Үйл явдал
Цахим гэмт хэргээс сэрэмжлүүлж байна
Иргэд цахим орчинд мэдээллээ алдсанаас болж бусдад залилуулах явдал цөөнгүй гарах болжээ. Цахим луйврын цаана иргэд мэдээллээ санаандгүй бусдад алдах, тухайлбал найз нөхдийнх нь нэрээр үүсгэсэн Хуурамч хаягуудад итгэн мэдээллээ алдах нь элбэг байна. Гэмт этгээдүүд цахим орчин дахь тухайн хүний мэдээлэл, үйл хөдлөлийг нарийн судалж, түүнийгээ ашиглан залилах, хуурамч аппликейшн ашиглан хувь хүн, байгууллагын нууц мэдээлэлд нэвтрэх зэрэг үйлдлүүдээр дамжин луйвар залилан үйлддэг байна. Манай улсад 2006-2007 онуудад компьютер, мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг тус бүр нэг удаа гарч бүртгэгдсэн нь тухайн гэмт хэрэг тогтвортой байгааг харуулж байна. Гэвч техник хөгжсөн өнөө үед манай улсын албан байгууллага болгон интернэтэд холбогдож тэр хэрээр байгууллага, иргэд кибер гэмт хэрэгт өртөж хохирогч болж байна.
Цахим шуудангийн луйвар: Манай улсын гадаад худалдаа эрхэлдэг иргэн аж ахуйн нэгж байгууллагууд харилцагч талаас ирсэн цахим шууданд төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээж авдаг ба тус шилжүүлгийг хийснээр цахим шуудангийн луйврын хохирогч болдог.
Романс луйвар: Интернэт орчинд харилцаа тогтоон хүний итгэлийг олж аван улмаар үүнийгээ ашиглан залилангийн гэмт хэрэг үйлдэхийг романс луйвар гэж ойлгож болно. Банкны залилан: Таны мэйл хаягт банкны албан ёсны мэт хуурамч мэйл хаяг ирэх ба танаас мэдээлэл асууж, баталгаажуулахыг шаарддаг. Банк хэзээ ч таны хувийн мэдээллийг асууж мэйл явуулдаггүй гэдгийг үргэлж сана.
Үнэгүй бараа: Гэмт этгээдүүд онлайнаар олон улсад нэр хүндтэй хүмүүс болон байгууллагын нэрийг барьж та азтан боллоо, та үнэгүй авах боломжтой бараагаа авахын тулд таны кредит карт, гэрийн хаяг болно бусад мэдээллийг асуух болно. Хэрэв та өөрийн мэдээллээ өгсөн тохиолдолд дансан дахь мөнгөө алдах эрсдэлтэй.
Мөнгө гуйх: Онлайнаар таны танилын хаягаас эсвэл таны танилын хаягтай төсөөтэй хуурамч хаягаас тань руу яаралтай мөнгө зээлээч, өнөөдөр орой эсвэл маргааш өглөө өгнө, хүүтэй нь хамт өгнө гэж урьдчилан бэлтгэсэн дансанд хохирогчоос мөнгийг нь залилж авдаг.
Иймд иргэд та бүхэн өөрийн танихгүй хүнийг сошиал орчинд хүрээлэлдээ оруулахгүй байх, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцалж гэмт этгээдүүдийн бай болохгүй байх, хэрвээ дээрхтэй ижил төстэй байдлаар харилцан, өөрөөс тань мөнгө шилжүүлэхийг хүссэн бол цагдаагийн байгууллагад яаралтай хандана уу!
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


