нөлөөлж байгааг онцолсон байна.
Дэлхий нийтээр..
БНХАУ Тяньаньмэний үйл явдлыг дурсах арга хэмжээг хязгаарлажээ
БНХАУ-ын эрх баригчид 1989 оны Тяньаньмэний талбайн үйл явдлын 37 жилийн ойг тэмдэглэх, дурсах оролдлогуудыг хязгаарласан байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бээжин хотод амь үрэгдэгсдийн ар гэрийнхнийг ой тохиосон өдөр оршуулгын газарт очихыг зөвшөөрөөгүй байна. “Тяньаньмэний эхчүүд” хэмээх бүлгийн гишүүд олон жилийн турш уг өдөр төрөл төрөгсдийнхөө шарилд очиж, дурсгалын мэдэгдэл уншдаг байсан гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.
1989 онд Бээжингийн Тяньаньмэний талбайд ардчилал, эрх чөлөөг шаардан жагссан оюутан, иргэдийн хөдөлгөөнийг Хятадын арми хүчээр тараасан юм. AP-ийн мэдээлснээр, тухайн үед олон зуун, магадгүй мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж үздэг.
Хонконгт мөн энэ өдрөөр аюулгүй байдлыг чангатгажээ. Урьд нь жил бүр лаа асаан дурсах томоохон арга хэмжээ болдог байсан Виктория паркийн орчимд цөөн хүн цугласан бөгөөд цагдаа нар хэд хэдэн хүнийг шалгаж, заримыг нь түр саатуулсан байна.
АНУ, Европын Холбоо, Их Британи энэ өдрийг тохиолдуулан мэдэгдэл гаргаж, өнгөрснийг цензурээр арилгах боломжгүй хэмээн онцолжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын мэдэгдлийг Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон үйлдэл гэж шүүмжилсэн байна.
Мөн Тайваньд Тяньаньмэний үйл явдлын ойг тохиолдуулан лаа асаах дурсгалын арга хэмжээ зохион байгуулжээ. АНУ-ын Капитолын ордонд хууль тогтоогчид болон 1989 оны хөдөлгөөний төлөөлөгчид оролцсон дурсах арга хэмжээ болсон байна.
“Тяньаньмэний эхчүүд” бүлэг энэ жилийн ойг угтан шударга ёс шаардсан мэдэгдэл гаргаж, тухайн үед болсон үйл явдлын талаар бүрэн мэдээлэл ил болгох, хохирогчдын ар гэрт нөхөн төлбөр олгох, хариуцлага тооцохыг шаарджээ.
Дэлхий нийтээр..
Индонезид авлигын хэрэгтэй холбоотойгоор өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ
Индонезид авлигын эсрэг ажиллагаа эрчимжиж, Засгийн газрын өндөр албан тушаалтнуудыг баривчилжээ. “Аль Жазира”-гийн мэдээлснээр, тус улсын Цагаачлалын асуудал эрхэлсэн дэд сайд Силми Каримыг цагаачлалын бичиг баримтын бүрдүүлэлт, удирдлагатай холбоотой зөрчил гаргасан байж болзошгүй хэргээр саатуулсан байна. Түүнийг Авлигатай тэмцэх комиссын байранд 10 орчим цаг байцаасны дараа баривчилжээ.
Авлигатай тэмцэх комиссын төлөөлөгч Будии Прасетьогийн мэдээлснээр, уг хэрэг 2023-2024 онд Силми Карим тухайн үеийн Ерөнхийлөгч Жоко Видодогийн засаг захиргаанд Цагаачлалын асуудал эрхэлсэн ерөнхий захирлаар ажиллаж байх үед гарсан байж болзошгүй аж. Мөн энэ хэрэгт холбогдуулан өөр долоон сэжигтнийг тогтоосон гэж мэдэгдэв.
Үүнээс нэг өдрийн өмнө Индонезийн Ерөнхий прокурорын газар Ерөнхийлөгч Прабово Субиантогийн хүүхдийн хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх үнэгүй хоолны хөтөлбөрийг хариуцаж байсан Үндэсний хоол тэжээлийн агентлагийн дарга асан Дадан Хиндаяанаг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ. Тус хэрэгт мөн хоёр хүнийг саатуулсан байна.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, үнэгүй хоолны хөтөлбөрийг сургуулиудад үйл ажиллагаа явуулдаг сангуудаар дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд эдгээр санг хууль бус үйл ажиллагаанд ашигласан байж болзошгүй гэж үзэж байгаа юм.
Индонезийн Төрийн нарийн бичгийн дарга Прасетьо Хади сүүлийн хоёр өдөр дараалан өндөр албан тушаалтнууд авлигын хэрэгт холбогдсонд Засгийн газар санаа зовниж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Авлигатай тэмцэх комисс болон Ерөнхий прокурорын газрын явуулж буй хуулийн ажиллагааг Засгийн газар хүндэтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Индонезид сүүлийн саруудад авлигын эсрэг ажиллагаа идэвхжиж, өнгөрсөн дөрөвдүгээр сард тус улсын Омбудсманы ерөнхий дарга албан тушаалдаа томилогдоод зургаахан хоногийн дараа хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдсан юм.
-
Дэлхий нийтээр..2020/10/01
Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдаан хойшлогдлоо
-
Хэн юу хэлэв...2021/08/10
Оюу толгойн далд уурхайн зардал хэтэрсэн нь геотехникийн шалтгаангүй хэмээн дүгн...
-
Дэлхий нийтээр..2021/09/09
Боомтуудаар өдөрт дунджаар 40 гаруй тээврийн хэрэгсэл нэвтэрч байна
-
Дэлхий нийтээр..2024/10/02
МҮИС-ийн зөвшөөрөлгүй барилгын ажлыг зогсоох албан шаардлага хүргүүлжээ
