Дэлхий нийтээр..
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын эдийн засгийн түншлэлийг ахиулах тухай хамтарсан мэдэгдэл
Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтын дүнгээр энэхүү хамтарсан мэдэгдлийг Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар гаргав.
Монгол Улс, АНУ-ын хооронд Стратегийн түншлэл, эдийн засгийн харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлэх Монгол, Америкийн Эдийн засгийн бодлогын IV зөвлөлдөх уулзалтыг Монгол Улс, АНУ-ын төлөөлөгчид Вашингтон хотноо 2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр хийв. Эдийн засгийн сорилтыг даван туулах хамтын ажиллагааны талаар талууд харилцан санал солилцож, хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлэх боломжийг судалж, чухал эрдэс баялаг, цэвэр эрчим хүч болон цахим эдийн засаг зэрэг салбарт хамтран ажиллахаар тохиролцов.
Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг, бизнесийн харилцааны асуудал хариуцсан Туслах Төрийн Нарийн бичгийн даргын орлогч У.Бэйрд нар зөвлөлдөх уулзалтыг хамтран даргалав. Америкийн талаас зөвлөлдөх уулзалтад АНУ-ын Төрийн департамент, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Олон улсын хөгжлийн агентлаг, Мянганы сорилтын корпорац, Худалдааны төлөөлөгчийн газар, Худалдааны яам, Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Олон улсын хөгжлийн санхүүжилтийн корпорац, ЭКСИМ банк, Тээврийн аюулгүй байдлын захиргаа, Холбооны нисэхийн захиргаа зэрэг байгууллагын төлөөлөгчид оролцов. Монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Олон улсын эдийн засгийн сэргэлтийг түргэтгэх, түүний дотор нийлүүлэлтийн сүлжээний доголдлыг даван туулахад дэлхийн улс орнуудын хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд олон улсын хамтын нийгэмлэгүүд хүчин чармайлтаа нэгтгэх нь зүйтэйг Монгол Улс, АНУ харилцан нотлов.
Монгол Улс, АНУ-ын Стратегийн түншлэлийг бүхий л талаар бэхжүүлж, хоёр улсын эдийн засгийн харилцааг хамтын ашиг сонирхолд нийцүүлэн гүнзгийрүүлж, чадавхыг бэхжүүлэх, худалдааг хөхиүлэн дэмжих зэрэг өнөөгийн болон шинэ механизмын хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх эрмэлзэл дүүрэн байгаагаа талууд харилцан нотлов. Монгол Улсын бизнесийн орчныг бэхжүүлэх, тухайлбал Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, АНУ хоорондын хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэхийн чухлыг талууд харилцан тэмдэглэв. Агаарын тээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэлэлцээг амжилттай дуусгасныг нотолж 2023 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Санамж бичигт гарын үсэг зурсанд талууд сэтгэл хангалуун байгааг илэрхийлж, энэ нь Монгол Улс, АНУ-ын хооронд байнгын шууд нислэг хийх, улмаар эдийн засгийн болон иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чухал алхам болохыг тэмдэглэв.
Талууд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг ахиулах, төрөлжүүлэх, бие даасан байдлыг хангахад чиглэсэн төсөл, хөтөлбөрийн талаар ярилцаж, эрчим хүчний аюулгүй байдал, чухал эрдэс баялаг, сэргээгдэх эрчим хүч, тээвэр, хүнсний аюулгүй байдал, оюуны өмчийн эрх болон цахим эдийн засгийн асуудлыг онцлов. Хоёр тал хамтран хэрэгжүүлж буй хөгжлийн төсөл, хөтөлбөр, түүний дотор 2021 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Улаанбаатар хотын нийт усан хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэх 462 сая ам.доллар хүртэлх санхүүжилт бүхий Мянганы сорилтын корпорацын хоёр дахь Компакт гэрээний хэрэгжилтийн явцыг хэлэлцэв. АНУ-ын Хөгжлийн хамтын ажиллагааны агентлагийн хэрэгжүүлж буй “Монгол Улсын эрчим хүчний засаглалын хөтөлбөр” нь эрчим хүчний салбарыг шинэчлэн хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, хүртээмжтэй эдийн засгийн хөгжлийг хангахад түлхэц болно гэдгийг харилцан тэмдэглэв.
Цаг уурын хүнд нөхцөлд өвөлжилтийг даван туулахад зориулан АНУ-ын зүгээс малчдад буцалтгүй тусламж үзүүлсэнд монголын тал талархал илэрхийлэв.
Монгол, Америкийн харилцаа нь ардчиллыг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласныг онцолж, эрх зүйт ёс, засаглалыг бэхжүүлэх, авлигатай тэмцэх, суурь эрх, эрх чөлөөг дээдлэх, түүнчлэн цахим орчинд үг хэлэх эрх чөлөөг бэхжүүлэх талаар талууд санал солилцож, бат бөх ардчилал болон хүчтэй эдийн засаг нь мөр зэрэгцэн оршдог болохыг тэмдэглэв.
Дэд бүтэц, чухал ашигт малтмал, байгаль орчныг хамгаалах, технологи зэрэг салбарт түншлэх замаар харилцан уялдаатай цэцэглэн хөгжсөн, аюулгүй, тогтвортой, чөлөөт, нээлттэй бүс нутгийг дэмжих Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн санаачилгын талаар америкийн тал мэдээлэл өгөв. Талууд бүс нутгийн болон бусад санаа нэгт түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний талаарх боломжийг үргэлжлүүлэн судлахаар тохиролцов.
Монгол Улс, АНУ-ын эдийн засгийн өргөтгөсөн түншлэлийн 2018 оны замын зураглалын хэрэгжилтийг хэлэлцэж, хоёр талын хамтын ажиллагааны цар хүрээ өргөжиж байгааг тэмдэглэн, тус баримт бичигт хамтын ажиллагааны шинэ чиглэл, боломжийг тусган шинэчлэхээр тогтов.
Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, улс төрийн ээлжит зөвлөлдөх уулзалт болон стратегийн яриа хэлэлцээг 2023 онд Вашингтон хотноо зохион байгуулахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад харилцааны яам
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
