Дэлхий нийтээр..
Файзeр вакцины эхний ээлжийн 84240 тунг хүлээн авлаа
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд 2.35 сая тун Pfizer вакцин манай улсад нийлүүлэгдэхээс эхний 84240 тун вакциныг 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авлаа.
Шадар сайд С.Амарсайхан цар тахлын амаргүй бэрх цагт буцалтгүй тусламж үзүүлж буй Япон Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-д Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв.
Тэрээр мөн манай Стратегийн түнш бөгөөд гуравдагч хөрш Япон Улсын Засгийн газар вакцины тусламжаас гадна Монгол Улсад нэн хөнгөлөлттэй зээл олгох, эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх, эрүүл мэндийн салбарын боловсон хүчинг бэлтгэх зэргээр хоёр талын болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд өргөн хүрээтэй дэмжлэг туслалцаа үзүүлж байгааг онцлон тэмдэглэв.

Эхний ээлжид ирсэн файзeр вакцинаар жирэмсэн болон хөхүүл эхчүүд, 17-гоос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах аж. Элчин сайд Кобаяши Хироюки “Pfizer вакцины 2.5 сая тунгаас Японы засгийн газар 2.35 саяыг худалдан авахад санхүүжилт олгож буйдаа таатай байна. Япон улс НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтарч дэмжлэг үзүүлж байгаа нь вакцинжуулалтын хөтөлбөрийг улам бэхжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн үйл ажиллагааг сэргээхэд дэмжлэг болно гэж би итгэж байна” гэж хэллээ.
Мөн энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс хэлэхдээ “Монгол Улс цар тахлын эсрэг хэрэгжүүлж буй арга хэмжээнд Япон улсын засгийн газраас санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад НҮБ-ын Хүүхдийн Сангийн өмнөөс талархалаа илэрхийлэхийн сацуу вакцинжуулалтын ажлыг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт баяр хүргэе. Өнөөдөр бидний хүлээн авч буй вакциныг дархлаажуулалтад хамрагдах боломжгүй байсан иргэдэд зориулж байгаагаараа онцлог юм” гэлээ.

Вакцин хүлээн авах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-ийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.




Дэлхий нийтээр..
Ши Жиньпин, Доналд Трамп нар Бээжинд уулзаж, хоёр улсын харилцааны гол асуудлуудыг хэлэлцэж байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Бээжин хотноо хэлэлцээ хийж байна. Олон улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар, хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтаар худалдаа, тариф, Тайванийн асуудал, хиймэл оюун ухаан, мөн Ираны нөхцөл байдал зэрэг олон улсын анхаарал татсан сэдвүүдийг хэлэлцэж байна.
“Reuters” агентлагийн мэдээлснээр, энэ удаагийн уулзалт АНУ, БНХАУ-ын худалдааны түр тохиролцоог баталгаажуулах, хоёр талын эдийн засаг, технологийн салбар дахь маргаантай асуудлуудыг хэлэлцэх өндөр ач холбогдолтой уулзалт болж байна. АНУ-ын тал Хятадтай худалдаа, хиймэл оюун ухаан, чип үйлдвэрлэл, нисэхийн салбар дахь хамтын ажиллагаа болон Америкийн компаниудын Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг хөндөж байгаа талаар мэдээлжээ.
Уулзалтын бас нэг гол сэдэв нь Тайванийн асуудал байна. Бээжин АНУ-ын Тайваньд үзүүлж буй дэмжлэг, зэвсгийн худалдаанд эсэргүүцэл илэрхийлсээр байгаа бол Вашингтон Тайванийн асуудлаарх бодлогодоо өөрчлөлт ороогүй гэж өмнө нь мэдэгдсэн байна. Тайвань нь АНУ, БНХАУ-ын харилцааны хамгийн эмзэг сэдвүүдийн нэг хэвээр байгааг ажиглагчид онцолж байна.
Мөн АНУ-ын тал Ираны нөхцөл байдалтай холбоотойгоор Хятад улс Тегеранд үзүүлэх нөлөөгөө ашиглан хурцадмал байдлыг намжаахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаа талаар “Reuters” мэдээлэв. Гэхдээ шинжээчид Бээжин Ираны эсрэг хатуу байр суурь баримтлах магадлал бага гэж үзэж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп уулзалтын эхэнд Ши Жиньпинийг “агуу удирдагч” хэмээн тодорхойлж, энэ уулзалтыг томоохон ач холбогдолтой гэж үнэлсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна. Харин БНХАУ-ын тал хоёр улсын харилцааны тогтвортой байдал нь дэлхийн эдийн засаг, олон улсын аюулгүй байдалд чухал нөлөөтэйг онцолжээ.
Уулзалтын хүрээнд хоёр талын албан ёсны хэлэлцээ, төрийн хүндэтгэлийн арга хэмжээ болон бизнесийн хүрээний уулзалтууд болох төлөвтэй байна. АНУ-ын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд технологи, санхүү, үйлдвэрлэлийн салбарын томоохон компанийн удирдлагууд багтсан нь энэ удаагийн айлчлал эдийн засаг, технологийн хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Дэлхий нийтээр..
Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүд дахин нүүр тулан уулзана
Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 13-15-ны хооронд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
Энэ нь Хятад, АНУ-ын төрийн тэргүүнүүдийн өнгөрсөн оны 10-р сард Пусан хотод уулзсаны дараа хоёр дахь удаагаа нүүр тулан уулзах бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн есөн жилийн хугацаанд Хятадад хийсэн анхны айлчлал юм. Хоёр орны тэргүүн Хятад, Америкийн харилцаа, дэлхийн энх тайван, хөгжлийн гол асуудлаар гүнзгий санал солилцох болно.
Дэлхий нийтээр..
Украйн: Батлан хамгаалахын салбарын албан хаагчид 9 жилийн хорих ял оноов
Украин улсын Авлигын эсрэг дээд шүүх “Красиловын агрегатын үйлдвэр” төрийн өмчит компанийн үйлдвэрийн хэлтсийн даргыг хахууль авсан хэрэгт буруутай гэж үзэн 9 жилийн хорих ял оноосон байна.
Уг этгээд нь бизнес эрхлэгчээс 1,990,840 гривень (161,8 сая төгрөг)-тэй тэнцэх хэмжээний хахууль авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогджээ. Үүний хариуд бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулах болон хүлээн авах явцад саад учруулахгүй байх, төлбөрийг баталгаажуулах, цаашдын хамтын ажиллагааг дэмжих талаар амлалт өгсөн байв.
Авлигын эсрэг дээд шүүхээс түүнийг Украины Эрүүгийн хуулийн 368 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу хорих ялаас гадна өмчийн тодорхой хэсгийг хураах, удирдах албан тушаал эрхлэх эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргасан байна. Мөн шүүхээс гарсан шийдвэрийг 30 хоногийн дотор давж заалдах боломжтой талаар мэдэгджээ.
