Дэлхий нийтээр..
“Өвсний үндэс” хөтөлбөрийн 217.1 мянган ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа
Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-аар хэрэгжих Хавдар судлалын үндэсний төвийн цэвэр ус түгээх системийн засварын төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.
Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши, ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү нар гарын үсэг зурж баталгаажуулсан төслөөр “Өвсний үндэс” хөтөлбөрөөс 217.1 мянган ам.долларын санхүүжилтээр тус төвийн хуучирч муудсан цэвэр ус түгээх системийг иж бүрэн шинэчлэх ажлыг хийх юм.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд болсон энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Х.Кобаяши болон ЭСЯ-ны ажилтнууд, ХСҮТ-ийн төлөөлөл оролцов.
Энэхүү төсөл нь “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжийн 593 дахь, ХСҮТ-д хэрэгжиж буй гурав дахь төсөл бөгөөд үр дүнд нь олон жилийн эдэлгээний явцад хуучирч муудан байнга ус алдаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл учруулж байсан бэрхшээл арилж эмнэлгийн эрүүл ахуйн орчин сайжирч, эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлэхэд нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтойг Элчин сайд Х.Кобаяши онцлон тэмдэглэсэн.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, уян хатан төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж хэрэгжүүлэх замаар салбарын хөгжилд бодитой дэмжлэг туслалцаа үзүүлж байдаг Японы ард түмэнд гүн талархал илэрхийлээд “Эрүүл мэндийн салбарт Япон улстай 1990 оноос хойш идэвхтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх, техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрүүдийг ЖАЙКА-Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаар дамжуулан хамтран хэрэгжүүлж ирсэн.
Тэдгээрийн нэг хэсэг нь Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” бөгөөд уг хөтөлбөрийн хүрээнд 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл 593 дахь төслөө эхлүүлж буйд баяртай байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт анх 1990 онд В гепатитын вакцин үйлдвэрлэх технологийг сайжруулах төсөл хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын аймаг, сумдын болон нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын засвар үйлчилгээ, тохижилтыг хийх, шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангах зэргээр аймаг, нийслэл, сумдын эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой жижиг, дунд хэмжээний цаг үеэ олсон, уян хатан төслүүдийг амжилттай хэрэгжүүлж ирсэн билээ.
Өнөөдөр мөн энэ хөтөлбөрийн хүрээнд дахин нэг шинэ төслийг Хавдар судлалын үндэсний төвд хэрэгжүүлэх гэрээг байгуулж байна.
Эрүүл мэндийн салбарт “Өвсний үндэс” хөтөлбөрөөс гадна Япон улстай хамтран хэрэгжүүлж байгаа өөр олон төсөл, хөтөлбөр байдаг бөгөөд цаашид ЭМЯ-ны зүгээс харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, нягт хамтран ажиллах болно” хэмээсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийг нь ХСҮТ-ийн захирал 2018 оны зун үргэлжилж орсон борооны улмаас ХСҮТ усанд автахад тухайн үеийн Элчин Масато гуай сонин дээрээс уншлаа гэсээр өөрөө хүрч ирж уулзан дээврийн засварын санхүүжилтийг шийдэж өгсний ачаар дээврээс ус гоожих тухай асуудал үгүй болсон тухай дурсаад орлуулашгүй эмчилгээ хийдэг учир зөөлөн, эрдэсгүй чанар сайтай ус хэрэглэх зайлшгүй шаардлага байдаг тул цэвэр усны системийн шинэчлэлийн асуудлыг шийдэж өгч буйд талархал илэрхийлэв.
ХСҮТ-ийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү монголчуудын асуудлыг эгээ өөрсдийнхөө мэт үзэж тулгамдсан асуудлыг минь шийдвэрлэхэд гүн туслалцаа үзүүлж буй Японы ЭСЯ-ныханд талархал илэрхийлээд төслийн ажлыг хугацаанд нь чанартай хийхэд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр тус төв Япон улсын тусламжаар 2000 онд анх удаа “Олимпус” дурангийн аппараттай болсон нь хавдрын оношлогоог шинэ шатанд гаргах эхлэлийг тавьсан төдийгүй өнөөг хүртэл сугалтын зориулалтаар ашиглаж байгааг дуулгаад тус улсад бэлтгэгдсэн өндөр мэргэжлийн чадварлаг эмч нар Монгол Улсад хавдрын өвчлөлийг эмчилж анагаах үйлсийн тэргүүн эгнээнд зүтгэж явааг дуулгалаа.
Дэлхий нийтээр..
Европын хэд хэдэн улсад Палестиныг дэмжсэн жагсаал боллоо
Жагсагчид Их Британийг Израильд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг шаардсан, Палестиныг чөлөөлөхийг уриалсан, Газын зурвас дахь цэргийн ажиллагааг зогсоохыг шаардсан олон төрлийн уриа лоозон барьсан юм. Мөн олон жагсагч эгнэн зогсож, Газын зурвас дахь мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн хүмүүсийн нэрсийг цээжиндээ зүүсэн юм. Тэд ийм аргаар дайны харгис хэрцгий байдлыг олон нийтэд илүү тодорхой ойлгуулахыг зорьж байна.
Дэлхий нийтээр..
Балбын үер, нурангийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрчээ
Балбын хойд хэсэгт өнгөрсөн сард болсон гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 1451-д хүрснийг тус улсын цагдаагийн байгууллага мэдээлжээ. Есдүгээр сарын 20-ны 17:00 цагийн байдлаар аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж, 6000 орчим хүн сураггүй хэвээр байна.
Гамшиг наймдугаар сарын 26-нд Балба, Хятадын Төвөдийн хил орчмын өндөр уулын бүсэд мөсөн гол, хад чулуулгийн их хэмжээний нуранги үүссэнээс эхэлжээ. Нурангиас үүссэн лаг шавар, мөс, чулуулгийн урсгал Бхоте Коши болон Тришули голын сав дагуу бараг 100 км үргэлжилж, суурин газар, зам, гүүр, усан цахилгаан станцуудыг сүйтгэсэн байна.
АНУ-ын Геологийн албаны урьдчилсан дүгнэлтээр энэ үйл явдал нь ердийн газар хөдлөлт бус, мөсөн гол оролцсон уулын хажуугийн асар их нуралтаас эхэлсэн бөгөөд үүний дараа хүчтэй үер, хурдас чулуулгийн урсгал үүсчээ.
Олон мянган хүн сураггүй хэвээр байгаа тул эрэн хайх, цогцос таних ажиллагаа үргэлжилж байна. Эрх баригчид танигдаагүй цогцоснуудын ДНХ-ийн дээжийг авч, ар гэрийнхний сорьцтой тулган тогтоох ажлыг явуулж байгаа юм.
Дэлхий нийтээр..
Герман нисэх буудлын дроны хэрэгт Оросыг буруутгав
Германы эрх баригчид өнгөрсөн наймдугаар сард Лейпциг-Халле нисэх буудлаас тэсрэх бодис бүхий дрон илэрсэн хэрэгт Оросын тал холбоотой гэж дүгнэжээ. Харин Москва уг мэдээллийг няцааж, Германы буруутгалыг үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн байна.
Наймдугаар сарын 4-ний орой Украины “Антонов Эйрлайнс” компанийн ачааны онгоц байрлаж байсан хэсгийн ойролцоо тэсрэх бодис тээсэн дрон илэрч, нисэх буудлын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоожээ. Тэсрэх бодисыг тусгай робот ашиглан аюулгүй болгосон бол өөр нэг дрон нисэх онгоцтой мөргөлдсөний дараа устсан гэх мэдээлэл байна.
Германы Дотоод хэргийн сайд Александер Добриндтын мэдээлснээр, мөрдөн шалгалтаар дроны хийц, ашигласан эд анги нь Орос-Украины дайнд хэрэглэгдэж буй зарим төхөөрөмжтэй ижил төстэй байсныг тогтоосон байна. Тэрбээр цагдаагийн мөрдөн шалгалт болон тагнуулын байгууллагын мэдээлэл Оросын оролцоог нотолж байна гэж мэдэгджээ. Гэхдээ Германы Засгийн газар Москваг уг хэрэгтэй шууд холбосон бүх нотлох баримтаа олон нийтэд дэлгээгүй байна.
Үүний дараа Герман Бонн хот дахь Оросын консулын газрыг есдүгээр сарын 18-наас хаах, Берлин дэх Оросын соёлын төвийн үйл ажиллагааг зогсоохоор шийдвэрлэжээ. Мөн ОХУ-ын Элчин сайдыг Гадаад хэргийн яамандаа дуудан тайлбар шаардсан бөгөөд Европын холбооны хориг арга хэмжээний жагсаалтыг өргөжүүлэх санал гаргахаар болсон байна.
ОХУ-ын Берлин дэх Элчин сайдын яам Германы буруутгалыг “утгагүй” гэж няцаасан байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн Германы Засгийн газар дотоодын улс төрийн асуудлаасаа анхаарал сарниулахын тулд Москваг буруутгаж байна хэмээн мэдэгджээ.
Польш, Их Британи, Итали, Швед, Чех зэрэг НАТО-гийн хэд хэдэн улс Германы байр суурийг дэмжсэн бол Европын холбоо уг асуудлаар нэгдсэн хариу арга хэмжээ хэлэлцэхээр төлөвлөж байна.
-
Дэлхий нийтээр..2022/02/21
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Үйл явдал2025/05/16
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
-
Тод зураг2020/06/10
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг нэмэгдүүллээ
-
Дэлхий нийтээр..2025/10/27
Түлш тээврийн гэрээгээ муу биелүүлсэн 2 компанийг хар жаргаалтад оруулжээ
