Тод мэдээ
Улсын хэмжээнд 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийгджээ

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны “2023-2024 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлах тухай” 49 дүгээр тогтоолд заасан “Шил ажиллагаа”-ны хүрээнд ЦХХХЯ өнгөрсөн долоо хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
1. Улсын хэмжээнд нийт 36 тусгай хамгаалалттай газар нутаг байдгаас 17 тусгай хамгаалалттай газар нутагт газар олголт хийсэн байна. Үүнээс эхний ээлжинд Богдхан уулын дархан цаазат газар (2973га) болон Хөвсгөлийн байгалийн цогцолборын (501га) газар нийт тусгай хамгаалалттай 3474 га газрын мэдээлэл ил болсон. Газар эзэмшигчээр авч үзвэл 1071 иргэнд 299 га, 887 байгууллагад 3175 га олгосон байна.
2. Улсын хэмжээнд нийт 23 Засгийн газрын Тусгай сан байдгаас эхний ээлжинд 12 тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын талаарх мэдээллийг ил тод, нээлттэй болгох тухай албан хүсэлтийг 9 сайдад 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдөр хүргүүлээд байна.
3. Нээлттэй мэдээллийн үнэлгээ өнгөрсөн 7 хоногт аймаг, нийслэлийн хувьд дунджаар 43.03 хувьтай байсан бол 47.3 хувь, яамд дунджаар 66.09 хувьтай байсан бол 71.56 хувь болж тус тус өссөн байна.
4. БОАЖЯ-наас олгодог Байгаль орчин, уур амьсгалын сангийн санхүүжилттэй холбоотой 2020 оноос хойших мэдээллийг нээлттэй болгосон.
5. 2023 оны гуравдугаар сарын 27-ны өдөр 9 байгууллагын 3450 тусгай зөвшөөрөл нээлттэй болсон бол өнөөдрийн байдлаар shilen.gov.mn системд 18 байгууллагын 13586 тусгай зөвшөөрлийн мэдээлэл нээлттэй болсон байна гэж Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Тод мэдээ
Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд 2025 оны долоодугаар сарын 03-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Уянга, Г.Хосбаяр нар Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.
Тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд:
- Төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллага нь тухайн байгууллагын судалгааны үндсэн чиглэлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсан сонгон шалгаруулалтад оролцоход тендерийн болон гүйцэтгэлийн баталгаанаас чөлөөлөх тухай зохицуулалтыг тусгасан.
- Үндэсний эрдэм шинжилгээний бүтээлийн нэгдсэн санг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, мэдлэгийн дата төв байгуулж, ил тод байлгах зохицуулалтыг тусгасан. Үүнийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 42-р зүйлийн 42.2 буюу захиалагчийн эрх үүрэгт судалгааны ажлыг ил тод байлгах үүргийг тусгах байдлаар, ингэхдээ энэхүү үүргээ ШУТ сангийн цахим хуудаст байршуулах, шинээр MORI платформ үүсгэх, tendergov.mn сайтад байршуулах, эсхүл www.sudalgaa.gov.mn үндэсний судалгааны нэгдсэн платформд байршуулах замаар шилэн болгох зохицуулалтыг тусгажээ.
- Хуулийн 18-р зүйлийн 18.2.2-ийг “Дээд боловсролын тухай хуулийн 4.1.4-т заасан судалгааны их сургууль” гэж өөрчилсөн.
- Хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгээс “Үндэсний хорооны тогтоол, зөвлөмжийг үндэслэн” гэсэн агуулгыг хасах тухай заалтыг оруулсан байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Тод мэдээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алджээ
Унадаг дугуйтай бага насны хүүхэд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ ачааны машинд дайруулж, амь насаа алдсан гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, энэ оны зургаадугаар сарын 27-ны өдөр Увс аймгийн цагдаагийн газарт “Гурван замын уулзварт ачааны автомашин унадаг дугуйтай хүүхэд дайрсан байна” гэсэн мэдээллийг ирүүлсэн байна.
Тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид шалгалтын ажиллагааг явуулахад урьдчилсан байдлаар иргэн “Б” нь HOWO ZZ3257 маркийн улсын дугаартай автомашиныг жолоодож яваад унадаг дугуй унаж явсан бага насны хүүхдийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай нөхцөл байдал тогтоогдоод байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэн эдгээр өдрүүдэд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах, хүүхдийг унадаг дугуй, суррон, скүүтэртэй Замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, Жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүлж байна.
Тод мэдээ
Тэтгэврийн зээлд тавьсан хязгаарлалтыг цуцлах асуудлаар санал нэгдлээ
Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 5050 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна. Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Мөн Ерөнхий сайд Г.Занданшатар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтарч ажиллахыг хүслээ.
-
Тод мэдээ2022/05/02
УИХ: Намын бүлэг, ажлын хэсэг өнөөдөр хуралдана
-
Тод мэдээ2025/03/14
Польш-Монголын бизнес форумд 180 гаруй аж ахуйн нэгж оролцлоо
-
Өнөөдөр2020/07/11
Үндэсний их баяр наадмын өнөөөдрийн хөтөлбөр
-
Өнөөдөр2021/10/28
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 4378 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ