Хэн юу хэлэв...
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгана
УИХ-ын дарга Г.Занданшатар “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгаас гарсан Зөвлөмжийн дагуу цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороодын дарга, гишүүд болон Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдтэй уулзлаа.
Зөвлөлдөх санал асуулгаар иргэдийн хамгийн өндөр хувиар дэмжсэн асуудлын нэг нь ард иргэдийг төлөөлөн ажилладаг төрийн хяналт шалгах, бие даасан тогтолцоог бий болгох асуудал байсныг УИХ-ын дарга энэ үеэр онцолсон юм. Ялангуяа санал асуулгад оролцсон иргэдийн төлөөлөл нийгмийн шударга ёс алдагдаж буй талаар саналаа илэрхийлж байсан. Ийм учраас авлига, хээл хахуулийг үндсээр нь таслан зогсоох эрх зүйн шийдлийг боловсруулахыг холбогдох байнгын хороодод чиглэл болголоо. Энэ хүрээнд хяналт шалгалтын бие даасан тогтолцооны талаарх олон улсын туршлага, хууль эрх зүйн зохицуулалтыг судлан холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулахыг Төрийн байгуулалтын байнгын хороонд, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрт иргэдийн саналыг тусгахад анхаарч ажиллахыг Хууль зүйн байнгын хорооны даргад тус тус үүрэг болголоо.
Зөвлөлдөх санал асуулгын жижиг бүлгийн хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналд нарийвчилсан чанарын судалгааг хийх нь холбогдох хууль тогтоомжид иргэдийн бодит саналыг тусгахад ихээхэн ач холбогдолтой талаар дурдаж, Зөвлөмжид дурдсан дөрвөн багц асуудлаар ажлын хэсгүүд байгуулахаар тогтлоо. Эдгээр ажлын хэсгүүдэд орж ажиллахыг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдэд санал болгов.
Түүнчлэн, зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд зохион байгуулсан талаарх тайланг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахыг даалгав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэн юу хэлэв...
УИХ-ын Ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-нд хуралдуулна
Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-ны Даваа гарагийн 10:00 цагаас зарлан хуралдуулахаар болсныг УИХ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ.
Түүний мэдээлснээр, УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл есдүгээр сарын 2-нд хуралдаж, ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах шийдвэр гаргасан байна. Ээлжит бус чуулганаар зөвхөн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Чуулган есдүгээр сарын 14-ний 17:00 цаг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд төсвийн тодотголын эхний хоёр шатны хэлэлцүүлгийг хийх юм. Үргэлжлүүлэн есдүгээр сарын 15-наас эхлэх намрын ээлжит чуулганаар төсвийн тодотголын хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр байна.
Засгийн газар 2026 оны төсвийн тодотголын төслийг наймдугаар сарын 20-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Төсвийн тодотголыг хэлэлцэхийн өмнө Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөл дүгнэлтээ гаргах шаардлагатай бөгөөд үүнд хуулиар 14 хоногийн хугацаа шаардагддаг. Эдгээр дүгнэлт УИХ-д ирэх нөхцөл бүрдсэн тул ээлжит бус чуулганыг хуралдуулах боломжтой болсон гэж УИХ-ын дарга С.Бямбацогт тайлбарлажээ.
Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийн тодотголоор 1.4 их наяд төгрөгийн зардлыг хэмнэж, хэмнэсэн эх үүсвэрийг боловсрол, эрүүл мэндийн салбарын цалин, ахмадын тэтгэвэр, хүнс болон шатахууны нөөц, эрчим хүчний салбарын дэмжлэг зэрэгт чиглүүлэхээр тусгасан байна. Тодруулбал, урсгал зардлаас 433.4 тэрбум, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг бууруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга мөн сөрөг хүчний зүгээс ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж байсан ч Засгийн газрыг огцруулах асуудлыг албан ёсоор өргөн мэдүүлээгүй гэдгийг тодотгосон байна. Иймээс энэ удаагийн ээлжит бус чуулганаар бусад асуудал хэлэлцэхгүй, төсвийн тодотголд төвлөрөх аж.
Хэн юу хэлэв...
ТТГ-ын дарга Жон Рэтклифф Москвад нууц айлчлал хийжээ
АНУ-ын Тагнуулын төв газрын дарга Жон Рэтклифф Москвад айлчилж, Оросын тагнуулын байгууллагын удирдлагуудтай уулзсан талаар Кремль мэдээллээ. Хоёр улсын харилцаа хурцадмал хэвээр байгаа үед болсон уг айлчлалыг Ассошиэйтед Пресс агентлаг ховор тохиолддог өндөр түвшний тагнуулын харилцаа гэж тодорхойлжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковын мэдээлснээр Рэтклифф ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаагүй бөгөөд хэлэлцээ хоёр улсын тагнуулын байгууллагын түвшинд болжээ. Путин уулзалтын талаар мэдээлэл авсан ч ямар асуудал хэлэлцсэнийг Кремль задруулаагүй байна.
Оросын төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр АНУ-ын цэргийн нисэх онгоц наймдугаар сарын 25-нд Москвагийн Внуково нисэх онгоцны буудалд газардаж, мөн өдөр буцжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Рэтклиффийн айлчлалын ач холбогдлыг хэтрүүлэх хэрэггүй гэсэн байр суурь илэрхийлж, үүнийг “хагас энгийн, тогтмол шинжтэй” уулзалт хэмээн тодорхойлсон байна.
Песков хоёр улсын тагнуулын байгууллагуудын шууд харилцаа үргэлжилж буйг эерэг үзэгдэл хэмээн үнэлсэн ч Орос, АНУ-ын харилцаа “гүн хямралын байдалд” хэвээр байгааг онцолжээ. Рэтклиффийн айлчлал хоёр улсын харилцаанд ямар нөлөө үзүүлэхийг хэлэхэд эрт байна гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Оросын аюулгүй байдлын байгууллагуудыг судалдаг шинжээч Андрей Солдатов ийм түвшний уулзалт тогтмол болдоггүйг онцолжээ. Москва, Вашингтон хоёр тагнуулын байгууллагын шууд холбооны сувгийг 1980-аад оноос хадгалж ирсэн бөгөөд хоёр улсын иргэд, аюулгүй байдлын ашиг сонирхолтой холбоотой яаралтай асуудал үүсэхэд ашигладаг аж.
Энэ удаагийн хэлэлцээний агуулгыг албан ёсоор зарлаагүй. Солдатовын таамгаар Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн алба хаагчид, байгууламжийн аюулгүй байдал болон Орос–Ираны харилцаатай холбоотой асуудал хэлэлцсэн байх боломжтой ч энэ нь албан ёсоор баталгаажаагүй байна.
Хэн юу хэлэв...
Г.Дамдинням: Үүргээ биелүүлэхгүй байгаа шатахуун импортлогчдын тусгай зөвшөөрлийг цуцална
-
Дэлхий нийтээр..2024/10/24
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо
-
Дэлхий нийтээр..2021/04/08
Нийслэлийн хэмжээнд 480 удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгджээ
-
Үйл явдал2025/04/16
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Дэлхий нийтээр..2021/04/22
Өмгөөлөгч Б.Баасанцогт Б.Сүндэръяад “Балетын төлбөр” гэх гүйлгээний ...
