Үйл явдал
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтайн нутаг, Ховдын хойд, Завханы өмнөд, Баянхонгорын баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар халуун, хуурай салхитай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2023 оны тавдугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутаар баруун хойноос секундэд 7-12 метр, баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр секундэд секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 5-10 хэм, Их нууруудын хотгор, Хангайн уулархаг нутаг, Идэр голын хөндийгөөр 10-15 хэм, Хангайн нурууны өвөр бэл, Орхон, Туул голын хөндий, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна.
2023 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 2-нд баруун аймгуудын нутгийн зарим, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын өмнөд хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Тавдугаар сарын 2 ноос нутгийн хойд хэсгээр сэрүүсч Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас хэм хүйтэн, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +7-12 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.
Үйл явдал
МИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
Монголын үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон Юнител группийн охин компани Toki апп нар хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Энэхүү хамтралын хүрээнд МИАТ компанийн нислэгийн тийзийг Toki апп-р дамжуулан дижиталаар хялбар захиалах үйлчилгээ албан ёсоор нээгдлээ.
2026 онд МИАТ ТӨХК-иар үйлчлүүлэх зорчигчдын тоо 1.2 сая хүрэх төлөвтэй байгаа бөгөөд цаашид энэ тоо тогтмол өсөх хандлагатай байна. Зорчигчдын урсгал нэмэгдэхийн хэрээр нислэгийн тийзийг илүү хурдан, түргэн шуурхай захиалах дижитал шийдлийн хэрэгцээ өссөөр байгаа юм. Иймд МИАТ компани хэрэглэгчдийн өдөр тутмын хэрэглээ болсон Toki супер аппликейшнтэй хамтран, үйлчилгээгээ иргэдэд улам бүр ойртуулж байна.
Тодруулбал, хэрэглэгчид Toki апп-ын “Олон улс” цэснээс МИАТ компанийн бүх чиглэлийн нислэгийн хуваарь, үнийн мэдээллийг цаг алдалгүй харан, тийзээ захиалахаас гадна зээлийн үйлчилгээ ашиглан худалдан авах боломжтой боллоо.
Цаашид талууд гадаад руу зорчихоор төлөвлөж буй иргэддээ нислэгийн лояалти (loyalty) оноог Toki апп дотроосоо зарцуулах, тийзээ хуваан төлөх нөхцөлөөр худалдан авах зэрэг олон давуу талуудыг шат дараатайгаар нэвтрүүлэхээр ярилцав.

Арга хэмжээний үеэр Юнител группийн гүйцэтгэх захирал Д.Жамъяншарав “Иргэний агаарын тээврээр үйлчлүүлэх зорчигчдын тоо нэмэгдэж буйтай холбогдуулан МИАТ компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг иргэдэд хялбар шуурхай хүргэхэд Юнител групп технологийн найдвартай хамтрагчаар ажиллахдаа таатай байна. Цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллах болно.” хэмээн хэллээ.
Ташрамд дурдахад, Toki апп-н төлбөр төлөлт, зогсоол, хэрэглээний төлбөр, онлайн дэлгүүр, powerbank түрээс, family зэрэг үйлчилгээг өдөр тутамд 1 сая гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд энэ жил гадаадад зорчих иргэдэд зориулж олон улсад такси дуудах, төлбөрөө Toki-р төлөх зэрэг олон улсын цогц үйлчилгээнүүдээ нэвтрүүлсэн байна.
Үйл явдал
“Оюу Толгой”-н ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг авч эхэллээ
Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан “Оюу Толгой” ХХК-ийн ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах талаар иргэдийн саналыг “Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-Mongolia)”-ээр авахаар шийдвэрлэсэн. Нээлттэй санал асуулга 2026 оны аравдугаар сарын 14-ний 09 цагт эхэлсэн, энэ сарын 28-ны 22 цаг хүртэл үргэлжилнэ. Иргэн та И-Монголиа, и-засаг цахим системээр саналаа өгөөрэй.
Нээлттэй санал асуулгатай холбогдуулан Ерөнхий сайд Н.Учрал ард иргэддээ хандаж, хэлсэн үгтэй танилцана уу.
Үйл явдал
Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой хүртэл 0.9 км автозам барьж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төслийн талбайд ажиллалаа.
Тус чиглэлд хоёр эгнээтэй, хоёр талдаа явган хүний замтай хатуу хучилттай автозам барьж байгаа бөгөөд гүйцэтгэгчээр “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ ажиллаж байна. Зам ашиглалтад орсноор Санзайн авто замаас Майхан толгой хүртэлх хэсгийн авто замын хүртээмж сайжирна. Мөн явган зорчигчийн аюулгүй байдал хангагдах бөгөөд тоосжилт буурах юм. Замын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

“Шинэ үеийн Улаанбаатар” бодлогын хүрээнд замын зураг төсөл, төлөвлөлтөд онцгой ач холбогдол өгч, ус зайлуулах хоолой, явган болон дугуйн зам, замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, орц, гэрэлтүүлгийг бүрэн шийдвэрлэж ажлыг гүйцэтгэх ёстойг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцоллоо.


-
Үйл явдал2019/11/12
УИХ-ын ажлын хэсгүүд хуралдана
-
Дэлхий нийтээр..2021/01/28
ЗГ: Нэг сая 500 гаруй мянган хүнд “Ковид-19”-ийн шинжилгээ хийгээд б...
-
Дэлхий нийтээр..2021/10/05
БГД-ийн төрийн албан хаагчид багийн менежментээр ажиллах сургалтад хамрагдлаа
-
Дэлхий нийтээр..2024/11/27
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон...
