Чөлөөт бүс
Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай зөвлөмж
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр нь хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн нэг бөгөөд Засгийн газрын 2011 оны 303 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний хөтөлбөрт хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах асуудлыг тусгайлан авч үзсэн төдийгүй ийм төрлийн хөдөлмөр эрхлүүлсний улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд нь хохирсон бол гэм буруутай этгээдээс нөхөн төлбөр гаргуулах эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилт тавьсан билээ.
Энэхүү зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангаж байгаа эсэхэд хяналт шалгалт хийх ажлыг орон даяар зохион байгуулахаар тусгасан юм.
Монголын үндэсний их өв соёлын нэг болсон хурдан морины уралдаан, уяачдын эрдэм ухааныг дэлхий нийтэд сурталчлан таниулах нь монгол хүн бүрийн хувьд нэр төрийн хэрэг бөгөөд манай уяачид хурдан хүлгээ сойж үндэсний их баяр наадамдаа хүлэг морьдоо уралдуулж, айраг түрүү авч баясан цэнгэдэг уламжлалт зан үйл болох цаг хугацаа ирж байна.

Энэ үед морь унаач хүүхдийн эрүүл мэнд, амь нас, эрх ашгийг хамгаалах, аюулгүй байдлыг бүрэн хангах асуудал уяачид, наадмын комисс, морь унаач хүүхдүүдийн эцэг эх, хяналт шалгалтын болон хүүхдийн байгууллагуудын нэн чухал үүрэг болж байна.
2017-2018 онуудад нийт 121450 морийг 71121 хүүхэд унаж уралдсанаас 942 хүүхэд мориноос унаж 22 хүүхэд хүнд гэмтэл авч 1 хүүхэд тахир дутуу болсон байна.
Үндэсний их баяр наадмын тухай хууль, Орон нутагт болох хурдан морины уралдааны явцад унаач хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах журам, Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага МNS 6264:2018 стандарт зэрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын газар, хэлтсүүд доорхи арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1.Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих стандартад заасан хамгаалах хэрэгсэлээр хангах, анхааруулга, санамж, стандартыг морь уралдуулж буй эздэд хүргүүлэх,
2.Хамгаалах хэрэгсэл хувцасгүй хүүхдээр морь унуулж уралдуулахгүй байхыг аймаг, нийслэл, дүүрэг сумдын Морин спорт уяачдын холбоо түүний салбар хороо, баяр наадмын комисст урьдчилан анхааруулах, шаардлагыг биелүүлээгүйгээс үүдэх эрсдэлийг хариуцаж ажиллахыг хуулийн хүрээнд сануулан мэдэгдэх,
3.Морин уралдааны үед тавих хяналтыг орон нутгийн хүүхдийн байгууллагын ажилтнуудтай хамтран гүйцэтгэх,
4."Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага" (ММЗ 6264:2018) стандартыг хангаж ажиллаагүй уяачдын холбоо, наадмыг зохион байгуулах комиссыг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр олон нийтэд зарлан мэдээлэх,
5.Сум, багийн хүрээний бэсрэг наадам, их богино сунгаа, овоо тахилга, бооцоот уралдааны үед морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах асуудал үндсэндээ орхигдож унаач хүүхдүүд эрсдэлд өртөх явдал их байгаад онцгой анхаарч тухайн баярын арга хэмжээг санаачлан зохион байгуулж байгаа этгээд хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаад хяналт тавих асуудлыг сум, дүүрэг, баг, хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн хариуцан зохион байгуулж байхаар хамтран ажиллах гэрээнд тусган хэрэгжүүлэх,
6.Морь унаж буй хүүхдийн эцэг эх,, уяачдын хооронд гэрээ байгуулах ажилд хяналт тавих, морь унах хүүхдийн насны доод хязгаарыг "Үндэсний их баяр наадмын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь заалт /Баяр наадмын хурдан морийг 7-оос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд даатгуулсан байна/-тай нийцүүлэх, учирч болох эрсдэлийг хэрхэн зохицуулах, унаач хүүхдэд өгөх цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хууль эрх зүйн актыг зөрчсөн тохиолдолд хүлээх хариуцлагыг тодорхой тусгуулах арга хэмжээ авах,
7. Морь унаач хүүхдийн аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт хийх тухай 2019 оны 01/41 тоот удирдамжийн дагуу арга хэмжээ зохион байгуулж тайлан мэдээг хугацаанд өгөх,
Зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллаагүйгээс гарсан зөрчил дутагдлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Морин спорт уяачдын холбоо, наадмын комисс болон морь унаач хүүхдийн эцэг эх хариуцах ёстойг анхааруулж байна.
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Чөлөөт бүс
Өмнөд Хятадын тэнгисийг захирч асан Улаан далбаат флот
Арван есдүгээр зууны эхэн үед Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь хяналтдаа авч байсан Улаан далбаат флот хэмээх далайн дээрэмчдийн нэгдэл түүхэнд хамгийн хүчирхэгт тооцогддог байна. Тухайн үед энэ флотын хүч зарим улсын тэнгисийн цэргээс ч илүү байсан гэж судлаачид үздэг.
Улаан далбаат флот нь олон жижиг дээрэмчдийн бүлгүүд нэгдэн байгуулагдсан том холбоо байжээ. Тэдний мэдэлд хэдэн зуун хөлөг онгоц, хэдэн арван мянган далайн дээрэмчин байсан бөгөөд Өмнөд Хятадын тэнгисийн худалдааны замыг хянаж, худалдааны хөлөг онгоцноос татвар авч байв. Хятад, Вьетнам, Тайвань, Макао орчмын усан замыг тэдний зөвшөөрөлгүйгээр ашиглахад бэрх болсон байна.
Энэхүү флотын хамгийн онцлог нь эмэгтэй удирдагчтай байсан явдал юм. Чин Ши хэмээх эмэгтэй нөхрийнхөө нас барсны дараа флотыг удирдаж, бүх далайн дээрэмчдийн бүлгийг нэгтгэж чадсан байна. Тэрбээр маш хатуу дүрэм тогтоож, тушаал зөрчсөн, олз нууцалсан, сахилга бат алдагдуулсан тохиолдолд хатуу шийтгэл оногдуулдаг байжээ. Энэ нь флотын зохион байгуулалтыг сайжруулж, хүчийг нь улам нэмэгдүүлсэн гэж үздэг.
Хятадын эзэнт гүрэн болон бусад орны тэнгисийн хүчин Улаан далбаат флотыг дарахаар хэд хэдэн удаа оролдсон ч амжилт олоогүй байна. Эцэст нь Хятадын эрх баригчид тэдэнтэй хэлэлцээр хийж, өршөөл үзүүлэхээр тохиролцсон байдаг. Ингэснээр Улаан далбаат флотын удирдагч Чин Ши олз хөрөнгөө хадгалан тайван амьдралд шилжсэн нь түүхэнд ховор тохиолдолд тооцогддог.
Судлаачдын үзэж буйгаар Улаан далбаат флот нь далайн дээрэмчдийн түүхэнд хамгийн том, хамгийн зохион байгуулалттай хүч байсан бөгөөд тухайн үед Өмнөд Хятадын тэнгисийн худалдаа, тээврийн аюулгүй байдалд ихээхэн нөлөө үзүүлж байжээ.
Чөлөөт бүс
Хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар луу нисэв
АНУ 2026 оны дөрөвдүгээр сарын 1-нд Сар руу чиглэсэн Артемис хоёр хөтөлбөрийн нислэгийг амжилттай хөөргөлөө. Энэ нь 1972 оноос хойш буюу 50 гаруй жилийн дараа хүнтэй Сарны нислэг хийж буй анхны тохиолдол боллоо.
Сансрын хөлөг Флорида муж дахь Кеннедигийн сансрын төвөөс хөөрч, дөрвөн сансрын нисэгчийг Сарны тойрог нислэгт илгээжээ. Нислэгт
- Рейд Уайзман
- Виктор Гловер
- Кристина Кох
- Канадын сансрын нисэгч Жереми Хансен
нар оролцож байна.
Энэхүү нислэг ойролцоогоор 10 хоног үргэлжлэх бөгөөд сансрын хөлөг Сарны орчимд тойрон нисээд дэлхийд буцаж ирэх төлөвтэй. Энэ удаагийн нислэг Сар дээр буухгүй ч ирээдүйн хүнтэй буултын бэлтгэл туршилтын гол шат гэж үзэж байна.
Артемис хоёр хөтөлбөрийн хүрээнд:
- Сансрын хөлгийн системүүдийг турших
- Амьдрах орчны төхөөрөмж шалгах
- Сарны өмнөд туйлын бүсийг судлах
- Ирээдүйн буултын бэлтгэл хийх
зорилго дэвшүүлжээ.
Энэ нислэг амжилттай болвол:
- 2027 онд хүн Сар дээр буух
- 2028 онд Сарны байнгын станц байгуулах
төлөвлөгөө хэрэгжих боломжтой гэж АНУ мэдэгдсэн.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү нислэг нь:
- шинэ сансрын өрсөлдөөн
- Сарны нөөцийн судалгаа
- Ангараг гариг руу чиглэх бэлтгэл
гэсэн гурван том зорилгыг давхар эхлүүлж буй үйл явдал болж байна.
Ийнхүү хүн төрөлхтөн 50 гаруй жилийн дараа дахин Сар руу нисэж, сансрын судалгааны шинэ үе эхэлж буйг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна.
Чөлөөт бүс
“No Kings” жагсаал АНУ даяар өрнөв
АНУ-д “No Kings” буюу “Хаангүй улс” уриатай жагсаалууд өнгөрсөн амралтын өдрүүдэд улс даяар өрнөж, олон сая хүн оролцсон талаар олон улсын хэвлэлүүд мэдээллээ.
Мэдээллээр гуравдугаар сарын 28-нд АНУ-ын бүх 50 мужид 3,300 гаруй жагсаал зохион байгуулагдаж, нийт 8 сая орчим хүн оролцсон нь сүүлийн жилүүдийн хамгийн том эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийн нэг болсон гэж зохион байгуулагчид мэдэгджээ.
Жагсаалууд Нью-Йорк, Вашингтон, Чикаго, Миннеаполис, Лос-Анжелес зэрэг томоохон хотуудад өргөн хүрээнд болсон байна. Мөн АНУ-аас гадна Парис, Сидней зэрэг хотуудад дэмжих жагсаал зохион байгуулагдсан талаар мэдээлжээ.
Жагсагчид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын бодлого, гадаад бодлого, Ирантай холбоотой хурцадмал байдал, цагаачлалын бодлого, амьжиргааны өртгийн өсөлтийг эсэргүүцсэн уриа барьсан байна.
Зарим хотуудад жагсаал тайван болсон бол Портланд, Лос-Анжелес, Даллас зэрэг хотод жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан тухай мэдээлжээ.
“No Kings” хөдөлгөөн нь 2025 онд эхэлсэн бөгөөд
- 2025 оны зургаадугаар сар — 5 сая орчим оролцогч
- 2025 оны аравдугаар сар — 7 сая орчим оролцогч
- 2026 оны гуравдугаар сар — 8 сая орчим оролцогч болсноор улам өргөжиж буй улс төрийн эсэргүүцлийн хөдөлгөөн болж байна.
Шинжээчдийн үзэж буйгаар энэхүү жагсаал нь АНУ-ын дотоод улс төрийн хуваагдал нэмэгдэж буйг харуулж байгаа бөгөөд цаашдын улс төрийн нөхцөл байдалд нөлөөлж болзошгүй гэж үзэж байна.
